2026 оны 08 дугаар сарын 09-нд Gold Bold нэртэй хаягаас “Хойд хил дээр шатахууны бөөгнөрөл үүсээд… Оросууд магистралаа яаралтай чөлөөлөх талаар Монголд анхааруулж байна” гэх мэдээлэл (архивласан хувилбар) түгээснийг нийт 67 сэтгэгдлээр идэвхжүүлж, 959 удаа цааш түгээжээ. Мөн Д.Баяраа хаягаас “Оросуудыг муухай харагдуулах зорилгоор бензин тасалдуулсан байна ОХУ_ын хил дээрээс Монгол улс бензинтэй вагоноо татаж авахгүй олон хонолоо гэж Оросууд бичжээ” гэх мэдээлэл (архивласан хувилбар) түгээсэн. Тус постыг нийт 879 реакц, 183 сэтгэгдлээр идэвхжүүлж, 770 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
2026 оны 08 дугаар сарын 10-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Улаанбаатар төмөр замаас шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлттэй холбоотой албан ёсны мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд УБТЗ-ын төлөөлөгч сошиал орчинд түгж буй “ОХУ-ын хил дээрээс шатахуунтай вагоноо татаж авахгүй байна” гэх мэдээллийг үгүйсгэж, худал болохыг мэдэгдсэн.
УБТЗ-ын тээвэрлэлт хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан “УБТЗ улсын хойд болон урд хилээр орж ирж буй бензин, шатахуун, дизель түлштэй вагоныг цаг тухайд нь тасралтгүй хүрэх өртөөнд хүргэж, хүлээн авагчдад олгож байна. “Хойд хил дээр маш олон вагон бөөгнөрсөн УБТЗ татаж авахгүй” байна гэх буруу мэдээлэл түгсэн. Тээвэрлэлттэй холбооттой мэдээллийг үндсэн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа УБТЗ холбогдох мэдээллийг аваарай. Улсын хойд болон урд хил дээр бөөгнөрөл үүсээд, ачааг татаж авахгүй байгаа асуудал байхгүй. Түлш шатахуунтай бүх вагоныг цаг тухайд нь хүлээн авагчдад хүргэж ажиллаж байна. Цаашдаа ч тээврийн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай хангаж ажиллана” хэмээн мэдэгджээ.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баял¥гийн яамнаас “ОХУ-ын Роснефьт компаниас 49,500 АИ92 бензин, бусад нийлүүлэгчээс 12,500 тонн, БНХАУ-аас 6 мянган тонн, нийтдээ 60 мянга гаруй тонн АИ 92 бензин худалдан авах захиалга хүргүүлсэн. Гадаад захиалгыг баталгаажуулж, ачилтын ажил эхэлсэн. ОХУ-аас түлш, шатахуун тасралтгүй орж ирж байна. 08 дугаар сарын 1-10-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 16,500 тонн АИ 92 автобензин орж ирсэн. Сүүлийн 2 хоногт 84 вагон буюу 5,050 тонн автобензин ирснийг өртөө рүү буулгах ажил явж байна. 08 дугаар сарын 10-ны байдлаар Толгойт өртөөнд 22, Рашаант өртөөнд 12, Дархан, Эрдэнэтэд 10 вагон , нийт 44 вагоныг буулгах ажил зохион байгуулж байна. Төмөр замын Сүхбаатар боомтоор импортоор орж ирсэн АИ 92 автобензин бүхий вагоныг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох аж ахуй нэгжүүд 24 цагаар ажиллаж, өртөө рүү буулгах, ШТС-ууд руу түгээх ажлыг гүйцэтгэж байна“ хэмээн мэдэгджээ.
Аж үйлдвэр, эрдэс баяглгийн яамны сайд Г.Дамдинням X (хуучнаар Twitter) хуудастаа ОХУ-ын хил дээр шатахууны бөөгнөрөл үүссэн гэх мэдээллийг үгүйсгэж, худал болохыг мэдээлсэн байна.
Худал мэдээлэл!
— Гонгорын Дамдинням (@Daimka07) August 9, 2026
Дайны хажуугаар дажин гэж! Ийм нэг зориудын хагалан бутаргаж, худал гүжирдсэн мэдээлэл ажилд садаа болохоос өөр нэмэргүй байдаг. pic.twitter.com/mIcQFq0hJR
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, Монгол Улсын хойд хил дээр шатахууны бөөгнөрөл үүсээгүй бөгөөд сошиал орчинд түгсэн мэдээллийг худал болохыг мэдэгдсэн. Мөн холбогдох яам, УБТЗ-аас импортоор орж ирж буй автобензинийг цаг тухай бүрд нь тээвэрлэж буйг тайлбарласан байна.



