2025 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Lovezone Facebook хаягаас “Эрчүүдийн супер эмчилгээ. Түрүү булчирхайн томрол болон шохойжилтын супер нано наалт” гэх пост нийтэлжээ. Постын тайлбарт “Эр бэлгийн эсийн ялгарах явц хурдасна, түрүү булчирхай томролт, түрүү булчирхайн шохойжилт, бөөр, шээс хаагдалт, шээс задгайрал, бэлэг эрхтний хөвчрөлт бууралтад, сексийн дур хүсэл нэмэгдүүлнэ, эр бэлгийн гормон тэнцвэржүүлнэ, цусан хангамж сайжруулна, бэлгийн чадавхыг сайжруулна, судасны тэлэлтийг хангана, түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, зовуурийг арилгана, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, дархлааг дэмжинэ, хүч чадлыг нэмэгдүүлж танд эрч хүч өгнө, ойр ойрхон олон шээх, дүлж шээдэг хүмүүст маш сайн үр дүнтэй, сахрыг тэнцвэржүүлэх, үс халзралтаас хамгаална” гэж тайлбарласан аж. Тухайн постыг 270 реакц, 166 сэтгэгдлээр идэвхжүүлж, 139 удаа цааш хуваалцсан байна.
FACTCHECK:
Зургаар шалгах
Шалгасан мэдээлэлд сурталчилсан бүтээгдэхүүнийг Baidu хайлтын хэрэглүүр ашиглан зургаар хайхад ижил зураг, үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнүүд гарч ирсэн. Тухайн бүтээгдэхүүнийг онлайн сайтаар худалдаалж байгаа боловч албан ёсны борлуулагч, үйлдвэрлэгчийн хаяг, мэдээлэл илэрсэнгүй. Энэ нь хуурамч бүтээгдэхүүний шинж тэмдэг юм.
Наалтаар өвчин эмчлэх боломжгүй бөгөөд нэг бүтээгдэхүүнээр хэт олон өвчнийг нэгэн зэрэг эмчилнэ гэх нь хуурамч сурталчилгааны шинж.
Бид өмнө нь наалт ашиглаж тураах, элэг эмчлэх, ханиад эдгээх гэх мэт мэдээллүүдийг шалгаж байсан. Баримт шалгалтуудын үр дүнд наалтаар өвчин эмчлэх боломжгүй гэсэн үр дүн удаа дараалан гарсан.
“Нано наалт”, “Түрүү булчирхайн томрол” түлхүүр үг ашиглан Pubmed, Google scholar, Researchgate судалгааны сайтуудаас хайхад илэрц байсангүй. Цаашлаад нано наалт болон түрүү булчирхайн хамаарлын талаар судалгаа байхгүй байна.
Шалгасан постод “түрүү булчирхайн наалт нь 17 өөр төрлийн эрүүл мэндийн асуудал шийдэх үйлчилгээтэй” гэсэн агуулгыг хүргэж байна. Үүний талаар хайхад АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас гаргасан “Хэрхэн эрүүл мэндийн залиланг таних вэ?” гэсэн нийтлэл илэрсэн. Тухайн нийтлэлд энэхүү төрлийн сурталчилгааны талаар жишээ татан тайлбарласан бөгөөд “Хоорондоо хамааралгүй олон төрлийн өвчнийг эмчилж, эдгээнэ гэж сурталчилж буй бүтээгдэхүүнээс сэрэмжлээрэй. Ямар ч бүтээгдэхүүн бүх төрлийн өвчин, эмгэгийг эмчлэх боломжгүй” гэдгийг анхааруулж байна. Үргэлжлүүлэн, “Эрүүл мэндийн хуурамч сурталчилгаа нь түгээмэл эсвэл ноцтой өвчнүүдийг онилж анхаарал татдаг” гэж сануулжээ.
Эдгээрээс үзэхэд наалтаар олон төрлийн түрүү булчирхайн өвчнийг эмчилнэ гэдэг нь хуурамч сурталчилгаа юм.
Түрүү булчирхайн томрол болон шохойжилтын эмчилгээ
Мөн, шалгасан мэдээлэлд түрүү булчирхайн томрол болон шохойжилтыг гол болгож сурталчилсан тул тухайн түлхүүр үгээр хайж үзэхэд дараах баримт илэрлээ.
Edoctor эрүүл мэндийн сайтад “Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний нэг бөгөөд давсгийн доод хэсэгт шээсний сувгийг хүрээлэн оршдог хушганы хэмжээтэй эрхтэн юм. Түрүү булчирхайн хоргүй томрол нь эрчүүдэд нас ахихад түгээмэл тохиолддог эмгэг” гэсэн бөгөөд үүний эмчилгээнд эмийн эмчилгээ болон бага инвазив болон мэс заслыг зөвлөж байна. Үргэлжлүүлэн, “Түрүү булчирхай үрэвсэж хавдаж, шохойжихыг түрүү булчирхайн үрэвсэл гэдэг” бөгөөд “Түрүү булчирхайн эмчилгээнд шулуун гэдэсний лаа, булчин сулруулагч, даавар зэргийг хэрэглэх, массаж хийх нь үр дүнтэй” гэж зөвлөжээ.
Түүнчлэн, Webmd сайтад түрүү булчирхайн томролын эмчилгээнд эмчтэй зөвлөлдсөний үр дүнд дасгал хийх, кафены болон архины хэрэглээг багасгах, эмчийн заавраар эм уух зэргийг зөвлөсөн бөгөөд хамаагүй эм уух нь өвчнийг дордуулах эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ. Эдгээр эмчилгээний аргуудад наалтаар эмчлэх, шинж тэмдгийг намдаах талаар дурдаагүй.
Дүгнэлт
Албан ёсны борлуулагч, үйлдвэрлэгчийн мэдээлэлгүй, баталгаагүй наалтыг түрүү булчирхайн олон асуудлыг эмчилнэ гэж худал мэдээлэл түгээж байна. Түрүү булчирхайн шохойжилт, томрол зэргийг наалтаар эмчлэх боломжгүй бөгөөд АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас ямар ч бүтээгдэхүүн бүх өвчнийг нэгэн зэрэг эмчлэх боломжгүй гэдгийг сануулжээ.


