Search

Хиймэл оюунаар бүтээсэн эмчийн дүр ашиглан баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2014

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Кентоуши дотоод эрхтний өөхийг дотроос нь задалдаг, цусны липидийг аюулгүй бууруулдаг, бодисын солилцоог сэргээдэг, хэвлийн өөхийг байгалийн жамаар шатаахыг дэмждэг” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюунаар бүтээсэн зураг ашигласан, найдваргүй хуудаснаас мэргэжлийн эмч зөвлөж байгаа мэтээр мэдээлэл түгээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 7 дугаар сарын 24-нд Др. Бат-Эрдэнэ Ганзориг нэртэй хуудаснаас “Би дотоод шүүрлийн эмч, бодисын солилцооны мэргэжилтэн. Саяхан намайг 33 настай эмэгтэй өвчтөн үзлэгт хамруулсан нь намайг үнэхээр түгшээсэн… Шинжилгээний хариу: Бөөрний цочмог дутагдал – 2-р үе шат, цусан дахь липидийн хэмжээ маш өндөр, өөх тосоор бүрхэгдсэн дотоод эрхтнүүд, бөөр хорт бодис ялгаруулах чадвараа алдаж эхэлж байна. Хэрэв эмчлэхгүй орхивол бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болох эрсдэлтэй. Энэ бол манай мэргэжилтнүүд “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг дотор эрхтний өөхний тод жишээ юм. Би өвчтөнд Кентоуши-г санал болгосон. Учир нь Кентоуши: дотоод эрхтний өөхийг дотроос нь задалдаг, цусны липидийг аюулгүй бууруулдаг, бодисын солилцоог сэргээдэг, хэвлийн өөхийг байгалийн жамаар шатаахыг дэмждэг…” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг бичлэг 39 реакц, 33 сэтгэгдэл авч, 8 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг түгээсэн хаягийг шалгахад, 2026 оны долдугаар сарын 16-нд нээгдсэн, 30 дагагчтай хуудас гэдэг нь илэрлээ. Тус хуудас нь танилцуулга хэсэгтээ хувийн мэдээллээ оруулсан ч баталгаатай, мэргэжлийн эх сурвалж гэдгээ нотлох ямар нэгэн баримт дурдаагүй байна.

Үргэлжлүүлэн уг хаягийн нүүр зургийг хиймэл оюун таних Hive Moderation хэрэглүүрээр шалгалаа. Шалгалтаар уг зургийг хиймэл оюунаар бүтээсэн байх магадлал 99.9 хувьтай илэрсэн бөгөөд reve, gptimage, meta зэрэг хэрэглүүр ашиглажээ.

Зургийн тайлбар: Hive Moderation хэрэглүүрээр ашигласан шалгалтын үр дүн

Мөн шалгасан мэдээлэлд ашигласан зургийг wasitai хэрэглүүрээр шинжлэхэд, хиймэл оюунаар бүтээсэн зохиомол зураг болох нь илэрлээ.

Мөн тухайн хуудас нь хаяг байршил, албан ёсны холбоо барих мэдээлэл, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг оруулалгүйгээр зөвхөн холбоосоор дамжин мэдээлэл авах, захиалга өгөхийг уриалж байна. Иймэрхүү мэдээллийн ил тод байдал дутмаг байдал нь баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилдаг хуудсуудад түгээмэл ажиглагддаг шинж юм.

Сэжигтэй домэйн хаягтай холбоосыг ашиглахаас өмнө тусгай шалгах хэрэгслээр нягталж хэвших хэрэгтэй. Ингэснээр тухайн хаягийн эзэмшигч, бүртгэл, байршил, холбоо барих мэдээлэл зэрэг албан ёсны мэдээллийг шалгах боломжтой. Хэрэв эдгээр мэдээлэл тодорхойгүй, зөрүүтэй эсвэл сэжигтэй нөхцөл илэрвэл тухайн холбоосоор нэвтэрч хувийн мэдээллээ оруулахгүй байх нь зүйтэй.

Дээрх хуудсанд хавсаргасан холбоосыг олон нийтэд нээлттэй Who.is хэрэглүүрээр нягтлахад 2026 оны тавдугаар сарын 28-нд үүсэн, Вьетнамд байршилтай хаяг гэж илэрсэн.

Зургаар хайсан нь

Шалгасан мэдээлэлд буй Кентоуши гэх бүтээгдэхүүнийг Google Lens, Yandex, TinEye зэрэг хэрэглүүрээр хайхад зөвхөн онлайн худалдааны сайтууд дээр л илэрцтэй байна. Үүнээс өөрөөр бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, гарал үүсэл зэрэг албан ёсны мэдээлэл алга. Мөн эл бүтээгдэхүүнийг баталсан албан ёсны гэрчилгээ зэрэг мэдээлэл илэрсэнгүй. Энэ нь бүтээгдэхүүний баталгаагүй байдлын илрэл юм.

Эдгээр баримтаас дүгнээд үзэхэд, хиймэл оюунаар бүтээсэн зураг ашигласан, найдваргүй хуудаснаас мэргэжлийн эмч зөвлөж байгаа мэтээр мэдээлэл түгээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Энэ төрлийн баталгаагүй хуудас нь хуурамч мэдээлэл түгээж, хэрэглэгчийг төөрөгдүүлэн, залилах нь элбэг тул болгоомжтой хандах шаардлагатай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Кентоуши дотоод эрхтний өөхийг дотроос нь задалдаг, цусны липидийг аюулгүй бууруулдаг, бодисын солилцоог сэргээдэг, хэвлийн өөхийг байгалийн жамаар шатаахыг дэмждэг” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document