2026 оны 8 дугаар сарын 11-нд Montsame38 нэртэй хуудаснаас “… Миороши дулааны өөх шатаах бүс! Хэт улаан туяаны тураах бүс MIOROSHI. Өдөрт ердөө 15 минутын дотор илүүдэл өөхийг шатаана. Эм, дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм барихгүйгээр үр дүнтэй, аюулгүй жин хасах. Хорт бодисыг гадагшлуулна” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь

Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, 2026 оны наймдугаар сарын 6-нд шинээр нээгдсэн бөгөөд одоогоор ердөө 8 дагагчтай байна.
Үргэлжлүүлэн тухайн хуудаснаас түгээсэн мэдээллийг шинжлэхэд, холбоо барих дугаар, хаяг зэрэг албан ёсны мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдож, холбоосоор нэвтрэхийг уриалдаг нь ажиглагдаж байна. Эдгээр нь хуурамч хаягт түгээмэл ажиглагддаг шинж юм.
Мөн МонЦаМэ мэдээллийн агентлагийн нэртэй пэйж нээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилсан байна. Байгууллагын нэр хүнд, дүр төрхийг ашиглан, хуурамч хаяг нээж, бүтээгдэхүүн борлуулахыг зорьж буй үйлдэл нь цахим залилангийн нэг хэлбэр юм. Тиймээс олонд танигдсан томоохон байгууллагын нэртэй боловч шинээр үүссэн, цөөн дагагчтай, албан ёсны холбоо барих мэдээлэлгүй, зөвхөн чатаар харилцахыг уриалдаг хуудсанд болгоомжтой хандаж, түгээж буй хаяг болон холбоосны найдвартай байдлыг нягталдаг байгаарай.

Зургаар хайсан нь
Шалгасан мэдээлэлд хавсаргасан холбоосоор хандахад, “Японы хэт улаан туяаны тураах бүс MIOROSHI” гэсэн бүтээгдэхүүн гарч ирлээ. Уг бүтээгдэхүүнийг Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад онлайн дэлгүүрүүдээр илэрцтэй байна. Тодруулбал, Amazon олон улсын худалдааны сайтад уг бүсийг “Нурууны ачааллыг багасгаж, өвдөлт намдаах бүс” зэргээр өөр өөр тайлбартай оруулжээ. Энэ нь шалгасан бүтээгдэхүүн тураах зориулалттай бүтээгдэхүүн биш байх магадлалтайг илтгэж байна.
Мөн бараа захиалахыг уриалж байршуулсан холбоосыг домэйн шалгах urlvoid.com хэрэглүүрээр нягтлахад, Вьетнам улсад байршилтай нь илэрлээ. Энэ нь тухайн хуудсыг гаднын улсаас удирдаж байх магадлалтайг илтгэх нэг сэжүүр юм.

Агуулгыг нягталсан нь
Цаашлаад улаан гэрлийн бүс ашиглан өөх шатааж, турах боломжтой эсэхийг хайж, PubMed, Google Scholar зэрэг судалгааны санг шүүлээ. Уг хайлтаар улаан гэрлийн бүс ашиглан турах боломжтойг баталсан найдвартай судалгааны материал илэрсэнгүй.
АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос гаргасан “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“-д “Жин хасах нь дотоод бодисын солилцооны үйл явц бөгөөд ямар нэг өмсөх, арьсанд түрхэх зүйлс жин хасахад нөлөөлөхгүй. Тиймээс наалт, тос, лосьон, боодол, бүс, ээмэг гэх мэтийг ашиглан турна гэдэг нь худал юм. Иймэрхүү бүтээгдэхүүнүүд нь дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барихгүйгээр жин хасаж, өөх хайлуулна зэргээр богино хугацааны үр дүн амладаг” хэмээн тайлбарласан байна. Мөн эдгээр бүтээгдэхүүний зарим нь таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй. Ийм төрлийн зар сурталчилгаа, турах бүтээгдэхүүний талаарх хуурамч мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэйг анхааруулжээ.
Эдгээрээс дүгнээд үзэхэд, МонЦаМэ агентлагийн нэрийг ашигласан хуурамч хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, залилан хийхээр оролдож байна.


