2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Энэхүү шинэ утсыг хожихын тулд танд ердөө 5 минут хэрэгтэй” гэсэн агуулгатай пост “Bright Moments” Facebook хаяг нийтэлжээ. Тухайн постыг 45 реакц, 11 сэтгэгдлээр идэвхжүүлсэн байна. Мөн дуучин Хишигдалай, жүжигчин Мишээл зэрэг олны танил хүмүүсийн зургийг ашиглан судалгаа бөглөхийг уриалсан мэдээллүүдийг түгээжээ.
FACTCHECK:
Хаяг шалгах
“Bright Moments” хаяг нь 2026 оны 03 дугаар сарын 05-нд нээгдсэн байна. Админы нээлттэй мэдээллийг харахад Чех улсаас гаралтай 1 удирдлагатай гэдэг нь илэрсэн.
Үргэлжлүүлэн, шалгасан пост тухайн хаягт ил харагдахгүй байгаа учир “Ad Library” хэсгийг шалгалаа. Үүнээс үзэхэд, 2026 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн судалгаа бөглөн сугалаанд оролцох агуулгатай постыг олны танил хүмүүсийн царайг ашиглан тараасан байна. Мөн “Personal blog” (хувийн блог) нийтлэх хаягтай ч судалгааны постоос өөр төрлийн нийтлэл болон бичлэг огт байхгүй байгааг анхаарах хэрэгтэй.

Агуулга нягтлах
Судалгааны шинж чанар, асуулгыг нягтлахын тулд постод оруулсан линк рүү хандаж үзсэн. Судалгааны асуулга Google docs сайтад хийгдсэн байна.
Судалгааны гарчгаас эхлэн гүйлгэн шалгахад дараах үр дүн гарлаа:
Судалгааны гарчиг хэсэгт “Сайн байна уу! Би Монголын социологийн агентлагийг төлөөлж байна. Манай санал асуулга ердөө хэдхэн минут үргэлжилнэ. Та надад тусална уу” гэж бичсэн байна. Монгол улсад энэхүү гарчигт дурдагдсан “Социологийн агентлаг” гэсэн байгууллага байдаггүй. Зөвхөн “Монголын социологийн холбоо” гэж байдаг бөгөөд энэхүү байгууллагаас бие даасан судалгаа явуулдаггүй, социологичдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Мөн байгууллагаас явуулж буй судалгааны гарчиг хэсэгт байгууллага өөрийн бүрэн мэдээлэл, судалгааны зорилго, асуулгын агуулгыг заавал дурдаж өгдөг. Энэ судалгаанд эдгээр мэдээллүүд байхгүй байна.

Судалгааны алдаатай асуулт, хариултуудын тухай
Асуулгын үеэр оршин суугаа газрыг 2 дараалан асуусан ба, оролцогчдын насыг “бүтэн нас” гэж асуусан. Мэргэжлийн судалгааны байгууллагуудын албан ёсны асуулгад үүнийг алдаа гэж үздэг бөгөөд товч, тодорхой асуулт хэрэглэдэг.
- Гэтэл оршин суугаа хаяг болон насыг хоёр янзаар асуусан байна.


Мөн, асуултын бичигдсэн хэв маяг хэт алдаатай, нэг үг, санаа хэт олон давтагдсан байна.

Нийгмийн судалгааны асуулгад нэг төрлийн асуултыг хоёр өөр талаас нь асуух тохиолдол бий. Ингэхдээ хариултууд мөн ижил байдаг. Өөрөөр хэлбэл, “Ерөнхийлөгчийн сонгууль маргааш болбол та хэний төлөө санал өгөх вэ?” болон “өгөхгүй вэ?” гэх асуултын хариулт ижил байх ёстой гэсэн үг юм.

Гэтэл энэ судалгаанд хоёр талаас нь асуухдаа хариултуудыг өөрөөр тавьсан алдаа гаргажээ.
Монгол улсын “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуульд 43.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 43.1.8-д “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглоно” гэж зааж өгсөн. Он гараад сонгуулийн жил эхлэх тул энэ мэт санал асуулга зохион байгуулах нь хориотой болохыг энэ ташрамд сануулъя.
Үргэлжлүүлэн, тухайн судалгаанд нэр бүхий байгууллагыг шууд дурдсан байна. Зарим тохиолдолд байгууллагын үнэлгээ, брэндийн эдийн засгийн судалгаанд нэр дурдаж болох ч:
Улс төрийн судалгааны асуултад байгууллагын нэр дурдах нь судалгаанд оролцогчийг хөтөлсөн, асуултыг тулгаж асуусан тохиолдол юм.

Шалгасан судалгаанд Монгол улсын бусад улстай тогтоосон харилцааны талаар асуусан байсан. Доош цувуулсан улс Орос улсаас эхэлсэн бөгөөд улсуудын дарааллыг шалгаж үзэхэд зүй тогтол илэрсэнгүй. Өөрөөр хэлбэл, хөрш улсын дарааллаар бус, газарзүйн дарааллаар бус санамсаргүй тохиолдлоор дараалуулсан байна. Энэхүү асуултад Орос улсыг хариултын хамгийн эхэнд тавьсан нь судалгаанд оролцогчийн Орос улсын талаарх үзэл бодлыг мэдэх зорилготойг харуулж байна.

Судалгаанд орлогын түвшинг асуухдаа хариултуудыг ихэвчлэн мөнгөн дүнгээр илэрхийлсэн, эсвэл үгчилсэн хариултын хэв маяг ижил байдаг.

Гэтэл энэхүү судалгаа нь мэргэжлийн бус, мөн монгол хэлний өгүүлбэр зүй, найрлагын алдаатай байгаа нь гаднын улсаас боловсруулсан байхаар байна.
Эдгээрээс үзвэл шалгасан хаягаас явуулж буй судалгаа нь албан ёсны байгууллагын бус зохиомол агентлагийн нэрийг барьсан, хүний хувийн мэдээлэлд хандсан асуулга байна. Тиймээс албан ёсны байгууллагаас зарлаагүй, асуулгын мэдээллийг ямар тохиолдолд хэрэглэх нь тодорхойгүй тохиолдолд судалгаа бөглөхөөс зайлсхийж, хувийн мэдээллээ алдагдахаас сэргийлнэ үү.



