2026 оны 08 дугаар сарын 13-нд TV mongolia нэртэй хаягаас “8-р сарын 15-ны өдрөөс 28 хоногийн турш ТЭГШ, СОНДГОЙ дугаарын хязгаарлалтаар явна. Гэхдээ та Тэгш, Сондгой дугаарын хязгаарлалтыг зөрчсөн торгуулийг төлөхгүй гэж шүүхэд хандвал шууд ялна. Учир нь хуулинд тэгш,сондгой явна гэсэн заалт байхгүй, хуулиас давсан журмаар иргэдийн зорчих эрхийг хязгаарлах боломжгүй ээ” гэсэн пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг пост 2,000 гаруй реакц, 85 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 233 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK:
2026 оны 07 дугаар сарын 31-нд “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлйн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжид доорх хуулиудын заалтыг тус тус үндэслэсэн байна.
Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.5-д “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг,

Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалт,

Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.10 дахь заалтыг үндэслэсэн.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам“-ын 2.2-д “Шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас гаргасан саналыг харгалзан баяр, амралт, онц байдал, хөл хорио тогтоох үед замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр гаргана” хэмээн заасан байдаг.
Түүнчлэн, дээрх журмын 4.1-д “Хууль, тогтоомжид заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулан, зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэсэн байна.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, “тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг зөрчсөн торгуулийг төлөхгүй гэж шүүхэд хандвал шууд ялна, хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. “Тэгш, сондгой дугаараар зорчих” зэрэг замын хөдөлгөөний хязгаарлалт тогтоох эрхийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргад олгожээ.



