2026 оны 06 дугаар сарын 22-нд “Дугархүү эмч” Facebook хаягаас “ЧАНАСАН ТӨМС Яагаад жин хасахад тусалдаг вэ?” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тухайн бичлэгт “100 гр орчим төмсөнд агуулагдах нүүрс усны хэмжээ 2 ширхэг ёотонтой дүйцнэ. Будааны 100 гр нь 5 ширхэг орчим ёотонтой дүйцэхүйц нүүрс ус агуулж байдаг. Гурил 100 гр-даа 16 ширхэг орчим ёотонтой дүйцэхүйц хэмжээний нүүрс ус агуулж байдаг. Эдгээр нь цусанд ороод бүгд нүүрс ус, глюкоз болж хувирдаг. Төмс нүүрс усны агууламж багатай учир биед ороод инсулин гэдэг гормон бага ялгаруулдаг. Инсулин бага учраас өөхлөлт гэдэг процесс нь бага байгаа юм” гэж ярьжээ.
Мөн постын тайлбар хэсэгт “Би өөр дээрээ болон хэдэн зуун хүн дээр туршиж, үр дүнгээ баталсан зөв хооллолтын аргачлалуудаа “Сахар21” группдээ алхам алхмаар зааж байна” гэж бичсэн байна.
Энэхүү пост 5.2 мянган реакц, 1.5 мянган сэтгэгдэл авч, цааш 1.4 мянган удаа хуваалцсан байна.
FACTCHECK:
“Хэдэн зуун хүн дээр хийсэн судалгаа” гэх албан ёсны судалгаа байхгүй
Шалгасан постын тайлбар хэсэгт оруулсан группийн талаарх мэдээлэл авахаар хандахад 90 хоногийн сургалтын групп руу 49000 төгрөгөөр орох санал тавьж байна.


Мөн, шалгасан бичлэгийн тайлбар хэсэгт оруулсан судалгааны талаар Sciencedirect, Pubmed, Researchgate, Үндэсний судалгааны нэгдсэн платформ зэрэг судалгааны сайт болон Google-ээс “Dugarkhuu” түлхүүр үгээр хайж үзэхэд албан ёсны, хянагдсан судалгаа илэрсэнгүй.
Агуулгыг нягтлах
Шалгасан бичлэгт төмс, будаа, гурилын нүүрс усны хэмжээг ёотонд агуулагдах нүүрс усны хэмжээтэй харьцуулж байсан. Энэ талаар АНУ-ын хүнс хөдөө аж ахуйн судалгааны мэдээллээс хайхад дараах мэдээлэл илэрлээ.
- 100 гр түүхий төмс – 16 гр нүүрс ус,
- 100 гр түүхий цагаан будаа – 80.3 гр нүүрс ус,
- 100 гр гурил – 74.4 гр нүүрс ус тус тус агуулдаг байна. (Эдгээрийг хэрхэн болгож хэрэглэснээс шалтгаалан нүүрс усны хэмжээ өөрчлөгдөнө)
Харин 100 гр нунтаг элсэн чихэрт 99.6 гр нүүрс ус агуулагддаг бөгөөд үүнийг төмс, будаа болон гурилд агуулагдах нүүрс устай харьцуулан, 1 ёотонг ойролцоогоор 4 гр гэж үзэхэд:
- 100 гр түүхий төмс – 16 гр нүүрс ус – 4 ш ёотонд агуулагдах нүүрс устай адил,
- 100 гр цагаан будаа – 80.6 гр нүүрс ус – 20.15 ш ёотонд агуулагдах нүүрс устай адил,
- 100 гр гурил – 74.6 гр нүүрс ус – 18.65 ш ёотонд агуулагдах нүүрс устай адил хэмжээний нүүрс ус агуулна. Энэ нь шалгасан мэдээлэлд гарсан тоо баримтаас ялгаатай байгааг илтгэж байна.
Энэ нь шалгасан мэдээлэлд дурдсан зүйрлэлээс ялгаатай байгааг дор хүснэгтээр өглөө.
| Бүтээгдэхүүний нэр | Шалгасан мэдээлэлд дурдсан тоо | USDA-ээс гаргасан тооцоолол |
| төмс | 2 | 4 |
| будаа | 5 | 20 |
| гурил | 16 | 18.6 |
Нүүрс ус биед шингэсний дараа 100% глюкоз болдоггүй ба глюкоз, галактоз, фруктоз болон хувирдаг. Үүнээс глюкоз нийт хувирлын 80%-ийг эзэлдэг гэж 2024 онд Pubmed анагаах ухааны судалгааны сайтад нийтэлжээ.
Глюкоз нь биеийн гол энергийн эх үүсвэр ба хүний идсэн хоол хүнснээс цус руу орж, инсулины тусламжтайгаар биеийн энерги шаардлагатай хэсгүүдэд очдог гэдгийг анагаах ухааны ашгийн бус Кливланд эмнэлгийн сайтад мэдээлсэн. Инсулин биед орсон нүүрс усыг цусаар дамжуулан, элэг, булчингийн өөхөн эдэд зөөн хадгалдаг. Энэ нь өөхлөлт нэмэгдэх нэг шалтгаан болдог байна. Гэвч энэ нь дангаараа таргалалт үүсгэхгүй.
Шалгасан мэдээлэлд “инсулин бага үед өөхлөлт бага байна” гэж тайлбарласан. Үүний дагуу хайлт хийхэд, эрүүл насанд хүрэгчдийн инсулины ялгарал болон жингийн өөрчлөлтийн хооронд хамаарал бага гэж “Насанд хүрэгчдийн инсулины мэдрэг чанар ба урт хугацааны биеийн жингийн өөрчлөлтийн хоорондын хамаарал” судалгаанд дүгнэсэн байна. Тус судалгаанд 116 насанд хүрсэн хүнийг хамруулж, шинжилсэн байна. Уг шинжилгээнээс инсулин нь жингийн нэмэгдэлтэд шууд нөлөө үзүүлэх нь бага гэж дүгнэжээ. Учир нь, Инсулины тэсвэржилт (инсулины өөх тос хуримтлуулах чадвар бага) нь биеийн жин нэмэгдэхээс сэргийлэх нэг механизм байсан бол инсулинд мэдрэг (инсулины өөх тос хуримтлуулах чадвар өндөр) хүмүүс хамгийн их жин нэмсэн байх ёстой байсан. Гэвч жингийн өөрчлөлт болон инсулины үйлдлийн хооронд иймэрхүү хамаарал илрээгүй байна.
Үргэлжлүүлэн, шалгасан мэдээлэлд “Төмс нүүрс усны агууламж багатай учир биед ороод инсулин гэдэг гормон бага ялгаруулдаг. Инсулан бага учраас өөхлөлт гэдэг процесс нь бага байгаа юм” гэж тайлбарласны дагуу хайж үзэхэд дараах үр дүн илэрсэн:
Төмс болон жингийн өөрчлөлтийн талаар 2022 онд Pubmed сайтад “Төмс болон буурцагт суурилсан илчлэг багатай хооллолт нь биеийн жин, инсулины тэсвэржилтийг бууруулдаг” тухай клиник туршилтын судалгааны үр дүнг нийтэлжээ. Тухайн судалгаанд 8 долоо хоногийн турш нүүрс ус багатай хоол хэрэглэх туршилт явуулсан бөгөөд нийт 36 илүүдэл жинтэй хүнийг санамсаргүй түүврээр хамруулсан байна. Туршилтад оролцогчдыг 2 бүлэгт хуваан, нүүрс ус багатай төмс болон буурцаг голлон хийсэн хоолыг тус тус өгчээ. Туршилтад өдөр, оройн хоолыг хоолзүйчийн нарийн төлөвлөсөн цэсийн дагуу идүүлсэн байна. Судалгааны үр дүнд нүүрс ус багатай төмс болон буурцаг агуулсан хоолны дэглэм биеийн жинг бууруулдаг нь батлагдсан. Тодруулбал, төмстэй хоолны дэглэм барьсан бүлгийн жин дунджаар 5.8 кг, буурцагтай хоолны дэглэм барьсан хүмүүсийн жин дунджаар 4 кг тус тус буурчээ. Гэвч уг судалгааг богино хугацаанд, мэргэжлийн хоолзүйчийн хяналтад явуулсан тул хүн бүрд харилцан адилгүй нөлөөлөхийг дурдаж, үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж судлаачдын зүгээс анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, төмс болон буурцаг нь илчлэгийн нягтралыг бууруулж, инсулины хариу урвалыг сайжруулж, жин хасахад дэмжлэг үзүүлдэг боловч бусад харилцан үйлчлэл нь тодорхойгүй байгаа тул хүн бүрд өөрөөр үйлчлэх нь. Иймд биеийн онцлогт тохироогүй хоолны дэглэмийг дур мэдэн барихаас болгоомжлоорой.
Нүүр ус багатай хоолны дэглэмийг удаан хугацаанд баривал биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй
Нүүрс ус багатай дэглэмийн талаар 2020 онд Sciencedirect судалгааны сайтад “Нүүрс ус багатай хоолны дэглэмийн давуу болон сул талууд” гэх тойм судалгаа нийтэлсэн байна. Уг тоймд дурдсанаар нүүрс ус болон уураг аль алийг хэрэглэсний дараа инсулин ялгардаг гэдгийг дурдсан бөгөөд дараах давуу болон сул талууд илэрчээ.
| Давуу талууд | Сул талууд |
| Богино хугацаанд жин хасахад тустай | Хүний биед шаардлагатай зарим шим тэжээлтэй хоолыг хасдаг |
| Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахрын түвшнийг бууруулдаг | Нас баралтын эрсдэлтэй холбоотой байж болзошгүй |
| “Нүүрс усны хэрэглээг эрс хязгаарлаж (өдөрт 50 г-аас бага нүүрс ус хэрэглэхэд) кетоз үүсэх үед хоолны дуршил буурдаг.” | Кетоз үүсэх нь амнаас эвгүй үнэр гарах, дотор муухайрах, ядрах, дасгал хөдөлгөөн хийх чадвар буурах, мөн биеийн шингэн болон электролитийн тэнцвэр алдагдуулах нэг шалтгаан болдог |
| Удаан хугацаанд дэглэм барьсан тохиолдолд ясны масс буурах, бөөрний чулуу үүсэх зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй |
Мөн Mayo эмнэлгийн сайтад “Нүүрс ус багатай хоолны дэглэмийн зорилго нь хуримтлуулсан өөх тосыг биеийн шаардлагатай энергид зарцуулах буюу хоолноос авч буй калорыг багасгах явдал юм. Ингэснээр биеийн жин буурахад хүргэдэг” гэж тайлбарлажээ. Үргэлжлүүлэн, жин хасахын тулд хоолноос авдаг калороос илүү энерги зарцуулах нь үр дүнтэй гэдгийг дурдаж, нүүрс ус бага хоолны дэглэм нь удаан хугацаанд барихад тохиромжгүй гэсэн байна.
Дүгнэлт
“Дугархүү эмч” Facebook хаягаас түгээсэн”оройн цагаар төмс идэж жин хасах боломжтой” гэдэг нь төөрөгдүүлсэн мэдээлэл юм. Мөн үр дүнг нь баталсан гэх нотолгоо байхгүй туршилтыг мэдээлж, төлбөртэй групп уруу орохыг уриалсан ба нүүрс ус, жингийн хамаарлын талаар бүрэн бус мэдээ тарааж байна.
Pubmed, Sciencedirect зэрэг судалгааны сайтад нийтэлснээр нүүрс усыг багасгасан дэглэм барьж жин хасах боломжтой ч энэ нь урт хугацаанд хүний биед халтай. Жин хассан үр дүн гарсан судалгаанд дан ганц оройн цагаар төмс идэх бус бүтэн өдрийн дэглэм барьсан байна. Мөн эрүүл, насанд хүрсэн хүмүүст инсулин болон жингийн өөрчлөлт хоорондын хамаарал бага гарсан ба энэ тохиолдолд жингээ хасахыг хүсвэл хоол хүнснээс авсан калорын хэмжээнээс илүү энерги шатаах дасгал хөдөлгөөнийг санал болгож байна.



