2026 оны 7 дугаар сарын 28-нд Lkhamsuren Oyun нэртэй хуудаснаас “Bürtgel odoo ch neelttei baigaa ch üürd neelttei baikhgüi! Ene bolomjiig büü aldaarai. Oroltsoj, ene ni tand kherkhen ür ögööj avchrakhyg ööröö medreerei. Negdekhed khyalbar. Alkham alkhmaar büren demjleg üzüülne. Önöödröös ekhlüülekh bolomjtoi. Khüleekh bish, yag odoo shiidveree gargaarai. Tany ireedüi gantskhan shiidverees ekhelne. Delgerengüi medeelel avakhyg khüsvel nadtai önöödör kholbogdooroi” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 1700 гаруй реакц, 93 сэтгэгдэл авчээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь

Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шинжлэхэд, 2026 оны зургаадугаар сарын 14-нд “my private page” нэртэй үүссэн нь илэрлээ.
Үргэлжлүүлэн тухайн хуудаснаас түгээсэн мэдээллийг шинжлэхэд, холбоо барих дугаар, хаяг зэрэг албан ёсны мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдохыг уриалдаг нь ажиглагдаж байна. Мөн мэдээллийн тайлбараа латин үсгээр галиглаж, диакритик тэмдэглэгээ болон цэг, тэмдэгт ихээр ашигласан байна. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж юм.

Зургаар хайсан нь
Шалгасан хуудасны нүүр хэсэгт буй зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад IT Park Mongolia-ийн захирал Ж.Золзаяагийн зураг болох нь илэрлээ. Тодруулбал, 2023 оны тавдугаар сарын 16-нд тус зургийг Ж.Золзаяа өөрийн инстаграмм хуудсандаа нийтэлсэн байна. Үүнээс шалгасан хуудас нь өөр хүний зургийг ашиглан, баталгаагүй мэдээлэл түгээж байгаа нь мэдэгдэж байна. Энэ нь хуурамч хуудасны илрэл юм.
Агуулгыг нягталсан нь

Бид дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор тус хуудас руу чат бичихэд “24 цагийн дотор 1,500,000₮ хүртэл ашиг олох боломжтой” гэх агуулгатай хариу өгч, 150,000₮ шилжүүлэхийг ятгаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр залилангийн сэдэлтэй мэдээлэл илгээж байна.
Энэ төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод бус хувийн чат, мессежээр илгээж, хэрэглэгчийг мэхлэх элбэг. Ингэхдээ ихэвчлэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэхийг шаардсан агуулгатай байдаг. Энэ нь цахим залилангийн шинжтэй үйлдэл тул их хэмжээний ашиг хонжоо амласан мэдээлэлд хянуур хандах хэрэгтэй. АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос цахим залилангаас сэргийлэхийн тулд хувийн болон санхүүгийн мэдээлэл шаардаж буй цахим шуудан, цонхонд хариу өгөхгүй байх хэрэгтэй гэж сануулсан байдаг. Иймд баталгаагүй хуудаснаас илгээсэн чатад хариулахаас зайлсхийж, мөнгө шилжүүлж, хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаарай.
Дүгнэлт
Хуурамч хуудаснаас “150,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд ашгаа аваарай” гэх залилангийн шинжтэй мэдээллийг хэрэглэгчийн хувийн чат руу илгээж, мөнгө нэхэж байна. Энэ нь цахим залилангийн шинжтэй үйлдэл тул сэрэмжтэй байж, мөнгө шилжүүлж, хувийн мэдээллээ өгөхөөс зайлсхийгээрэй.



