Search

Лютейнтэй нүдний дусаалгаар хараа сайжруулж, болор цайхыг эмчлэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2034

Ерөнхий агуулга

Нүд хуурайших, болор цайх, хараа бүрэлзэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх чадвартай гэх нүдний дусаалгыг сурталчилсан бичлэг түгээжээ.  

Баримт шалгалтын үр дүн

Орц найрлага, аюулгүй байдлын баталгаагүй Лютейн нүдний дусаалга гэх бүтээгдэхүүнийг хиймэл оюун ашиглан бүтээсэн бичлэгээр сурталчилж, худал мэдээлэл түгээж байна. Болор цайх, шар толбоны доройтол, нүдний даралтыг дусаалгаар эмчлэх боломжгүй тул эмч, эм зүйчийн зааваргүй онлайнаар зарагдаж буй нүдний дусаалгыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 08 дугаар сарын 15-нд “Та гар утсаа удаан харсны дараа нүд бүрэлзэж, хуурайшиж, ядардаг уу?” гарчигтай богино хэмжээний бичлэгийг “Lutein – Японы Нүд Арчилгааны Уусмал” нэртэй Facebook хуудаснаас нийтэлжээ. Тухайн бичлэгт “Үнэт эмийн ургамлын найрлага болон Японы орчин үеийн технологийг хослуулсан энэхүү бүтээгдэхүүн нь хараа бүрэлзэх, насжилтаас үүдэлтэй болор цайх, ойрын хараа муудах, гар утсыг хэт удаан харснаас үүдэлтэй нүд өвдөж, ядрах, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалсан нүд хуурайших зэрэг асуудлыг сайжруулахад тусална” гэж тайлбарласан байна. 

Нүдний эрүүл мэндийн бүтээгдэхүүний талаар шалгаж байсан мэдээллүүдийг энэхүү линкээр унших боломжтой.

Хаяг шалгах 

“Lutein – Японы Нүд Арчилгааны Уусмал” Facebook хуудсыг 2026 оны 08 дугаар сарын 11-нд нээсэн байна. Пэйжийн танилцуулга хэсгийг харахад тодорхой хаяг, холбогдох утасны дугаар илэрсэнгүй. Энэ нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм.  

Мөн шалгасан хуудаст холбосон линк рүү хандаж үзэхэд зөвхөн доош гүйлгэж унших боломжтой танилцуулга хэлбэрийн сайт байна. Urlvoid хэрэглүүр ашиглан сайтын байршлыг шалгахад Вьетнамд байршилтай гэдэг нь илэрлээ.

Энэ нь хуурамч бүтээгдэхүүний сурталчилгаанд илэрдэг түгээмэл шинж тэмдэг юм.

Зургаар хайх 

Шалгасан бичлэгт сурталчилж буй бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүрээр зургаар хайж үзэхэд төстэй өнгө зүс, нэршилтэй бүтээгдэхүүнүүд илэрсэн. Гэвч бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, албан ёсны борлуулагч хайлтаар гарсангүй.  

Үргэлжлүүлэн тус хуудаснаас нийтэлсэн бичлэг болон зургийг hivemoderation хиймэл оюун шалгах хэрэглүүрээр нягтлахад хиймлээр бүтээсэн нь батлагдлаа. 

Зургийн тайлбар: Хиймэл оюун шалгасан үр дүн

Энэ нь бүтээгдэхүүний дүр төрхийг хиймэл оюун ашиглан өөрчилсөн байх магадлалтайг илтгэж байна.

Агуулгыг нягтлах 

Шалгасан мэдээлэлд бүтээгдэхүүний үйлчилгээг “хараа бүрэлзэх, насжилтаас үүдэлтэй болор цайх, ойрын хараа муудах, гар утсыг хэт удаан харснаас үүдэлтэй нүд өвдөж, ядрах, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалсан нүд хуурайших асуудлыг зогсооно” гэж тайлбарлажээ. Үүний дагуу нүдний дусаалгын үйлчилгээний талаар хайж үзлээ. 

Кливланд эмнэлгийн сайтад нийтэлснээр “Эмчийн жоргүй олгодог нүдний дусаалга нь нуухыг багасгах, нүдийг чийгшүүлэх, нүдний эргэн тойрны эдийг зөөллөх, улайссан нүд болон үрэвслийг бууруулах, шингэнийг тогтворжуулах, нүд зайлах гэх мэт төрлөөсөө хамааран өөр өөр үйлчилгээ үзүүлдэг” гэжээ. Харин нүдний мэдрэг байдлыг бууруулах, халдварын эмчилгээ, хүүхэн хараа томсгох зэрэг үйлчилгээтэй нүдний дусаалгыг эмчийн жороор олгодог байна.

Мөн шалгасан мэдээлэлд сурталчилсан бүтээгдэхүүний үйлчилгээнд дурдсантай адил болор цайх, шар толбоны доройтол, нүдний даралтыг эмчлэх үйлчилгээтэй дусаалгыг хэрэглэж болохгүй гэж АНУ-ын Хүнс, Эмийн захиргаанаас сануулжээ. Учир нь эдгээр өвчнүүдийг дусаалгын аргаар эмчлэх боломжгүй байна.

Үүнээс гадна Mayo эмнэлгийн сайтад хол, ойрын харааны талаар мэдээлэл оруулсан байна. Үүнээс үзэхэд хараа муудсаны дараа дусаалгаар болон эмээр эмчлэх нь стандарт арга биш ба баталгаагүй юм. Ойрын болон холын харааг нүдний эмчийн үзлэгээр шил зүүх болон мэс заслын аргаар засах нь баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээс аюулгүй.

Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүний гол орц найрлагын үйлчилгээг дараах байдлаар тайлбарласныг баримтаар шалгалаа: 

Орц найрлагын нэрШалгасан мэдээлэл дэх баримтБаримтаар шалгасан үр дүн
Нүдний гэрэл мод буюу нүдний өвс (Eyebright, Euphrasia officinalis L.)Дорнын анагаах ухаанд нүдний №1 эмийн ургамал бөгөөд харааг сайжруулж, наснаас шалтгаалсан харааны бууралтаас сэргийлнэ. Нүдний өвсний үйлчилгээг FDA-аар батлаагүй, нэмэлт баттай судалгаа шаардлагатай. Мөн хүчтэй харшил өдөөх магадлалтай.
Лютейн Хүчтэй антиоксидант бөгөөд шар толбоны эвдрэлээс хамгаалж, сэргийлнэ. Хөгшрөхөөс үүдэлтэй булчингийн сулрал болон болор цайхаас сэргийлэх үйлчилгээг судалсан судалгаа хангалтгүй. 
Зеаксантин Хортой гэрлийг шүүж, торлог бүрхэвчийг хамгаалж, болор цайх өвчнөөс сэргийлж, тод харааг хадгалахад тусална. Нүдийг нарны гэрлээс хамгаалдаг ч бүтээгдэхүүний үйлчилгээг FDA-аар батлаагүй, баттай судалгаа шаардлагатай 

Үүнээс харахад, АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас батлаагүй, хангалттай судалгаа хийгээгүй орцтой бүтээгдэхүүн гэдэг нь илэрч байна. Энэ нь бүтээгдэхүүний аюулгүй байдал баталгаагүй гэсэн үг юм.

Шалгасан мэдээлэлд мөн Pubmed судалгааны сайтад нийтлэгдсэн нэгэн судалгаа болон Ричмонд нүдний нийгэмлэгийн зургийг хавсаргасан байсан. Уг мэдээллийг шинжилж үзэхэд бүтээгдэхүүний орц найрлагын аюулгүй байдлыг батлаагүй байна.

Ричмонд нүдний нийгэмлэг нь АНУ-д байрлалтай, салбар нүдний эмнэлэг юм. Уг сайтын мэдээлэлд лютейн, нүдний гэрэл мод зэрэг нь нүдний дусаалга хэлбэрээр харааг сайжруулах, болор цайхыг эмчлэх нь баталгаагүй гэдгийг дурдсан байна. Үргэлжлүүлэн, “Нэмэлт бүтээгдэхүүн болон ургамлын гаралтай эм, бэлдмэлийг эмчийн хяналтад хэрэглэх хэрэгтэй. Мөн эмчийн зааваргүй ердийн хэмжээнээс өндөр тунгаар хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй” гэдгийг Ричмонд эмнэлгийн мэргэжилтнүүд сануулжээ. 

Линкэнд нийтэлсэн Pubmed судалгааны сайтын “Нүдний өвс (Euphrasia officinalis L.)-ний ханд эвэрлэг бүрхэвчийн эсүүдэд үзүүлэх нөлөөг лабораторийн туршилтаар үнэлсэн нь” судалгаа нь бодит байна. Энэхүү судалгааг 2014 онд нийтэлсэн бөгөөд “Нүдний өвс (E. officinalis L.)-ийн хандыг эвэрлэг бүрхэвчийн эсүүдэд лабораторийн нөхцөлд турших, нүдний эмгэгт ямар нөлөөтэй болохыг тодорхойлох зорилготой юм. Судалгааны явцад хүний эвэрлэг бүрхэвчийн эс дээр туршилт хийсэн ба туршилтын үр дүнд дархлаа дэмжсэн нөлөө гарсан. Гэвч судлаачдын сануулж байгаагаар гаж нөлөө болон аюулгүй байдлыг илүү нарийн судлах шаардлагатай аж. Одоогийн байдлаар нүдний өвсний үйлчилгээг FDA-аар батлаагүй буюу аюулгүй байдлын баталгаагүй гэсэн үг.

Үүнээс үзэхэд шалгасан бүтээгдэхүүний баталгаа болгож оруулсан зураг дээр ч орц найрлагыг бүрэн батлаагүй байна.  

Дүгнэлт

Дүгнэн хэлбэл, орц найрлага, аюулгүй байдлын баталгаагүй Лютейн нүдний дусаалга гэх бүтээгдэхүүнийг хиймэл оюун ашиглан бүтээсэн бичлэгээр сурталчилж, худал мэдээлэл түгээж байна. Болор цайх, шар толбоны доройтол, нүдний даралтыг дусаалгаар эмчлэх боломжгүй тул эмч, эм зүйчийн зааваргүй онлайнаар зарагдаж буй нүдний дусаалгыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Нүд хуурайших, болор цайх, хараа бүрэлзэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх чадвартай гэх нүдний дусаалгыг сурталчилсан бичлэг түгээжээ.  

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document