Search

Чичиргээт аппарат нь тураах нөлөөгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас сануулжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2016

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Чичирдэг массаж төхөөрөмж ашиглан дасгал хийхгүйгээр тураах сурталчилгаа түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дасгал хийхгүйгээр зөвхөн чичирдэг төхөөрөмж ашиглах нь жин хасахад нөлөөлөхгүй гэдгийг судлаач болон мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн энэ төрлийн сурталчилгаа нь хуурамч бүтээгдэхүүний нэгд тооцогддогийг мэргэжлийн байгууллагуудаас сануулсан байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 05 дугаар сарын 21-нд “Hello online store” Facebook хаягаас “Тураах аппарат ердөө 45.000₮” гэсэн гарчигтай бичлэг нийтэлжээ. Тухайн бичлэгт “1 минут хэрэглээд 100 удаа таталт хийсэнтэй тэнцэнэ. Ямар ч дасгал хийхгүйгээр. Энэхүү чичиргээт массажлагч нь булчингийн гүнд хүрч цусны эргэлтийг идэвхжүүлснээр өөх шатаалтыг 3 дахин хурдасгадаг. Ялангуяа хэвлийн хэсгийн хатуу өөхийг задалж, богино хугацаанд гоолиг сайхан болгоно.” гэх агуулгыг хүргэж байна.

Уг постыг 1.8 мянган реакци, 931 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 592 удаа хуваалцжээ.

Зургаар хайх

Шалгасан мэдээлэлд сурталчилж буй бүтээгдэхүүнийг Google lens ашиглан зургаар хайхад үйлдвэр эсвэл албан ёсны борлуулагчийн сайт илрээгүй. Хайлтын илэрцэд зөвхөн онлайн дэлгүүрүүд гарсан ба гэдэсний өөх шатаах үйлчилгээтэй бүтээгдэхүүн гэж тайлбарласан байна. Гэвч тус бүтээгдэхүүн өөх шатаах үйлчилгээтэй эсэхийг батлах ямар нэг судалгаа, сертификат зэрэг албан ёсны мэдээлэл огт илэрсэнгүй.

Агуулгыг нягтлах

Бүтэн биеийн чичиргээ өөхөн жинг бууруулах эсэх талаарх үр дүнг нэгтгэсэн мета судалгааг 2019 онд эрдэм шинжилгээний “Pubmed” сайтад нийтэлжээ. Тухайн судалгааны үр дүнд “Энэ төрлийн төхөөрөмж нь өөхний массыг бууруулахад нөлөө үзүүлдэггүй” гэж үзсэн байна. Тодруулбал, 1 цагийн турш тасралтгүй чичирдэг төхөөрөмжийг ашиглахад амьсгалах тоог нэмэгдүүлж 10гр жин хассан үзүүлэлт гарсан. Энэ үзүүлэлт нь хүн энгийн мөчид амьсгалахад зарцуулдаг жингийн бууралтаас ялгаагүй юм.

Мөн Mayo эмнэлгийн сайт-д “Тураах аппарат нь алхах, дугуй унах, усанд сэлэх зэрэг идэвхтэй хөдөлгөөнтэй ижил хэмжээний өөх шатаадаг гэсэн судалгаа байхгүй” гэдгийг дурдан, жингээ хасахыг хүсвэл хоолны дэглэм барьж, идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөжээ.

Үүнээс гадна, АНУ-ын худалдааны комиссоос “Дасгал хийхгүйгээр турахыг сурталчилж буй нь хуурамч бүтээгдэхүүний нэг хэв шинж. Энэ төрлийн зарим бүтээгдхүүн нь таны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм. Амьдралын хэв маяг, хоолны дуршлаа өөрчлөхгүйгээр турна гэдэг боломжгүй” хэмээн анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, тогтмол дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэм зэрэг эрүүл амьдралын хэв маяггүйгээр турах боломжгүй аж.

Өөх шатах үеийн үйл явц:

Өөх шатах үеийн бие махбодын үйл явцыг тайлбарлавал:

Биеийн өөх багасахад өөхний эс шатах болон булчин руу шингэж ордоггүй. Энэ эс нь биеийн бүх хэсэгт зөөллүүр болон биеийн дулааныг хадгалах зорилгоор оршдог ба жин хасагдсан ч арьсан доор байсан байрандаа үлддэг. Харин өөх нь өөхний эс дотор тосны хүчил (триацилглицерол) хуримтлагдсанаас үүсдэг бөгөөд турах үед энэ нь шатаж алга болох бус цусаар дамжин энерги хамгийн хэрэгтэй хэсгүүдэд шилждэг байна. Үүнээс өөхний эс хоосорч агшдаг ба үүний цаана байрлах булчин үзэгдэж эхэлдэг. Жишээ нь: Гүйх үед цусны эргэлт нэмэгдэж, хөдөлж буй булчин руу өөхний хүчил энерги болон очдог байна.

Зураг 1: Өөхний эсийн диаграм

Энэ талаар эрүүл мэндийн Кливлэнд Клиник сайтад “Өөхөн эсийг эрүүл хэмжээнд байлгахын тулд эрүүл, тогтвортой хоол хүнс болон тогтмол хөдөлгөөн (алхах, өдөр тутмын биеийн ажил, хөнгөн дасгал гэх мэт) хийх нь тохиромжтой гэж мэдээлжээ. Эдгээр баримтуудаас харахад, шалгасан мэдээлэлд дурдсан “хоолны дэглэм барихгүй, дасгал хөдөлгөөн хийлгүйгээр бүх өөхийг шатаана” гэх агуулга нь хэт дэгдүүлсэн хуурамч мэдээлэл гэдэг нь нотлогдож байна.

Дүгнэлт

Дүгнэн хэлбэл, дасгал хийхгүйгээр зөвхөн чичирдэг төхөөрөмж ашиглах нь жин хасахад нөлөөлөхгүй гэдгийг судлаач болон мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн энэ төрлийн сурталчилгаа нь хуурамч бүтээгдэхүүний нэгд тооцогддогийг мэргэжлийн байгууллагуудаас сануулсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Чичирдэг массаж төхөөрөмж ашиглан дасгал хийхгүйгээр тураах сурталчилгаа түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document