Search

Хиймэл оюунаар эмчийн дүр бүтээж, аюулгүй байдал нь тодорхойгүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2028

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Үс халцрах, унах, нарийсах одоо асуудалгүй болжээ залуусаа. Анх удаа Micro-Infusion Technology ашиглан үсний үндэс рүү шууд хүрэх систем бий болжээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Микро-зүү эмчилгээ нь эмнэлэгийн нөхцөлд үс уналтын зарим төрөлд тодорхой үр дүн үзүүлсэн талаар судалгаа байгаа боловч эмчилгээний үр нөлөө, зүүний гүн, давтамжийн талаар нэмэлт судалгаа шаардлагатай байна. Мөн гэрийн нөхцөлд хэрэглэх микро-зүүт төхөөрөмжийг үс уналтын эмчилгээнд FDA одоогоор албан ёсоор зөвшөөрөөгүй. Түүнчлэн эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн дүрээр бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа нь үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан мэт хэрэглэгчдэд буруу ойлголт өгөх эрсдэлтэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 28-нд Urtaa Aagii нэртэй хаягаас “Үс халцрах, унах, нарийсах одоо асуудалгүй болжээ залуусаа. Анх удаа Micro-Infusion Technology ашиглан үсний үндэс рүү шууд хүрэх систем бий болжээ” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг пост 3,100 гаруй реакц, 10,00 гаруй сэтгэгдэлээр идэвхжүүлж, 1,300 гаруй удаа цааш түгээгдсэн байна.  

Шалгасан мэдээлэлд сурталчилж буй бүтээгдэхүүний зургийг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад, amazon, noon, azjasklep зэрэг олон улсын онлайн худалдааны сайтуудаар борлуулагдаж байгаа илэрцүүд гарч ирсэн боловч бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, албан ёсны борлуулагчийн талаарх мэдээлэл тодорхой биш байна.

Үс уналтын үед хэрэглэх микро-зүүтэй төхөөрөмжийг гэрийн нөхцөлд ашиглахыг FDA одоогоор албан ёсоор зөвшөөрөөгүй

Хуйхны микро-зүүт эмчилгээ гэдэг нь арьсанд бага хэмжээний бичил гэмтэл үүсгэж, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэхийн зэрэгцээ үсний уутанцрын нөхөн төлжилтийг дэмжих замаар шинэ үс ургах эсвэл одоо байгаа үсийг өтгөрүүлэхэд ашигладаг. Гэхдээ уг эмчилгээг мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн хийдэг бөгөөд гадуур зарагдаж буй микро зүүт төхөөрөмжүүд нь мэргэжлийн нөхцөлд хийдэг микро-зүү эмчилгээтэй харьцуулахад үр дүнгийн хувьд ялгаатай байдаг аж.

Тодруулбал, Эрүүл мэндийн Cleveland Clinic сайтад 2023 онд нийтлэгдсэн “Микро зүүний эмчилгээ нь үс уналтыг эмчилж чадах уу?” гарчигтай нийтлэлд, “Гэрийн нөхцөлд хэрэглэдэг микро-зүүт төхөөрөмжүүд нь арьсны эмчийн эмнэлэгт ашигладаг төхөөрөмжөөс эрс ялгаатай. Эмнэлэгт илүү урт зүүтэй, илүү хүчтэй үйлчлэл үзүүлэх төхөөрөмж ашигладаг. Харин гэртээ ашиглаж буй төхөөрөмжийн зүүний урт нь эмнэлэгт ашигладаг зүүний аравны нэгээс ч бага байх тохиолдол бий” гэжээ.

Түүнчлэн Medical news today сайтад мэдээлснээр, АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас үс уналтын үед хэрэглэх микро-зүүт төхөөрөмжийн талаар “эмнэлзүйн судалгаанууд хийгдэж байж болох ч FDA нь гэрийн нөхцөлд хэрэглэх ямар ч микро-зүүт төхөөрөмжийг одоогоор зөвшөөрөөгүй” гэжээ. Мөн гэрийн нөхцөлд ашиглах зориулалттай ийм төрлийн төхөөрөмжүүд худалдаалагддаг ч тэдгээрийг хэрэглэх эсэхээ арьсны эмч болон бусад мэргэжлийн эмнэлгийн ажилтны зөвлөгөөний үндсэн дээр шийдэх нь зүйтэйг онцолж, “арьсны эмч нар ихэвчлэн микро-зүү эмчилгээг эмнэлгийн мэргэжлийн орчинд хийлгэхийг зөвлөдөг” хэмээн мэдээлсэн байна.

Гэрийн нөхцөлд микро зүүтэй төхөөрөмжөө хэт хүчтэй дарах, эсвэл ариутгаагүй роллер хэрэглэх зэрэг буруу ашиглалт нь халдвар авах, сорвижих, улмаар үс уналтыг улам бүр дордуулах зэрэг эрсдэлтэй байна

Эрүүл мэндийн Cleveland Clinic сайтад мэдээлснээрМикро-зүү эмчилгээ нь зөвхөн үс уналтын тодорхой төрлүүдэд үр дүнтэй. Жишээлбэл, төмрийн дутагдлаас шалтгаалсан үс уналттай бол микро-зүү эмчилгээнд анхаарахаас илүүтэй төмрийн нэмэлт хэрэглэж, дутагдлын үндсэн шалтгааныг тогтоох хэрэгтэй” гэжээ. Судалгаагаар микро-зүү эмчилгээ (эмнэлэгийн оричнд) нь андрогенетик (удамшил) халцрал буюу эрэгтэй, эмэгтэй хэв шинжийн үс халцрал, мөн зарим тохиолдлын ареата халцралыг эмчлэхэд үр дүнтэй болохыг харуулсан байна.

  • Андрогенийн үс уналт нь хамгийн түгээмэл ажиглагддаг үс унах өвчин бөгөөд ихэвчлэн духны хоёр талаар үсний нягтрал багасах, үс шанаанаас орой руугаа шингэрэх, үсний шугам хойшлох болон духны хэсэгт M хэлбэрийн үсний шугам үүсэх байдлаар илэрдэг.

2024 онд Researchgate судалгааны санд нийтлэгдсэн “Андрогенийн үс уналттай өвчтөнүүдэд микро зүү үс ургалтад үзүүлэх нөлөө: Санамсаргүй түүвэрлэсэн хяналттай судалгаануудын системчилсэн тойм ба мета-анализ” гарчигтай судалгаагаар микро-зүү төхөөрөмжийг 5%-ийн “миноксидил” гэх түрхлэгтэй хамт хэрэглэх нь үс эргэн ургахад илүү үр дүнтэй болохыг харуулсан” талаар мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч одоогоор андрогенийн үс уналтад зориулсан микро зүүн төхөөрөмжийн талаарх судалгааны материал ховор байгаа тул судалгаанд хамрагдсан эх сурвалжуудад дагаж мөрдөх хяналтын дата мэдээлэл байхгүй, эмчилгээний циклийн хугацаа болон микро зүүн төхөөрөмжийн гүн өөр өөр байсан зэрэг зарим хязгаарлагдмал талуудыг анхаарах шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн “Микро зүү эмчилгээний хамгийн зохистой гүн, давтамж, интервал болон циклийг тодорхойлохын тулд илүү найдвартай нотолгоо баримтууд шаардлагатай” хэмээн мэдээлсэн байна.

Түүнчлэн Америкийн Үс Уналтын Холбооны албан ёсны сайтад мэдээлснээр “үс уналтын эсрэг микронидлингийг мэргэжлийн эмчийн хяналтан дор хийлгэхийг зөвлөдөг ч зарим хүмүүс гэрийн нөхцөлд дермароллер эсвэл дермапен ашиглан хийхийг оролддог. Гэрийн нөхцөлд микронидлинг хийхдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь өрөөрөө хэт хүчтэй дарах, эсвэл ариутгаагүй роллер хэрэглэх зэрэг буруу ашиглалт нь халдвар авах, сорвижих, улмаар үс уналтыг улам бүр дордуулах зэрэг эрсдэлийг дагуулдаг” гэжээ.

Эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн AI дүрээр мэргэжлийн хүн зөвлөж байгаа мэтээр баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна

Бид бичлэгийн эхний хэсгийг зураг хэлбэрээр хадгалж аваад хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг шалгадаг хэрэглүүрээр шалгахад 99.9 хувьтай хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Өөрөөр хэлбэл, AI-аар бүтээсэн эмчийн дүрийг ашиглан “Би олон жилийн турш үс, хуйхны арчилгааны чиглэлээр хүмүүст зөвлөгөө өгөхдөө гэх мэтээр яриулж, бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн дүрээр бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа нь үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан мэт хэрэглэгчдэд буруу ойлголт өгөх эрсдэлтэй.

Дүгнээд хэлбэл, Микро-зүү эмчилгээ нь эмнэлэгийн нөхцөлд үс уналтын зарим төрөлд тодорхой үр дүн үзүүлсэн талаар судалгаа байгаа боловч эмчилгээний үр нөлөө, зүүний гүн, давтамжийн талаар нэмэлт судалгаа шаардлагатай байна. Мөн гэрийн нөхцөлд хэрэглэх микро-зүүт төхөөрөмжийг үс уналтын эмчилгээнд FDA одоогоор албан ёсоор зөвшөөрөөгүй. Түүнчлэн эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн дүрээр бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа нь үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан мэт хэрэглэгчдэд буруу ойлголт өгөх эрсдэлтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Үс халцрах, унах, нарийсах одоо асуудалгүй болжээ залуусаа. Анх удаа Micro-Infusion Technology ашиглан үсний үндэс рүү шууд хүрэх систем бий болжээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document