2026 оны 08 дугаар сарын 03-нд Ч. Нямсүрэн гэх хаягаас “Солонгосчууд айхтар хүмүүс шүү! Уншиж мэдсэнээр бензин нь 2000 оны эхэн үед 200 воноор өсөхөд бүгд машинаа орхиж ажилдаа метро, автобусаар яваад хүн нь чихцэлдэж багтахгүй! Хамаг ажил нь цалгардаж, колонкууд нь орлогогүй болоод баларсан гэдэг. Жинхэнэ утгаараа тэмцэгч ард түмэндээ...” гэсэн агуулга бүхий пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг пост 3,400 гаруй реакц, 162 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 867 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK:
Бид шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар Google хайлтын системээс хайж үзэхэд 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн энд, энд, энд өндөр хандалттай түгжээ.
Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг татаж, Google lens хэрэглүүр ашиглан хайлт хийхэд 2016 онд болсон үйл явдлын талаарх мэдээллүүд илэрцээр гарч ирлээ. Тодруулбал, CNBC мэдээллийн сайтад “Чой-гейт дуулианы үр дагавар үргэлжилсээр: Зуун мянган хүн Ерөнхийлөгч Пакийг огцрохыг шаардав” гарчигтай мэдээ 2016 оны 11 дүгээр сарын 13-нд нийтлэгджээ. Тус мэдээнд, “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ найздаа төрийн хэрэгт оролцох боломж олгосон гэх хэрэгт буруутгагдаж, Бямба гарагт нийслэл хотод зуун мянган жагсагч түүнийг огцрохыг шаардан жагссанаар огцрох шахалт улам бүр нэмэгдэв” гэсэн байна.
Мөн The Guardian сайтад, “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пакийн дуулиант хэрэг нь одоогоор залилан болон албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр баривчлагдаад байгаа түүний дотно найз Чой Сун Шилтэй холбоотой юм” хэмээн онцолж, “60 настай Чойг хувийн харилцаагаа ашиглан “Самсунг, Лотте” зэрэг томоохон компаниудаас өөрийн байгуулсан болон хувийн ашиг сонирхолд ашиглаж байсан ашгийн бус сангуудад хандив өгөхийг шаардсан гэх хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь 2016 оны аравдугаар сарын сүүлээр Өмнөд Солонгост болсон, Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан иргэдийн жагсаалын үеийн бичлэгээс авсан зураг аж.

Уг жагсаалын дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 10-нд БНСУ-ын мэдээллийн ЁНХАП агентлагийн мэдээлснээр “БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Баасан гарагт Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах шийдвэрийг дэмжиж, 92 хоног үргэлжилсэн төрийн хямралыг эцэслэн түүнийг бүрэн эрхээс түдгэлзүүллээ” хэмээн мэдээлжээ.
Шалгасан мэдээлэлд дурдсан “Өмнөд Солонгост бензиний үнэ 200 воноор өсөхөд иргэд машинаа орхиж, нийтийн тээврээр зорчсоноор шатахуун түгээх станцууд орлогогүй болсон” гэж мэдээлсэн албан ёсны эх сурвалж илэрсэнгүй.
2012 оны 09 дүгээр сарын 23-нд БНСУ-ын мэдээллийн ЁНХАП агентлагийн сайтад тус улсын 1997-2011 оны хооронд шатахууны үнийн мэдээллийг хүснэгтээр харуулсан байна.
Тухайлбал, БНСУ-ын дотоодын бензиний үнэ 1998 онд газрын тосны үнийг чөлөөлсний дараах зах зээлийн үнийн бодит байдлаас шалтгаалан өмнөх оныхоос 33 хувиар огцом өсөж, үүнээс хойш жил бүр өсөлттэй байгаа талаар мэдээлжээ.
Гэхдээ үүнээс болж иргэдийн томоохон жагсаал, цуглаан болсон талаарх агуулга тус мэдээнд дурдаагүй байна.

Мөн Солонгосын Тээврийн Судалгааны Хүрээлэнгээс 2009 онд Өмнөд Солонгосын газрын тосны үнийн өөрчлөлт нь зорчих эрэлтэд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Судалгааны үр дүнд шатахууны үнэ өсөхөд авто замын хөдөлгөөний эрэлт буурч, харин метроны зорчигчдын тоо болон зорчилтын хэмжээ нэмэгдэх хандлага ажиглагдсан байна.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь бензиний үнийн өсөлттэй холбоотой жагсаалын зураг биш, харин 2016 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр огцрохыг шаардсан олон нийтийн жагсаалын үеийн зураг байна. Түүнчлэн БНСУ-д 1997-1198 оны хооронд бензиний үнэ огцом өссөн боловч үүнтэй холбоотойгоор иргэдийн томоохон жагсаал, эсэргүүцэл өрнөсөн талаар мэдээлэл байхгүй байна.




