Search

Бурмаар цэвэршилт хойшлуулах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2029

Ерөнхий агуулга

Бурам ашиглан цэвэршилтийг хойшлуулах боломжтой гэх агуулгатай бичлэг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Орц найрлагын тайлбаргүй, үйлдвэрлэгчийн бүрэн мэдээлэлгүй бүтээгдэхүүний үйлчилгээг дэгстүүлэн сурталчилж байна. Бурам нь хүний биед ашигтай витамин агуулдаг ч одоогийн байдлаар цэвэршилтийг хойшлуулах, зогсоох үйлчилгээтэй гэж батлагдаагүй байна. Өнөөгийн байдлаар цэвэршилтийг зогсоох болон удаашруулах ямар ч эмчилгээ байхгүйг анагаахын мэргэжилтнүүд мэдээлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 08 дугаар сарын 10-нд “Албан ёсны Юнань бурам” Facebook хуудаснаас “Биеийн юм чинь ирдэг үү. Эрт цэвэршилтээс сэргийлэх Юнань бурам” гарчигтай бичлэг нийтэлжээ. Тухайн бичлэгт “54 настай миний биеийн юм ирсээр л байна. Энэ бол Юнань бурмын ач” гэж тайлбарлажээ. Уг постыг 422 реакц, 246 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 64 удаа хуваалцжээ.  

Хаяг шалгах 

“Албан ёсны Юнань бурам” хуудас нь 2026 оны 08 дугаар сарын 10-нд нээгдсэн.  

Энэхүү хаягаас явуулж буй сурталчилгааны хэв маягийг шинжлэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүст 2 өөр сурталчилгаа тараасан байна.  

  • Эрэгтэй хүмүүст: “Шөнө болгон шээх болон түрүү булчирхай хөндүүрлэхийг зогсоох үйлчилгээтэй” гэж тайлбарласан байна. 

Зургаар шалгах  

Тухайн хаягаас түгээсэн бусад зургийг шинжлэхэд “Албан ёсоор борлуулсан 6 жил” гэсэн зураг илэрсэн. Гэвч энэхүү хаягийн нээгдсэн хугацаа 2026 он буюу нээгдээд удаагүй, хуучин хаягийн талаар мэдээлэл өгөөгүй байгаа нь хуурамч мэдээллийн шинж юм. Мөн тухайн зургийг hivemoderation хиймэл оюун шалгах хэрэглүүрээр шинжлэхэд хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдэг нь илэрсэн.

Зургийн тайлбар: Хиймэл оюун шалгасан үр дүн.

Үргэлжлүүлэн, өөр нэг постод бүтээгдэхүүнийг “Цусны эргэлтийг дэмжинэ, гормоны тэнцвэртэй байдлыг дэмжинэ, биеийн дулааныг нэмэгдүүлнэ, байгалийн гаралтай найрлага” гэж сурталчилсан байна. 

Иймд сурталчилж буй бүтээгдэхүүнийг Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад зөвхөн онлайн дэлгүүрүүдээр илэрцтэй байна. Гэвч албан ёсны үйлдвэрлэгч, худалдааны сайт илэрсэнгүй. Уг илэрцэд буй ижил зураг, нэр бүхий бүтээгдэхүүний зургийг орчуулахад орц найрлагыг нь “бор элсэн чихэр, улаан чавга, чонын элэг (гожи жимс), цагаан гаа, сарнайн дэлбээ, османтус цэцэг” гэж оруулсан байна. Мөн бүтээгдэхүүний савлагааны бичгийг орчуулахад “гар аргаар хийсэн бор сахар”  гэж бичжээ. Энэ нь шалгасан бүтээгдэхүүн бурам биш бор элсэн чихэр байх магадлалтай гэсэн үг.

Бор элсэн чихэр нь бурам биш юм. Бурам нь сахар хийх үйл явцаас гардаг дайвар бүтээгдэхүүн бол бор элсэн чихэр нь цагаан элсэн чихрийг бурамтай хольж гаргадаг бүтээгдэхүүн аж.  

Агуулгыг нягтлах 

Бурам болон цэвэршилтийн хоорондын хамаарлын талаар Researchgate, Pubmed, Googlescholar судалгааны сайтуудад баталгаат, албан ёсны судалгаа нийтлээгүй байна.  

Харин эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн систем болон бурмын хамаарлын  талаарх судалгаа нь зөвхөн амьтад дээр хийсэн ба хүний эд эрхтэнд ямар нөлөө үзүүлдгийг судлаагүй байна. 

Webmd анагаах ухааны мэдээллийн сайтад хар бурам (black molases)-ны талаар нийтлэл оруулжээ. Тухайн нийтлэлд бурмаас кальци, төмөр, магни, витамин В6 гэх мэт амин дэмийг авах боломжтой гэсэн байна. Гэвч шалгасан мэдээлэлд сурталчилсан бүтээгдэхүүний савлагааны дээр бор сахар гэж бичсэн байгааг анхаарах хэрэгтэй. 

Шалгасан бичлэгт эрт цэвэршилтийн талаар дурдаж байсан. “Цэвэршилт нь өндгөвч нөхөн үржихүйн гормон ялгаруулахаа болихыг хэлнэ. Бие махбод энгийн үед цэвэршилт 45-55 насанд тохиолддог бөгөөд 40-өөс өмнө цэвэршвэл үүнийг эрт цэвэрших гэнэ. Энэ нь бие махбодод тухгүй мэдрэмж төрүүлдэг ба гормоны эмчилгээ, амьдралын хэв маягийн өөрчлөлт зэргээр цэвэршилтээс үүсдэг шинж тэмдгүүдийг бууруулж болно” гэдгийг Кливланд эмнэлгийн сайтад мэдээлжээ.

Шалгасан хаягаас тараасан бусад зар сурталчилгаанд “биеийн юм ирэхээ больж олон жил болсон ч дахин ирдэг болсон” гэх агуулгыг хүргэж байсан. Энэхүү үзэгдлийн талаар хайж үзэхэд Харвардын анагаах ухааны их сургуулийн нийтлэл илэрлээ. Тухайн нийтлэлд Харвардын анагаах ухааны сургуулийн эмэгтэйчүүдийн эмч, ерөнхий редактор Тони Голен (Toni Golen) “12 сарын турш нэг ч удаа биеийн юм ирээгүй тохиолдолд бүрэн цэвэршсэн гэж үздэг бөгөөд цэвэршсэний дараа дахин биеийн юм ирэх боломжгүй” гэдгийг онцолсон. Тэрээр цэвэршилтийн дараа цус гарах нь арьс урагдах, эмийн гаж нөлөө гэх мэт олон шалтгаантай ба хамгийн ноцтой шалтгаан нь хавдар байх эрсдэлтэй гэдгийг дурдсан байна.

Одоогийн байдлаар цэвэршилт үүсэхээс өмнө авч болох арга хэмжээг Йелийн (Yale) их сургуулийн судлаачид илрүүлэхийг зорьж байна. Йелийн их сургуулийн нөхөн үржихүй судлал, үргүйдлийн чиглэлээр мэргэшсэн эмч Кутлук Октай (Kutluk Oktay) болон өгөгдлийн шинжээчид хамтран цэвэршилтийг хойшлуулах аргыг компьютерт оруулан математик дүрслэлээр туршжээ. Уг аргад эмэгтэй хүний өндгөвчийн эдийг 21-40 насны үед авч хөлдөөн, дараа нь шилжүүлэн суулгахаар туршсан байна. Тухайн загварын үр дүнд цэвэрших хугацаа бага зэрэг хойшилсон боловч уг туршилтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хэдэн арван жил хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, өндгөвчийн эдийг хөлдөөх арга нь математикийн аргаар таамаглахад эерэг үр дүнтэй гарсан ч бодитоор туршсан баталгаатай үр дүн байхгүй юм. Энэ талаар Йелийн их сургуулиас одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн цэвэршилтийг хойшлуулах арга байхгүй гэж дурджээ.

Дүгнэлт

Дүгнэн хэлэхэд, орц найрлагын тайлбаргүй, үйлдвэрлэгчийн бүрэн мэдээлэлгүй бүтээгдэхүүний үйлчилгээг дэгстүүлэн сурталчилж байна. Бурам нь хүний биед ашигтай витамин агуулдаг ч одоогийн байдлаар цэвэршилтийг хойшлуулах, зогсоох үйлчилгээтэй гэж батлагдаагүй байна. Өнөөгийн байдлаар цэвэршилтийг зогсоох болон удаашруулах ямар ч эмчилгээ байхгүйг анагаахын мэргэжилтнүүд мэдээлжээ. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Бурам ашиглан цэвэршилтийг хойшлуулах боломжтой гэх агуулгатай бичлэг түгээжээ

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document