2026 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Д. Баяраа хаягаас “СОР17 д оролцогчдын хувьд секундэд 8 тонн ус хэрэглэж байгаа Оюутолгой төсөл биш мал сүрэг үржээд ус их ууж цөлжилт үүсгэж байгаа болж таарлаа” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 449 реакц, 85 сэтгэгдэл авч, 169 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Бид түгээсэн мэдээллийг нягтлахын тулд Оюу толгойн албан ёсны “ot.mn” сайтад байршуулсан тайлангуудыг шүүж үзсэн юм. Хайлтын илэрцээр гарч ирсэн “Оюу толгойн уурхайн ус ашиглалтын талаарх түгээмэл асуулт, хариулт” баримт бичигт “Сүүлийн таван жилийн дунджаас үзэхэд уурхайн үйл ажиллагаанд ашиглаж буй түүхий усны бодит хэрэглээ ус ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээний 56.5%-тэй тэнцэж байгаа буюу дунджаар секундэд 518.52 литр/ секунд (2025 оны 11 дүгээр сарын байдлаар) юм” гэжээ.

Мөн Оюу толгойн 2026 оны II улирлын тойм мэдээнд, тус компани Засгийн газраас тогтоосон хязгаараас бага ус ашиглаж байгаа талаар онцолжээ. Тухайлбал, Засгийн газраас ус ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээг секундэд 918 литр байхаар тогтоосон бол 2026 оны 6 дугаар сарын байдлаар усны бодит хэрэглээ секундэд 605.9 литр байгаа аж.

Дүгнээд хэлбэл, “Оюутолгой секундэд 8 тонн ус хэрэглэж байгаа” гэх төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Оюу толгойн 2026 оны II улирлын тойм мэдээнд дурдсанаар 2026 оны 06 дугаар сарын байдлаар усны бодит хэрэглээ нь секундэд 605.9 литр байна.



