2026 оны 08 дугаар сарын 18-нд Б.ГЭРЭЛТЦОЛМОН нэртэй хаягаас “Улс орнууд COP-17 дээр асуудлаа ярьж байна л даа. Тэгсэн чинь Сент-Китс ба Невис улсын төлөөлөгч НҮБ-аас шууд ундны ус өгөөч гэж хүслээ. Энэ улсын иргэдийн ус уух найдвар нь бороо болсон. Гэтэл бороо орохгүй байна, энэ жил гэхэд л бороо орох магадлал 44 хувиар багассан гэнэ. Одоо иргэд маань усгүй баларлаа. Та бүхэн далайн ус цэвэршүүлэх техник, мөнгө, ус импортлох боломж олгооч гэнээ. Бензинээс ч илүү аймар асуудал байна даа” гэх мэдээлэл (архивласан хувилбар) түгээснийг нийт 10 мянга гаруй реакц, 309 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,400 гаруй удаа цааш түгээжээ.
Мөн Shuudertsetseg (архивласан хувилбар), Bold Amar зэрэг хаягаас ижил текст, зураг бүхий мэдээллийг хуулбарлан түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
2026 оны 08 дугаар сарын 17-оос эхлэн Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) -ийн талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” гэсэн уриа дор зохион байгуулж байна. Олон нийтийн анхаарлыг татсан, томоохон үйл явдлын үеэр төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл түгээх үзэгдэл ихэсдэг учир аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, нягталж хэвшээрэй.
COP17 хурлын шууд бичлэг, мэдээллүүд хүн бүрд нээлттэй бөгөөд НҮБ-ын сайтаас шууд үзэх боломжтой. Шалгасан мэдээлэлд “Сент-Китс ба Невис улсын төлөөлөгч НҮБ-д хандан ундны ус хүссэн” гэж дурдсан. Иймд COP17 хурлын эхний өдөр буюу 08 дугаар сарын 17-нд болсон хорооны хурлын бичлэгийг шүүлээ. Сент-Китс ба Невис улсыг төлөөлөн СОР17 бага хуралд оролцож буй Байгаль орчин, уур амьсгалын үйл ажиллагаа болон тойргийн чадавхыг бэхжүүлэх яамны Ойн аж ахуйн албаны дарга, доктор Эрик Браун 02:07:17 минутаас эхлэн ярьсан. Тэрээр ган гачиг, хуурайшилт жижиг арлын хөгжиж буй орнуудад илүү хүнд тусаж буйг онцолж, газар нутгийн хэмжээ бага, цэвэр усны нөөц хязгаарлагдмал, уур амьсгалын өөрчлөлтөд их өртөж буйг дурдсан. Мөн техник технологи, санхүүгийн боломж хязгаарлагдмал буй учир ган гачиг, хуурайшилтыг бууруулахын тулд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр санхүүжилт, дэмжлэгийг үргэлжлүүлэх шаардлагатайг онцолсон. Bpress мэдээллийн сайтад Доктор Эрик Брауны хэлсэн үгийг орчуулан хүргэжээ.
Өөрөөр хэлбэл, Сент-Китс ба Невис улсыг төлөөлөгч НҮБ-аас ундны ус хүсэж, шууд импортлох тухай огт яриагүй. Харин шалгасан мэдээлэлд Монгол улсад тулгарч буй асуудалтай шууд холбон, харьцуулж төөрөгдүүлсэн агуулгатай түгээжээ.
Дүгнэлт
COP17 хурлын үеэр Сент-Китс ба Невис улсыг төлөөлөгч Доктор Эрик Брауны хэлсэн ган гачиг, хуурайшилтад өртөж буй жижиг арлын орнуудын нөхцөл байдал тусламж дэмжлэгийн тухай агуулгыг гуйвуулж, НҮБ-аас шууд ундны ус хүссэн мэт төөрөгдүүлжээ.



