Search

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн заалтыг буруугаар тайлбарлаж, гол агуулгыг орхигдуулжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2039

Ерөнхий агуулга

“Хассурийн Ганхуяг Монголд Хятадууд визгүй зорчих хуулийн санал өргөн барьжээ. Энэ намар батлагдана л даа” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд “Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль”-ийн төслийн заалтыг бүрэн тайлбарлалгүй, гол агуулгыг орхигдуулж, “Хятад улсын иргэд визгүй Монголд зорчих хуулийн төсөл” гэж буруугаар тайлбарлажээ. Чөлөөт бүстэй хил залгаа улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчих боломжтой ч Монгол Улсын бусад нутаг дэвсгэрт нэтрэхдээ виз шаардлагатай бол хуулийн даруу виз мэдүүлж, зорчих юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 08 дугаар сарын 23-нд Баяраагийн Батхүү нэртэй хаягаас “Хассурийн Ганхуяг Монголд Хятадууд визгүй зорчих хуулийн санал өргөн барьжээ. Энэ намар батлагдана л даа” гэх тайлбартай зураг нийтэлснийг нийт 97 реакц, 80 сэтгэгдлээр идэвхжүүлж 12 удаа цааш түгээжээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Facebook хаягтаа 2026 оны 08 дугаар сарын 21-нд “Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл” өргөн барьсан тухай мэдээлэл нийтэлсэн. Иймд боловсруулж буй эсвэл өргөн барьсан хуулийн төсөл, саналыг нээлттэй байршуулдаг D Parliament сайтаас шүүхэд эл хуулийн төслийг 08 дугаар сарын 21-нд өргөн барьсан ба 9 гишүүн хууль санаачлахад оролцсон хэмээн тэмдэглэжээ. Үүнд УИХ-ын Х.Ганхуяг, Х.Батболд, Ж.Баярмаа, Х.Жангабыл, Ц.Мөнхбат, Б.Пүрэвдорж, П. Сайнзориг, Р.Сэддорж, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар санаачилж, өргөн барьсан байна. 2015 онд батлагдсан “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийг  шинэчилсэн найруулгын хүрээнд нэршлийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон өөрчилж, тусгай бүсүүдийг нэг хуулийн дор зохицуулах боломжтой болно хэмээн Шадар сайдын ажлын албаны ахлах референт Ч.Урангоо тайлбарлажээ.   

Шинээр өргөн барьсан “Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль”-ийн төсөлд эдийн засгийн тусгай бүсийг “Монгол Улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг зааглан хязгаарлаж, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны эрх зүйн онцгой дэглэм тогтоосон нутаг дэвсгэр” гэж тодорхойлсон бөгөөд үйл ажиллагаа чиглэлээс хамаарах дараах чөлөөт бүсэд хуваасан байна. Үүнд:

  • Худалдааны чөлөөт бүс
  • Аж үйлдвэрийн чөлөөт бүс
  • Инноваци, технологийн чөлөөт бүс
  • Аялал жуулчлалын чөлөөт бүс
  • Тээвэр, логистикийн чөлөөт бүс,

Чөлөөт бүсийг “гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий эдийн засгийн тусгай бүсийн хэлбэр” хэмээн тодорхойлсон.  

Шалгасан мэдээлэлд “Монголд Хятадууд визгүй зорчих хуулийн санал өргөн барьжээ” гэж дурдсан. Өргөн барьсан хуулийн төслөөс уг агуулгаар хайхад тухайн чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй зорчих боломжтой хэмээн тусгасан байна. Тодруулбал, тус хуулийн төслийн 11 дүгээр зүйлд чөлөөт бүс дэх визийн тусгай дэглэмийн тухай оруулжээ. Үүнд:

  • “11.1 Хилийн зурваст байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино.
  • 11.2. Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй болон “орох-гарах” визтэй гадаадын иргэн оршин суух болон визийн байх хугацаанд аль ч чөлөөт бүсэд визгүй зорчино.
  • 11.3. Энэ хуулийн 11.1-д заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүний визийн байх хугацаа болон визгүй зорчих хугацааг нэг удаад 30 хүртэл хоногоор сунгаж болно” хэмээн оруулжээ.

Энэ нь тодорхойлсон чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоног хүртэлх хугацаагаар визгүй зорчих, мөн хугацааг нэг удаа дахин 30 хоногоор сунгах боломжтой юм гэсэн үг юм.

Дээрх заалт нь хятад иргэдийг визгүй оруулах гэж тусгасан шинэ зүйл биш юм. 2015 онд баталсан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлд яг ижил өгүүлбэрээр тусгагдсан асуудал юм. Доорх зурагт Чөлөөт бүсийн тухай хуулийн заалтыг харууллаа.

Зургийн эх сурвалж: legalinfo.mn “Чөлөөт бүсийн тухай хууль”

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн 27.3-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн 19.14.1-т “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Хэдий чөлөөт бүсэд визгүй нэвтрэх боломжтой ч Монгол Улсын бусад нутаг дэвсгэрт нэвтрэхийн тулд виз, нэвтрэх зөвшөөрөл шаардлагатай юм. Хэрэв зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар торгуулах, зорчих эрхээ хасуулах, цаашлаад 2 хүртэлх жил хорих ял шийтгэл хүлээнэ.

Мөн гадаад улсын иргэн виз авсан ч энэ нь Монгол Улсад шууд чөлөөтэй нэвтрэх баталгаа болохгүй юм. Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1-т “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна”, 11.6-д “Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй” хэмээн тусгасан байдаг.

Монгол Улсад 2023-2026 оны хооронд визгүй зорчих улсын жагсаалтад Макао /БНХАУ/, Хонконг /БНХАУ/ болон БНХАУ-ын дипломат, албан паспорттой иргэд багтсан байдаг. Эдгээрээс бусад тохиолдолд БНХАУ-ын иргэд Монгол нэвтрэхдээ визтэй буюу зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Харин чөлөөт бүсэд визгүй нэвтрэх боломжтой ч Монгол Улсын бусад нутаг дэвсгэр лүү нэвтрэхдээ визтэй байх шаардлагатай бөгөөд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, шалгасан мэдээлэлд “Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль”-ийн төслийн заалтыг бүрэн тайлбарлалгүй, гол агуулгыг орхигдуулж, “Хятад улсын иргэд визгүй Монголд зорчих хуулийн төсөл” гэж буруугаар тайлбарлажээ. Чөлөөт бүстэй хил залгаа улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчих боломжтой ч Монгол Улсын бусад нутаг дэвсгэрт нэтрэхдээ виз шаардлагатай бол хуулийн даруу виз мэдүүлж, зорчих юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хассурийн Ганхуяг Монголд Хятадууд визгүй зорчих хуулийн санал өргөн барьжээ. Энэ намар батлагдана л даа” гэх мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document