Search

“Н.Түвшинбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2019

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Н.Түвшинбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидал илгээсэн” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ЕТГ-аас Н.Түвшинбаяр уучлал хүссэн гэх мэдээллийг үгүйсгэж, худал болохыг мэдээлсэн. Харин шалгасан мэдээлэлд зохиомол захидлын агуулгыг дурдаж, хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 08 дугаар сарын 08-нд Taiz.mn нэртэй хуудаснаас “Н.Түвшинбаяр 2027 оны сонгуулийн өмнө буюу хугацаанаасаа өмнө суллагдахаар Ерөнхийлөгчийн уучлал хүсэж байна. Тэрээр хүсэлтдээ “Монгол Улсын олон улсын нэр хүнд, дэлхийн спортын түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяаг минь үнэлж уучлалаа үзүүлнэ үү” гэж бичжээ” гэх мэдээлэлд (архивласан хувилбар) Н.Түвшинбаярын зураг хавсарган нийтэлжээ. Тус постыг нийт 2,600 реакц, 925 сэтгэгдлээр  идэвхжүүлж, 152 удаа цааш түгээсэн байна.

Бид шалгасан мэдээлэлд дурдсан агуулга бодит эсэхийг Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас  тодруулахад “Уучлал гуйсан захидал, өргөдөл ирээгүй” хэмээн хариулсан.

Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч “уучлал үзүүлэх” бүрэн эрхтэй. Энэ нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд буруугаа хүлээн зөвшөөрч буйг илтгэх ба уучлал хүссэн захидал Ерөнхийлөгчид бичдэг.

Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасан байдаг.

Улсын Их Хурал нийт 7 удаа Өршөөл үзүүлэх тухай хууль баталж байсан бөгөөд хамгийн сүүлд 2021 онд баталж байжээ.  Баримт нэн тэргүүнд сүлжээний гишүүн gogo.mn мэдээллийн сайтад үе, үеийн Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн тухай нийтлэл оруулжээ. Тус мэдээлэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021, 2023, 2025 онд нийт 3 удаа уучлал үзүүлэх зарлиг гаргаж байсан тухай тайлбарлажээ.

Дүгнээд хэлбэл, ЕТГ-аас Н.Түвшинбаяр уучлал хүссэн гэх мэдээллийг үгүйсгэж, худал болохыг мэдээлсэн. Харин шалгасан мэдээлэлд “уучлал хүссэн захидал илгээсэн” гэж хуурамч мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Н.Түвшинбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидал илгээсэн” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document