Search

Бөөрний дутагдлыг эм бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүнээр бүрэн эмчлэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2030

Ерөнхий агуулга

АНУ-ын FDA-ээс зөвшөөрөгдсөн цөс, бөөрний чулуу, дутагдал эмчлэх бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вьетнам улсаас удирддаг хуудаснаас чанар, аюулгүй байдлын баталгаагүй хуурамч бүтээгдэхүүний албан ёсны зөвшөөрөлтэй мэт сурталчилж, хуурамч мэдээлэл түгээж байна. Бөөрний дутагдлын үед шинж тэмдэг, гэмтэл, хүндрэлийг бууруулахад эм бэлдмэл хэрэглэдэг ч нэмэлт бүтээгдэхүүн, эмээр бүрэн эмчилж, эдгээх боломжгүй. Аливаа эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаанд шууд итгэлгүй, нягталж, худалдан авч хэрэглэхээсээ өмнө эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 05 -нд Kidneys Nano – Mongolia нэртэй хуудаснаас Kidneys Nano гэх бүтээгдэхүүн сурталчилсан “Бөөрний чулууг гэртээ эмчлэх” гэсэн гарчигтай бичлэг нийтэлснийг нийт 282 реакц, 72 сэтгэгдлээр идэвхжүүлж, 253 удаа цааш түгээжээ. Тус бичлэгийн тайлбар хэсэгт “Бөөрний чулуу, цөсний чулуутай, ойрхон шээх, шөнө олон удаа бие засах, шээхэд өвддөг, бөөрний дутагдалтай ч тохирсон эмчилгээ олж чадаагүй хүмүүс санаад зоволтгүй мэргэжилтнүүд үүнийг зөвлөж байна… Бөөрний чулуу, цөсний чулуу болон бусад төрлийн чулуулаг асуудлууд ердөө нэг курс хэрэглэсний дараа бүрэн арилна… 100% байгалийн гаралтай найрлагатай, аюулгүй бөгөөд үр дүнтэй. 268,536 хэрэглэгчийн итгэлийг хүлээж, амжилттай хэрэглэгдсэн. Дэлхийд нэр хүндтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөсөн бүтээгдэхүүн. FDA-ийн зөвшөөрөлтэй, байгалийн гаралтай тул биед хор нөлөөгүй.FDA-ийн бүртгэлтэй бүтээгдэхүүн…” гэх агуулгыг дурджээ.

Шалгасан бичлэгт харуулсан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад эл бүтээгдэхүүнийг зөвхөн Facebook-ээр худалдаалж байна. Өөрөөр хэлбэл, албан ёсны сайт, онлайн худалдааны сайтаар бус “Бөөрний асуудлыг шийдэх №1 бүтээгдэхүүн” гэж нэрлэсэн Facebook хуудаснаас сурталчлан борлуулж байна. Түүнчлэн бүтээгдэхүүн сурталчилж буй постыг ихэвчлэн вьетнам болон филиппин хэл дээр бичжээ.

 Kidneys Nano – Mongolia хуудас нь 2025 оны 11 дүгээр сарын 22-нд Kyoto has 50EX – Mongolia нэртэй нээгдсэн бөгөөд Вьетнам улсаас нэг админ удирдаж байна. Нийт 47 дагагчтай, холбогдох дугаар, хаяг байршил, вэбсайт, танилцуулга зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. Мөн бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл огт оруулаагүй, зөвхөн АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас баталгаажуулсан гэх агуулгыг дурдсан байна. Гаднын улсаас удирдлагатай хаягаас орц найрлага, үйлдвэрлэгч нь тодорхойгүй бүтээгдэхүүн сурталчлан борlуулахдаа аливаа өвчнийг эмчилнэ гэж дурдаж буй нь хуурамч бүтээгдэхүүн болохыг илгэж буй гол шинж тэмдэг юм.

Үргэлжлүүлэн бүтээгдэхүүний тухай мэдээллийг хайхад олон улсын гэрчилгээ, баталгаа бус тус бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан мэдэгдэл гарч ирлээ. Тодруулбал, Филиппиний Хүнс, эмийн хяналтын газраас Kidneys Nano гэх зөвшөөрөлгүй эмийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүйг тайлбарласан. Мөн олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Rappler агентлагаас “Kidneys Nano”  бүтээгдэхүүyнтэй холбоотой мэдээллийг шалгаж худал болохыг мэдээлж байсан.

Шалгасан мэдээлэлд “АНУ-ын FDA-ийн бүртгэлтэй бүтээгдэхүүн” гэж дурдсан. Иймд АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас баталгаажсан эмийн бүтээгдэхүүний мэдээллийн санг шалгахад тус бүтээгдэхүүний бүртгэл байхгүй байна.

Бөөрний дутагдалыг эм, нэмэлт бүтээгдэхүүнээр бүрэн эмчлэх боломжгүй

Бөөрний чулуу нь шээсний замд хуримтлагдсан эрдэс бодис, бусад бодисоос үүсдэг бөөгнөрөл юм. Үүссэн чулууны хэмжээнээс хамаарч ихэнх тохиолдолд шээсээр дамжиж гадагшлах боловч их өвдөх, зовуурьтай байх эрсдэлтэй. Бөөрний чулууны хэмжээ том, шээсээр дамжиж гадагшлах боломжгүй болж, бөглөрөл үүсвэл мэс ажилбар хийх шаардлагатай байна. Бөөрний чулуу ихэвчлэн шээс өтгөрч, талст үүсгэн бөөгнөрснөөс үүсдэг. Мөн удамшил, хангалттай шингэн уухгүй байх, сода ихтэй хүнс хэрэглэх, илүүдэл жинтэй байх, шулуун гэдэсний үрэвсэл зэрэг өвчинтэй бол бөөрөнд чулуу үүсэх эрсдэлтэй байна.

Элэгнээс ялгарч цөсний хүүдийнд хуримтлагдсан цөс гадагшлахгүй удсанаар цөс өтгөрч, хатуурснаар цөсний чулуу үүсдэг. Цөсний чулуу шинж тэмдэг илрэхгүй, өдөр тутмын амьдралд саад болохгүй бол эмчилгээ шаардлагагүй байдаг. Хэрэв шинж тэмдэг илэрч, өвдөлт ихэссэн тохиолдолд эмчийн хяналт, зөвлөгөөний дагуу эм бэлдмэл уух эсвэл хагалгаагаар эмчилдэг.

Бөөрний дутагдал нь цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчин, холестерины түвшин ихсэх, бөөрний халдвар, үрэвсэл, удамшлын өвчин зэрэг хэд хэдэн өвчнөөс шалтгаалан үүсэх эрсдэлтэй. Мөн бөөрний үйл ажиллагаа хэвийн хэмжээнээс 15 хувиар буурвал бөөрний дутагдал хэмээн тооцдог байна. Мэргэшсэн эмчийн зөвлөгөөний дагуу бөөрний дутагдлын үе шатуудад өөр өөр эмчилгээ хийдэг. Эмчилгээний хувьд амьдралын хэв маягаа өөрчлөх, эм бэлдмэл уух, хүндэрсэн тохиолдолд диализ эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ багтана. Хэдий бөөрний дутагдлын эмчилгээнд шинж тэмдэг, эрт үеийн гэмтэл, хүндрэлийг бууруулах зорилгоор эм бэлдмэл хэрэглэдэг ч эмээр бүрэн эмчилж, эдгээнэ гэсэн үг биш юм. Одоогоор бөөрний дутагдлыг бүрэн эмчилж, эдгээх эм байхгүй.

Дүгнэлт

Вьетнам улсаас удирддаг хуудаснаас чанар, аюулгүй байдлын баталгаагүй хуурамч бүтээгдэхүүний албан ёсны зөвшөөрөлтэй мэт сурталчилж, хуурамч мэдээлэл түгээж байна. Бөөрний дутагдлын үед шинж тэмдэг, гэмтэл, хүндрэлийг бууруулахад эм бэлдмэл хэрэглэдэг ч нэмэлт бүтээгдэхүүн, эмээр бүрэн эмчилж, эдгээх боломжгүй. Аливаа эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаанд шууд итгэлгүй, нягталж, худалдан авч хэрэглэхээсээ өмнө эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

АНУ-ын FDA-ээс зөвшөөрөгдсөн цөс, бөөрний чулуу, дутагдал эмчлэх бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document