2026 оны 05 дугаар сарын 04-нд Tsetsegjargal Dorj Facebook хаягаас “Хавдрын сүүлийн шатанд буй өвчтөнүүдэд витамин хэрэглэсэн жишээ” гарчигтай пост оруулжээ. Тухайн постод Абрам Хоффер хүний судалгааг дурдаж, “Хавдрын эмчилгээний хажуугаар витамин эмчилгээг давхар хийвэл үр дүн илүү байхаар барахгүй эмчилгээний үр дүнг сайжруулж олон амь насыг аврах боломж байгааг Хоффер эмчийн судалгаа харуулж байна… Иймэрхүү судалгаагаар батлагдсан эмчилгээ хийвэл ямар байсан баримжаатай гэж үзэж үүнийг бичлээ. “ВИТАМИН АЮУЛТАЙ” гэж эмч хүн ярих нь мэдлэг муутай буйг харуулахаас гадна олон амь насыг хөнөөх аюултай гэдгийг ойлгох цаг болжээ.” гэж тайлбарласан. Энэхүү мэдээлэл нь 830 реакц, 31 сэтгэгдэл хүрч, цааш 783 удаа түгээсэн байна.
FACTCHECK:
Витамин болон хавдрын талаар ижил төстэй мэдээллийг Монголын баримт шалгах төв болон Lead Stories, Newsmeter зэрэг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) гишүүн байгууллага шалгаж, худал болохыг мэдээлж байсан.
Агуулга нягтлах
Уг постод Монгол улсыг хавдрын үхлээр нэгт бичигддэг гэсэн. 2024 онд ДЭМБ-ын дэлхийн хавдрын үзүүлэлтээр Монгол улс эндэгдлийн 17.8% магадлалаар 02 дугаарт жагссан байна.
Постод дурдсан судалгааны үр дүн хуучирсан
Шалгасан мэдээлэлд дурдсан Абрам Хоффер (Abram Hoffer) эмчийн судалгааг 1996 онд нийтэлсэн байна. Судалгааны чанарыг шалгахын тулд хамгийн түрүүнд судалгааг хийсэн, нийтэлсэн оныг харгалзах хэрэгтэй. Абрам Хофферын судалгааг 60-40 жилийн өмнө явуулсан гэдэг нь хэт хуучирсан баримт гэсэн үг. Хуучирсан судалгааны үр дүнг зөвхөн дараах тохиолдолд дурдаж болно:
- Өнгөрсөн үйл явдалд анализ хийх,
- Шинэ дата, баримт байхгүй үед,
- Нэг датаг удаан хугацаанд цуглуулсан үед гэх мэт.
Гэвч шалгасан мэдээлэлд дурдсан судалгааны сэдвийг аль хэдийн дахин судалж, шинэ үр дүн гарсан тул хуучин үр дүнг чухалчилж авах нь тохиромжгүй юм.
Витаминаар хавдрыг эмчлэх нь баталгаагүй
АНУ-ын хавдрын үндэсний институтийн мэдээлснээр, хавдрын эсрэг нэмэлт шим тэжээл хэрэглэсэн судалгаанууд холимог үр дүнтэй буюу биеийн байдлыг сайжруулсан үр дүн байсан ч хавдрыг илүү идэвхжүүлсэн болон ямар ч нөлөө үзүүлээгүй үр дүн ч гарчээ. Судалгаануудын үр дүнгээс жишээ татвал:
| Туршилтын нэр, улс | Хамарсан бүлэг | Үр дүн |
|---|---|---|
| “Каротин ба ретинолын (Витамин А) үр нөлөөг судлах туршилт” АНУ | Тамхи татдаг болон татдаг байсан хавдартай болох эрсдэлтэй хүмүүс | Уушгины хорт хавдраар өвчлөх, бүх төрлийн хавдраар эндэх эрсдэл нэмэгдсэн |
| “Антиоксидант витамин ба эрдэс бодисын нэмэлт хэрэглээний судалгаа” Франц | Эрэгтэй болон эмэгтэй хүмүүс | Зөвхөн эрэгтэйчүүдийн бүх төрлийн хавдрын эрсдэл буурсан, эмэгтэйчүүдэд арьсны хавдрын эрсдэл нэмэгдсэн. 5 жилийн дараа хавдарт үзүүлсэн үр нөлөө байхгүй |
| “Линсян хотын нийт хүн амын хоол тэжээлийн оролцооны туршилт” Хятад | Хоол боловсруулах эрхтэн болон ходоодны хавдар үүсэх эрсдэлтэй эрүүл эрэгтэй ба эмэгтэй хүмүүс | Хавдар үүсэх болон хавдраар нас барахад үзүүлсэн нөлөө гараагүй |
2026 оны 01 дүгээр сард Pubmed судалгааны сайтад нийтэлсэн “Витамин ба эрдэс бодисын хавдрын үед нөлөө” тойм судалгаанд, “Хавдраас үүсэлтэй шим тэжээлийн дутагдал түгээмэл тохиолддог. Үүнд хавдар, эмчилгээний гаж нөлөө, хоол хүнсний хэрэглээ багасах, шимэгдлийн алдагдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг” гэдгийг дурдсан. Мөн одоогийн байдлаар витамин болон эрдэс бодис нь хавдраас хамгаалах нөлөөтэй юу, эсвэл харин хавдар үүсэхийг дэмждэг үү гэдэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд цаашид илүү олон баталгаатай судалгаа шаардлагатай байна гэдгийг онцолсон байна.
2025 оны 07 дугаар сард Pubmed сайтад нийтэлсэн “Витамин C судсаар дамжуулж хэрэглэсэн хорт хавдартай өвчтөнүүдийн амьдрах хугацаа болон хавдар даамжрахгүйгээр амьдрах хугацаа” мета судалгааны үр дүнд өндөр тунгаар витамин С хэрэглэсэн өвчтөнүүд 1.83 дахин удаан амьдарсан гэсэн үр дүн гарчээ. Гэвч судлаачид энэхүү үр дүн нь баталгаа болоход хангалтгүй гэж үзсэн ба витамины хэрэглээний үр нөлөө болон аюулгүй байдлыг илүү найдвартай үнэлэхийн тулд том хэмжээний, санамсаргүй түүвэртэй, хяналттай эмнэлзүйн туршилтууд шаардлагатай гэсэн байна.
Одоогийн байдлаар хоол, эрдэс бодис, хоолны нэмэлт тэжээл, эмийн ургамал болон эдгээрийн хамтрал нь хавдрыг удаашруулах, эмчлэх, дахин сэдрэхээс хамгаалдаг гэх нь нотлогдоогүй гэдгийг АНУ-ын хавдрын үндэсний институт сануулсан аж. Үргэлжлүүлэн, хавдартай тохиолдолд нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг, хэрэглэхийг төлөвлөж байвал мэргэшсэн эмчид хандах нь зүйтэй гэж анхааруулжээ.
Үргэлжлүүлэн, Их Британийн хавдар судлалын төвөөс эмч болон эмнэлгийн санал болгосон эмчилгээний оронд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь таны эрүүл мэндэд халтай бөгөөд хавдрыг бууруулах боломжийг багасгах эрсдэлтэй гэж сэрэмжлүүлж байна.
Дүгнэлт
Эдгээр мэдээллүүдээс дүгнэвэл, хуучирсан үр дүнтэй судалгаа ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Одоогийн байдлаар витамин нь хавдрыг бүрэн эдгээдэг, хавдартай хүний насыг уртасгадаг гэсэн баталгаа байхгүй бөгөөд зөвхөн мэргэшсэн эмч, эмнэлгийн зөвлөмжөөр эмнэлгийн эмчилгээнд хамрагдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг хүсье.



