Search

“Diamond Sleep” гэх баталгаагүй бүтээгдхүүнийг нойргүйдлийн эмчилгээ мэтээр сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2024

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Нойргүйдэл нь Алцгеймер болон Паркинсрн өвчний шалтгаан болдог. Diamond Sleep нойргүйдлийг эмчлэхээс гадна мэдрэлийн тогтолцооны эмгэгүүдийг үр дүнтэй эмчилдэг” гэх агуулгатай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Баталгаагүй хуудаснаас судалгаагаар баталсан, аюулгүй гэх худал мэдээллээр чанарын баталгаагүй, үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Нойргүйдэл ба Альцгеймер өвчний хоорондын хамаарлыг одоогоор бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд нойрны эмийг хэтрүүлснээр хэт удаан унтах, зүрх зогсох зэрэг эрсдэл тулгарч болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 03 дугаар сарын 20-нд “Diamond Sleep” Facebook хаягаас “21-р зууны дэвшилтэт технологи бүхий Diamond Sleep – Монгол дахь №1 нойргүйдлийн эсрэг оргилуун шахмал” гэх тайлбартай 6 минутын бичлэг оруулсан байна. Тухайн бичлэгт “Удаан хугацаагаар нойр хүрэхгүй байх нь дархлааны систем сулрах, ядаргаа, тархины цус багадалт үүснэ. Энэ нь ой санамж муудах, Алцгеймер болон Паркинсрн өвчний шалтгаан болдог… Diamond Sleep нь нойргүйдлийг эмчлэхээс гадна мэдрэлийн тогтолцооны эмгэгүүдийг үр дүнтэй эмчилдэг. Үүнд толгой өвдөх, чөлөөт радикалуудыг саармагжуулах, мэдрэл болон тархины судасны үйл ажиллагаануудыг дэмжих зэрэг нь асуудлын гол шалтгаануудыг дэмжихэд тусалдаг” гэж тайлбарлажээ. Уг постыг 238 реакц, 193 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 154 удаа түгээжээ.

Хаяг шалгах 

“Diamond Sleep” Facebook хуудас нь 2026 оны 03 дугаар сарын 20-нд нээгджээ.  

Хуудсын дагагчдын тоог харахад 50 дагагчтай, ямар ч хаяг дагадаггүй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, шинээр нээгдсэн, цөөн дагагчтай баталгаагүй хуудас байна.

Мөн бүтээгдэхүүн худалдан авахдаа зөвхөн холбоосоор дамжихыг уриалсан. Ингэхдээ тодорхой хаяг байршил, холбогдох утасны дугаар зэрэг албан ёсны мэдээлэлгүй түгээж байна. Энэ нь хуурамч хуудас байх сэжүүр юм.  

Бичлэгийн тайлбар хэсэгт оруулсан линк рүү хандаж ороход нэг бүтэцтэй, зөвхөн доош гүйлгэж мэдээлэл хардаг сайт гэдэг нь илэрсэн. Энэ нь хуурамч сайтыг илтгэх сэжүүр юм. Сайтын удирдлагын мэдээллийн Urlvoid хэрэглүүрээр шалгахад Вьетнам улсад байрлалтай нь харагдаж байна.

Зургийн тайлбар: Сайтын удирдлагын байршил

Зургаар шалгах 

“Diamond Sleep” хаягт нийтэлсэн бичлэгийг хиймэл оюун шалгах Hivemoderation хэрэглүүрээр нягталхад хиймлээр дуу оруулсан нь илэрсэн.  

Зургийн тайлбар: Хиймэл оюун ухааны нөлөөг шалгахад илэрсэн үр дүн.

Мөн, бүтээгдэхүүний зургийг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад зөвхөн Филиппиний онлайн сайт илэрч байна. Бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, албан ёсны борлуулагч болон орц найрлага зэрэг илэрсэнгүй. Энэ нь хуурамч болон баталгаагүй бүтээгдэхүүнд илэрдэг шинж тэмдэг юм.

Агуулга шалгах 

Бичлэгт “Удаан хугацаагаар нойр хүрэхгүй байх нь дархлааны систем сулрах, ядаргаа, тархины цус багадалт үүснэ. Энэ нь ой санамж муудах, Алцгеймер болон Паркинсон өвчний шалтгаан болдог. Нойргүйдэлтэй хүмүүс цаашлаад зүрхний өвчин, цаашлаад харвалтад өртөх эрсдэлтэй. Тэгээд нойр дутуу байх нь аюултай, сөрөг нөлөөтэй шүү дээ” гэж тайлбарласан.  

Мөн тухайн бичлэгт “Diamond Sleep” бүтээгдэхүүний үр нөлөөг:  

  • “Эмнэлгийн статистик үзүүлэлтээр 2 сая гаруй хүн хэрэглээд нойргүйдлийн өвчнөөс салсан” 
  • “6 сарын турш 1 удаа хэрэглээд дахин сэдрэх тохиолдол гараагүй” 
  • “Бид өвчтөнүүдэд хэрэглүүлж үзэхэд 7 сарын дараа үр дүн нь тодорхой харагддаг” 
  • “2 долоо хоногийн дотор өвчтөнүүд 6 цагийн турш гүн нойрсож чаддаг болдог” 
  • “1 сар хэрэглэсний дараа өвчтөнүүд бараг бүрэн эдгэрдэг” гэж ярьжээ. 

Эдгээрийн дагуу Pubmed, Researchgate, Sciencedirect, Phillipine-E Journal зэрэг судалгааны сайтуудаас хайж үзэхэд тухайн бүтээгдэхүүний үйлчилгээг туршсан судалгаа илэрсэнгүй. Үргэлжлүүлэн, нойргүйдлийн эмчилгээний анхан шатны (унтах орчныг сайжруулах, нойрны засал гэх мэт) аргууд үйлчлэхгүй тохиолдолд эмчийн заавраар эм уух боломжтой ч удаан хугацаанд хэрэглэх нь тохиромжгүй гэж Америкийн Зүрх, Уушги, Цусны институт мэдээлжээ. 

Кливланд эмнэлгийн сайтад Альцгеймер болон Паркинсон өвчнүүдээс болж нойргүйдэх асуудал үүсдэг гэдгийг мэдээлсэн. Үргэлжлүүлэн, зарим тохиолдолд нойргүйдэлтэй байх нь Альцгеймер өвчний анхны шинж тэмдэг байх магадлалтай гэж нийтэлсэн байна. Гэвч нойргүйдэл ба Альцгеймер өвчний хооронд яг тодорхой хамаарал байгаа эсэхийг одоогоор бүрэн тогтоогоогүй хэмээн 2024 оны “Нойрны дутагдал Альцгеймер өвчин болон даамжралын эрсдэлт хүчин зүйл болох нь” судалгаанд дурджээ.  

Мөн шалгасан бичлэгт буй Diamond Sleep гэх бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн Улсын Хүнс, эмийн захиргааны сайтаас хайж үзэхэд бүтээгдэхүүн талаар ямар ч мэдээлэл илэрсэнгүй.  

Бүтээгдэхүүний найрлагын талаар хайж үзэхэд дараах үр дүн илэрлээ: 

Бүтээгдэхүүний орцБичлэгт хийсэн тайлбарХайлтаар илэрсэн үр дүн
НэрсИсэлдлийн стресс бууруулдаг. Мэдрэлийн системийг хамгаалж, цусны эргэлтийг сайжруулснаар оюун санааг сэргээхэд тусалдагТархины үйл ажиллагааг сайжруулах магадлалтай, батлагдаагүй
Омега 3Паркины эрүүл мэндийг тэжээж, сайжруулахад тусалдаг.Паркинсон өвчний эсрэг үр дүнтэй талаар батлах томоохон судалгаа байхгүй
ЦайрУургийн нийлэгжилтийг дэмжиж, бие махбодод чухал бодисуудыг шингээхэд тусалж, бөглөрөл үүсэхээс сэргийлдэгЭсийн чадварыг сайжруулна
ЗэсУургийн нийлэгжилтийг дэмжиж, бие махбодод чухал бодисуудыг шингээхэд тусалж, бөглөрөл үүсэхээс сэргийлдэгБиед хүчилтөрөгч тарах үйл явцыг дэмжинэ, дархлааг сайжруулна
Коэнзим Q10Судас, мэдрэл болон эсүүдийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлж биеийн цусны эргэлтийг сайжруулдагБие өөрөө шаардлагатай хэмжээгээр уг энзимийг үүсгэж, Альцгеймер болон Паркинсон өвчнүүдийн өсөлтийг удаашруулдаг 

Эдгээр баримтаас харахад бичлэгт дурдагдсан үр нөлөө нь бодит судалгааны дүгнэлттэй нийцэхгүй байна. Мөн бичлэгт дурдсан орц найрлага нь бичлэгийн тайлбар хэсгийн линкний мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүний орц найрлагатай нийцэхгүй байгааг анхаарах хэрэгтэй.

Нойрсуулах эмийг эмчийн зааваргүй хамаагүй хэрэглэж болохгүй

“Нойргүйдэл гэдэг нь бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгааны улмаас нойрсох болон унтаж амрах боломжгүй болохыг хэлнэ” гэж eDoctor эрүүл мэндийн мэдээллийн сайтад нийтэлсэн. Үргэлжлүүлэн, нойргүйдлийн шалтгаан болон шинж тэмдгийн жишээг дурдвал: 

ШалтгаанШинж тэмдэг
Оройн цагаар хүнд дасгал хөдөлгөөн хийхУнтаж амарсан боловч бие амраагүй байх
Стрессээ тайлахгүй хуримтлуулахШөнө унтаж чадахгүй байх
Орой унтахаасаа өмнө хэт их идэхӨдөр нь ядрах, нойр хүрэх
Никотин, алкоголь хэтрүүлэн хэрэглэхСэтгэл гутралд орох, түгших

Мөн “Нойрны асуудал удаан хугацааны дараа арилдаг. Гэхдээ тухайн хүний нойрны асуудал ямар цаг үед, юунаас үүссэнээс шалтгаалаад хэвийн байдалдаа эргэн орох хугацаа нь өөр өөр байдаг. Дунджаар 1-3 сарын дараа хэвийн байдалдаа ордог. Хамгийн чухал зүйл нь таагүй мэдрэмжүүдээ гадагшлуулах, дотнын хүмүүстэйгээ ярилцах юм. Нойргүйдлийн үед эм болон сэтгэл зүйн эмчилгээ хийдэг. Шаардлагатай тохиолдолд тайвшруулах болон нойрны эмийг эмчийн заавар, зөвлөмжийн дагуу зохих тунгаар уудаг. Учир нь нойрны эмийг хэтрүүлснээр хэт удаан унтах, зүрх зогсох зэрэг аюул тулгарч болзошгүй” гэж зөвлөсөн байна. 

Дүгнэлт

Баталгаагүй хуудаснаас судалгаагаар баталсан, аюулгүй гэх худал мэдээллээр чанарын баталгаагүй, үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Нойргүйдэл ба Альцгеймер өвчний хоорондын хамаарлыг одоогоор бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд нойрны эмийг хэтрүүлснээр хэт удаан унтах, зүрх зогсох зэрэг эрсдэл тулгарч болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Нойргүйдэл нь Алцгеймер болон Паркинсрн өвчний шалтгаан болдог. Diamond Sleep нойргүйдлийг эмчлэхээс гадна мэдрэлийн тогтолцооны эмгэгүүдийг үр дүнтэй эмчилдэг” гэх агуулгатай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document