Search

Тураах эм гэх бүтээгдэхүүн ходоодны шарх үүсгэх эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2017

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гэдэсний өөх түргэн хугацаанд шатаах капсул гэсэн сурталчилгаа тараажээ. 

Баримт шалгалтын үр дүн

Гаднын удирдлагатай хаягаас орц найрлага тодорхойгүй, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчилж, худал мэдээлэл түгээж байна. Дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэхгүйгээр өөхөө шатаах боломжгүй гэж АНУ-ын Худалдааны комиссоос анхааруулсан.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 31-нд “FitS Capsule Mongolia” Facebook хаягаас “Гэдэсний өөх шатна! Хатуу, удаан тогтолсон өөх дотроосоо хайлна” гэх гарчигтай зар сурталчилгааг тараажээ. Тухайн постыг 94 реакци, 163 сэтгэгдлээр идэвхижүүлж, цааш 21 удаа хуваалцсан байна.

Хаяг шалгах

“FitS Capsule Mongolia” Facebook пэйж нь анх 2025 оны 12 дугаар сарын 10-нд нээгджээ. Тухайн хуудасны ил тод байдлыг шалгахад Вьетнам улсаас 4 админ удирддаг нь харагдаж байна.

Мөн тухайн хуудаст дэлгүүрийн хаяг, холбогдох дугаар зэрэг албан ёсны мэдээлэл байхгүй нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм.

Зургаар шалгах

Шалгасан мэдээлэл дэх бүтээгдэхүүний зургийг Google lens-ээр хайж үзэхэд зөвхөн онлайн худалдааны сайтууд илэрсэн. Бүтээгдэхүүний үйлдвэрлэгч эсвэл албан ёсны борлуулагч илрээгүй бөгөөд капсулын гарал үүсэл, орц найрлага тодорхойгүй байна.

Үргэлжлүүлэн, “FitS Capsule Mongolia” хаягийн нийтэлсэн бусад зургийг Hivemoderation хиймэл оюун шалгах хэрэглүүрээр нягтлахад хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдэг нь илэрсэн.

Зургийн тайлбар: Энэхүү зургийг gptimage1_5 хэрэглүүрээр бүтээсэн байна

Эмийн үйлдвэрлэлийн бичлэгийг хиймэл оюун ухаан ашиглан өөрчилж, капсулыг үйлдвэрт хийж байгаа мэтээр дүрсэлсэн байна.

Зургийн тайлбар: Энэхүү бичлэгийг Sora2 хэрэглүүрээр бүтээсэн байна

Үүнээс үзэхэд, гаднын удирдлагатай хаягаас хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураглалаар хэрэглэгчийг хуурч, бодит үр дүнгүй капсул эм сурталчилж байна.

Агуулгыг нягтлах

Жин хасах капсул хэлбэрийн эмийн талаар Google Scholar судалгааны сайтаас хайхад, 2024 онд нийтэлсэн “Илүүдэл жин болон таргалалттай насанд хүрсэн хүмүүс уухад ходоодонд нь тэлдэг капсулын үзүүлэх үр нөлөө ба аюулгүй байдал” гэсэн туршилтын судалгаа илэрсэн. Тухайн судалгааг Wiley нээлттэй судалгааны санд нийтэлсэн бөгөөд туршсан бүтээгдэхүүн шалгасан мэдээллийн бүтээгдэхүүнтэй ижил байх боломжтой жин хасах капсул төрлийн тураах эм байсан. Уг эм нь ходоодонд ормогц тэлж, цадсан мэдрэмж төрүүлэх үйлчилгээтэй ба 24 долоо хоногийн хугацаанд 280 хүнийг туршилтад хамруулжээ. Судалгааны төгсгөлд оролцогчид 24 долоо хоногийн турш эм, хөдөлгөөн болон мэргэжилтний зөвлөсөн хоолны дэглэмийн хамтаар тодорхой хэмжээнд жин хассан үр дүн гарчээ. Гэвч зарим оролцогчдод ходоод гэдэсний зовуурь, тавгүй мэдрэмж болон ходоодны шарх үүсэх эрсдэл ердийн хэмжээнээс нэмэгдсэн байна. Тиймээс судлаачид энэ төрлийн эмийн хариу үйлдлийг илүү лавшруулан судлах шаардлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, жин хасах нөлөөтэй гэж сурталчилдаг капсул эмийн үр нөлөөг бүрэн баталгаажуулаагүй байгаа тул дур мэдэн хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй. Мөн энэхүү туршилтад капсул болон тогтмол дасгал хөдөлгөөн, дэглэмийг хослуулсан гэдгийг анхаарах хэрэгтэй.

Сурталчилж буй капсулын орц найрлага тодорхойгүйг зургаар шалгах үед илрүүлсэн. Энэ нь тухайн бүтээгдэхүүний биед үзүүлэх нөлөөг тодорхойлох боломжгүй болгож байгаа юм.

Мөн шалгасан мэдээлэл дэх бүтээгдэхүүнийг “Өөхийг шатааж, гэдсийг жижгэрүүлнэ, өдөрт ердөө 2 шахмал, хоол барих, хүнд дасгал шаардлагагүй, эхний өөрчлөлт 14 хоногт мэдэгдэнэ” гэж тайлбарласан байна. Энэ нь бидний өмнө шалгаж байсан хуурамч тураах бэлдмэлийн мэдээллийн шинжтэй адил байгаа юм.

Энэ талаар АНУ-ын Холбооны худалдааны комиссоосДасгал хийхгүйгээр турахыг сурталчилж буй нь хуурамч бүтээгдэхүүний нэг хэв шинж. Энэ төрлийн зарим бүтээгдэхүүн нь таны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм. Амьдралын хэв маяг, хоолны дуршлаа өөрчлөхгүйгээр турна гэдэг боломжгүй” хэмээн анхааруулж, тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны мэдээллийг хүргэжээ. Үүнд:

  • Тураах тос, наалт ашиглаад л жин хасна,
  • Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасна,
  • Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахин таргалахгүй,
  • Богино хугацаанд их жин хасна,
  • Хүн болгонд тохирно гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.

Үргэлжлүүлэн, биеийн өөх нь дасгал хөдөлгөөн хийлгүйгээр алга болдоггүй гэдгийг бидний өмнө нь шалгаж байсан тураах бүтээгдэхүүний баримт шалгалтаас харж болно.

Өөх шатах үеийн бие махбодын үйл явцыг тайлбарлавал: Өөх нь өөхний эд дотор тосны хүчил (триацилглицерол) хуримтлагдсанаас үүсдэг бөгөөд энэ нь шатаж алга болох бус хөдөлгөөн хийх үед цусаар дамжин энерги хамгийн хэрэгтэй хэсгүүдэд шилждэг байна. Үүнээс өөхний эс хоосорч агшдаг ба үүний цаана байрлах булчин үзэгдэж эхэлдэг. Жишээ нь: Гүйх үед цусны эргэлт нэмэгдэж, хөдөлж буй булчин руу өөхний хүчил энерги болон очдог байна.

Дүгнэлт

Дүгнэн хэлбэл, гаднын удирдлагатай хаягаас орц найрлага тодорхойгүй, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчилж, худал мэдээлэл түгээж байна. Дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэхгүйгээр өөхөө шатаах боломжгүй гэж АНУ-ын Худалдааны комиссоос анхааруулсан. Мөн шалгасан мэдээлэлд “хоол барих, хүнд дасгал шаардлагагүй, эхний өөрчлөлт 14 хоногт мэдэгдэнэ” гэсэн нь тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр юм. Тиймээс баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас болгоомжлоорой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Гэдэсний өөх түргэн хугацаанд шатаах капсул гэсэн сурталчилгаа тараажээ. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document