2026 оны 08 дугаар сарын 20-нд Altangerel Otgoo нэртэй хаягаас “Хөрөнгө оруулалт болон хувьцааны арилжааны боломжуудтай танилцаарай. Мандал Капитал Маркетс нь хувь хүн, байгууллагуудад хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж, санхүүгийн талаар мэдээлэлтэй, зөв шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэхийг зорин ажилладаг” гэсэн агуулга бүхий пост нийтэлжээ. Уг постыг 12 реакц, 35 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Хаяг шалгах
Altangerel Otgoo хаяг нь нийт 1,500 гаруй дагагчтай, хуудасны ангиллаа “бүтээгдэхүүн, үйлчилгээ” хэмээн сонгон оруулжээ.
Үргэлжлүүлэн пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгахад 2026 оны 08 дугаар сарын 18-нд “Hadiza” нэртэйгээр үүсгэж, маргааш нь буюу 19 нд Altangerel Otgoo болгон өөрчилжээ.
Мөн тус хуудасны админы мэдээлэл нь нээлттэй биш байна.

Харин Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК-ийн албан ёсны Facebook хуудас нь Mandal Capital нэртэй, нийт 104 мянга гаруй дагагчтай, 2012 онд нээгдсэн хуудас байна.

Mandal Capital ХХК-аас хэрэглэгчдэд сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргасан
2026 оны 07 дугаар сарын 21-нд “Сүүлийн өдрүүдэд “Мандал Капитал Маркетс” ҮЦК-ийн нэрийг ашиглан, санхүүгийн залилан, луйвар хийх оролдлого илэрч байгаа тул харилцагч та бүхэн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авна уу” гэжээ.
Мөн “Мандал Капитал Маркетс” ҮЦК нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компани бөгөөд хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээг компанийн болон харилцагчийн өөрийн нэр дээрх дансанд хүлээн авдаг” хэмээн алба ёсны хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, хуурамч хаягаас Мандал Капитал Маркетсын нэрийг барьсан залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ. Эл төрлийн залилан нь иргэдийн санхүүгийн, хувийн мэдээллийг авах эрсдэлтэй тул тухайн холбоос дээр дарахгүй байх, карт болон утасны дугаараа оруулахгүй байхыг анхааруулж байна.


