Search

Хувьцаа авах сургалтын клубийн нэр барьж залилан хийж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2013

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хувьцаа авах сургалт сурталчилсан пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын удирдлагатай пэйжээс өөр хүний дүрс зураг болон хиймэл оюун ухаанаар өөрчилсөн бичлэг ашиглан залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 26-нд “Bayan bai 100%” гэсэн бичигтэй зураг болон “Хувьцаа аваад байхаар донтох шинжтэй шүү” гэсэн гарчигтай пост Purevjav Nasanbuyn Facebook хаягаас нийтэлжээ. Тэрээр нийтлэлдээ “Хувьцаа аваад байхаар донтох шинжтэй шүү. Би хувьцаа авахдаа өсөлттэй байдаг эсэх , ногдол ашиг өгдөг эсэхийн хараад авдаг. Сар бүр тогтмол авахад ханшийн савалгаа чухал биш ч бууралттай үед нь авбал зүгээр. Хувьцаа авъя гэж бодсон үнээс өндөр байхаар нь бууралттай байгаа 1 банкны хувьцаа авчихлаа. Аваад харсан 800₮ үлдчихэж тэгэхээр лэндийн хувьцаа 5ш-ийг авчихлаа. Амттанд донтдог шиг хувьцаанд донтох нь нэмж авдаг хувьцааны ханш буусан байвал ахиад авчихмаар санагддаг болчиж. Зайрмаг авч идмээр тэгснээ энүүгээр чинь тэдэн ш хувьцаа авна гэж бодож байх шиг. Одоо хүүхдэдээ тусад нь данс нээгээд авдаг болчихсон бүр сайхан байна аа” гэсэн тайлбар оруулжээ.

Purevjav Nasanbuyn Facebook хаягийг 2026 оны 04 дүгээр сарын 12-нд нээсэн байна.

Пэйжийн админы мэдээллийн хэсгийг харахад Нигер улсад байрлалтай 4 хүн удирдаж байна.

Мөн шалгаж буй хаягт сургалт ордог клубын мэдээллийг хуваалцсан байна. Тухайн клубыг “Bayan bai 100%” гэх бөгөөд уг пэйжийг шалгаж үзлээ. “Bayan bai 100% ” хуудсын өмнөх нэр Ouna Balsanova байсан бөгөөд 2026 онд “Bayan bai 100%” болгожээ. Purevjav Nasanbuyn хаяг нь энэ клубийн талаар тасралтгүй сурталчилгаа явуулж байгаа ч нэмэлт мэдээлэл байхгүй, зөвхөн чатаар холбогдохыг уриалж байна. Энэ нь залилангийн мэдээлэл түгээдэг хуурамч хаягуудад анзаарагддаг шинж тэмдгийн нэг илрэл юм.

Мөн пэйжийн админы мэдээллийг харахад Нигер улсаас 2 хүн удирдаж байна. Үүнээс харахад, Purevjav Nasanbuyn болон Bayan bai 100% Facebook хаягууд холбоотой аж.

Зургаар хайх

Purevjav Nasanbuyn хаягт хуваалцсан өөр нэг зургийг Google lens ашиглан хайж үзсэн. Хайлтын явцад Be rich community илэрсэн ба энэхүү нийгэмлэгийг Bolortuya Bayaraa гэх хүн удирддаг байна. Тэрээр мөн “Be rich club”-ийг үүсгэн байгуулжээ. Тухайн хаягаас 2026 оны 07 дугаар сарын 31-нд “Хуурамч хаягаас болгоомжил” хэмээх пост оруулсан ба энэхүү хүний мэдээлэл, зургуудыг ашиглан залилан хийж байгааг анхааруулсан байна.

Мөн Purevjav Nasanbuyn хаягийн нийтэлсэн бичлэгийг хиймэл оюун ухааныг шалгах Hivemoderation хэрэглүүрээр шалгаж үзэхэд, хиймэл оюун ухаанаар бүтээсэн дуутай бичлэг гэдэг нь 97%-ийн үнэлгээтэй гарлаа.

Үргэлжлүүлэн, “Bayan bai 100%” пэйжийн нийтэлсэн зургийг Hivemoderation хиймэл оюун ухаан шалгагчаар шалгаж үзэхэд, хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн гэдэг нь илэрсэн. Энэхүү зургийг
stablediffusion хиймэл оюун ухааны модель ашиглан бүтээсэн байх магадлал 80%-тай байна.

Өөрөөр хэлбэл, Гаднын удирдлагатай баталгаагүй хуудаснаас хиймэл оюунаар бүтээсэн, зохиомол зураг ашиглаж хуурамч мэдээлэл түгээжээ.

Дүгнэлт

Дүгнэн хэлэхэд, Гаднын удирдлагатай пэйжээс өөр хүний дүрс зураг болон хиймэл оюун ухаанаар өөрчилсөн бичлэг ашиглан залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Хуурамч хаягууд:

Purevjav Nasanbuyn

Bayan bai 100%

Бодит хаягууд:

Be rich community

Bolortuya Bayaraa

Хиймэл оюун ухаан шалгах хэрэглүүр:

Hivemoderation

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хувьцаа авах сургалт сурталчилсан пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document