Search

“Ашкарын арга” гэх үр дүнгүй аргыг хавдрын эмчилгээ мэт сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2032

Ерөнхий агуулга

Ашкарын аргаар лимфийн шингэнийг гоожуулж хавдар эмчлэх боломжтой гэсэн пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Баталгаагүй эх сурвалж дээр үндэслэн үр дүнгүй, худал мэдээлэл түгээж байна. “Ашкарын хавдар эмчлэх арга” гэх үр дүнгүй аргыг худал мэдээллээр нэмэгдүүлэн сурталчилж, төлбөртэй групп уруу орохыг уриалжээ. Хавдар туссан тохиолдолд мэргэшсэн эмч, эмнэлэгтэй заавал холбогдох хэрэгтэй бөгөөд эмнэлгийн байгууллагаас санал болгоогүй арга хэрэглэх нь хавдрын эмчилгээг хойшлуулж, эмчлэх боломжийг алдах эрсдэлтэй болохыг анхааруулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 06-нд “Bayarsaikhan Badrah” Facebook хаягаас “Хавдар эмчлэх Ашкарын арга” гарчигтай пост нийтэлжээ. Тухайн постод Ашкар гэх хүнийг дурдсан бөгөөд тухайн хүний зохиосон саримс, вандуй, байцаа ашиглаж лимфийн шингэнийг гоожуулснаар хавдар эмчилдэг гэх аргыг тайлбарласан байна. Мөн бусад хавдар эмчлэх витамин арга гэх мэт бичвэрүүдийг унших төлбөртэй групп сурталчилжээ. Тус постыг 1.7 мянган реакц, 109 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 1.1 мянган удаа түгээжээ. 

Шалгасан постын хамгийн доод хэсэгт “БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ хот” гэж тэмдэг тавьсан байсан. Монголын баримт шалгах төвөөс уг бичвэртэй адил тэмдэгтэй төстэй мэдээллийг шалгаж байсан бөгөөд энэхүү линкээр унших боломжтой. 

Агуулга нягтлах

Хавдар эмчлэх Ашкарын арга үр дүнгүй

Шалгасан нийтлэлд дурдсан хүний судалгааг Pubmed, Researchgate судалгааны сайтаас хайхад үр дүн илэрсэнгүй. Харин энэхүү аргыг тайлбарлаж, үнэн эсэхийг шалгасан нийтлэл Googlescholar судалгааны сайтад илэрлээ. Тухайн нийтлэлд Ашкарын хавдар эмчлэх арга нь үр дүнгүй гэдгийг баримтаар шалгаж баталсан байна. Мөн Ашкар тухайн аргаар өөрийн хавдрыг эмчилсэн гэх боловч хавдар авсан үедээ хагалгаанд орж, хагалгааны дараах эмчилгээнд хамрагдаж байсан гэдгийг онцолжээ. Тэрээр 1980-аад оноос өөрийн хавдар эмчлэх аргыг сурталчилж эхэлсэн боловч 2003 онд нойр булчирхайн хавдраар оношлогдсон байна.  

Мөн шалгасан мэдээлэлд “Гаднын бодисыг цэвэрлэх абсорбцын аргыг АНУ-н патент авч баталгаажуулсан” гэсэн ба энэхүү аргыг Google patents болон АНУ-ын оюуны өмчийн жагсаалтаас хайхад илрээгүй. Энэ нь гаднын бодис цэвэрлэх аргыг патентаар баталгаажуулсан гэх агуулга нь худал гэсэн үг юм.

АНУ-ын патентын жагсаалтаас илэрсэн үр дүн

Хавдар үүсэх тогтсон хугацаа гэж байхгүй

Шалгасан нийтлэлд “Организмд орсон химийн бодисууд хавдар үүсгэх хэмжээний болж хуримтлагдахад : 

1950-д онд 40-50 жил 

1960-д онд 30-40 жил 

1970-д онд 20-30 жил 

1980-д онд 10-20 жил 

1990-д оноос хойш 10-15 жил болж хорт хавдар үүсгэж байна” гэж дурдсан. Үүний дагуу хавдар үүсгэгч химийн бодисууд хавдар болох хугацааг шалгаж үзэхэд ашгийн бус анагаах ухааны Кливланд эмнэлгийн сайтын нийтлэл илэрсэн. Судлаачдын илрүүлснээр, 100-аас дээш хавдар үүсгэх бодисууд байдаг бөгөөд тэдгээрийг карценоген (Carcinogen) гэж нэрлэдэг байна. Энэ нь нарны туяанаас авахуулаад гэмтлээс үүссэн халдвар гэх мэт олон төрөл зүйл байдаг. Нийтлэлд тэмдэглэснээр карцероген бодисуудад хүрснээр хавдар үүсэх тодорхой хугацаа байхгүй ба хавдар үүсэх, үүсэхгүй байх гэдэг нь удамшлын мэдээлэл болон амьдралын хэв маягаас хамааралтай байна.

Лимфийн шингэн өөрөө биеийг цэвэрлэдэг

Үргэлжлүүлэн, шалгасан мэдээлэлд “Лимфийн шингэнийг 1,5 литрийг гоожуулж чадвал организм хорт бодисоос цэвэрлэгдэж хавдрыг эмчилдэг байна. 70 кг жинтэй хүнд ойролцоогоор 15 литр лимфийн шингэн байдаг гэж үздэг. Жил орчим энэ эмчилгээг хийхэд 5 литр орчим лимфийн шингэнийг гаргаж организмыг хорт бодисоос цэвэрлэнэ” гэж дурджээ. Үүнийг шалгахын тулд лимфийн шингэний тухай хайж үзэв.

Кливланд эмнэлгийн сайтын мэдээлж байгаагаар лимфийн шингэн (lymph) нь эд эсийн завсраар орж хүчилтөрөгч, шим тэжээл хүргэж байдаг өнгөгүй шингэн юм. Шим тэжээлийг тараасны дараа лимфийн шингэн нь ажиллагаагүй эс, хавдрын эс, бактери зэргийг шүүж, хялгасан судас шингээх боломжгүй илүүдэл шингэнийг лимфийн зангилаа руу хүргэдэг. Лимфийн зангилаанд байрлах цагаан эсүүд лимфийн шингэнээр ирсэн аюултай эс, бактерийг устгадаг байна. Лимфийн системээр өдөр бүр 20 литр шингэн эргэлдэж байдаг ба 17 литр нь буцаад шингэж, 3 литр нь идэвхтэй эргэлдэж байдаг байна. Үүнээс үзэхэд, шалгасан мэдээлэлд гарсан “70 кг жинтэй хүнд ойролцоогоор 15 литр лимфийн шингэн байдаг гэж үздэг” болон “1,5 литрийг гоожуулж чадвал организм хорт бодисоос цэвэрлэгдэж хавдрыг эмчилдэг” гэх мэдээлэл нь худал юм. Учир нь, хүний биед өдөрт 20 орчим литр лимфийн шингэн ялгардаг ба энэ нь их хэмжээгээр биеийг цэвэрлэж, биед аюултай, хэрэггүй эсүүдийг устгаж байдаг. 

Нойр булчирхайн хорт хавдрын шинж тэмдэг хойно илэрдэг

Мөн шалгасан постод “нойр булчирхайн хорт хавдар нь эмчлэхэд хамгийн хэцүү гэж үздэг. Америкт энэ хавдраар өвчилсөн хүмүүсийн 4%, Англи-д 5%-г л зөвхөн эмчилж чаддаг” гэсэн. Үүний дагуу АНУ-ын хавдар судлалын нийгэмлэг болон Их Британийн хавдар судлалын сайтаас хайхад дараах үр дүн илэрлээ. 

Хорт хавдрын тархалтИх Британи (3 жил ба түүнээс дээш амьд үлдэх магадлал) Америкийн нэгдсэн улс (5 жил амьд үлдэх магадлал)
Тархаагүй үед 25% 44% 
Ойрын эрхтэнд тархсан үед 15% 17% 
Их хэмжээгээр тархсан үед 1% 3% 
Тархаагүй үед: Хавдар үүссэн эрхтэн дангаараа хавдар тээж байх үе 
Ойрын эрхтэнд тархсан үе: Хавдар үүссэн эрхтэний ойролцоох лимфийн зангилаа хавдарт өртсөн байх үе 
Их хэмжээгээр тархсан үе: Уушиг, элэг, яс гэх мэт хавдар биеийн ихэнх хэсгээр тархсан үе 

Энэхүү тоон мэдээллийн талаар Их Британийн хавдрын судалгааны сайт “нойр булчирхайн хорт хавдар ихэвчлэн хагалгаагаар авах боломжгүй оройтсон үед оношоор илэрдэг тул энэхүү тоо үзүүлэлт гарсан” гэжээ. Эдгээрээс үзэхэд нойр булчирхайн хорт хавдар нь эмчлэхэд хамгийн хэцүү гэдэг нь хавдрын шинж тэмдэг хэтэрхий хойно илэрч, хавдар биеэр тархасны дараа онош гардгаас үүдэлтэй байна. Хавдрын эхэн болон дунд шатанд амьд үлдэх магадлал харьцангуй өндөр байна. 

Хүүхэдтэй болохыг төлөвлөсөн эмэгтэйчүүдэд Ашкарын арга хэрэггүй

Хамгийн сүүлд нь бичвэрт “эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо өмнө энэ аргыг хэрэглэж организмоо цэвэрлэвэл эрүүл хүүхэд төрүүлнэ гэж Жорж Ашкар баталж байна” гэсэн. Эмэгтэйчүүдийн жирэмсэн болохоосоо өмнө дадал болговол ашигтай аргыг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв нийтэлсэн байна. Эмэгтэйчүүд хүүхэдтэй болохыг зорьж байгаа тохиолдолд эмчтэй зөвлөлдөх, эрүүл хүнс хэрэглэх, хортой зуршлаа орхих гэх мэт аргуудыг санал болгосон байна. Ашкарын арга нь энэхүү төвөөс санал болгосон эмчтэй зөвлөлдөх, витамин хэрэглэх, архи тамхи болон бусад бодисыг хэрэглэхээ болих, хортой бодисоос зай барих, эрүүл жин барих, гэр бүлийн өвчний түүхийг судлах, сэтгэл зүйгээ бэлдэх аргуудын алинд ч нийцэхгүй байна.

Mayoclinic эмнэлгийн эрүүл мэндийн мэдээллийн сайтаас хуурамч эрүүл мэндийн нийтлэлийг таних аргыг хүргэсэн байна. Тухайн сануулгад “сайн нийтлэл нь их сургуулиуд, эрүүл мэндийн байгууллага болон нийтэлсэн судалгаанаас үндэслэсэн байдаг. Итгэж болох сайтууд ихэвчлэн .org болон .edu гэх төгсгөлтэй бөгөөд баталгаагүй, хүн өөрийн бодлыг илэрхийлсэн байвал орхих нь зүйтэй” гэж зөвлөсөн. Үүнээс үзэхэд, шалгасан мэдээлэл нь нэг л хүний зохиосон, баталгаат эх сурвалжгүй, баттай судалгаанд суурилаагүй, хуурамч мэдээлэл гэдэг нь илэрч байгаа юм.

Дүгнэлт

Эдгээрээс дүгнэхэд, баталгаагүй эх сурвалж дээр үндэслэн үр дүнгүй, худал мэдээлэл түгээж байна. “Ашкарын хавдар эмчлэх арга” гэх үр дүнгүй аргыг худал мэдээллээр нэмэгдүүлэн сурталчилж, төлбөртэй групп уруу орохыг уриалжээ. Хавдар туссан тохиолдолд мэргэшсэн эмч, эмнэлэгтэй заавал холбогдох хэрэгтэй бөгөөд эмнэлгийн байгууллагаас санал болгоогүй арга хэрэглэх нь хавдрын эмчилгээг хойшлуулж, эмчлэх боломжийг алдах эрсдэлтэй болохыг анхааруулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Ашкарын аргаар лимфийн шингэнийг гоожуулж хавдар эмчлэх боломжтой гэсэн пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document