Search

“Харшлын багц” гэх бүтээгдэхүүний найрлага дахь ургамлуудын судалгаанд харшлыг намдаах үйлчилгээ байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2012

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Харшлын багц хэрэглэхэд харшлаас ангижирна хэмээх агуулгатай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дархлаа дэмжих эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлчилгээг харшлын эсрэг хэмээн сурталчилж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Чонын элэг жимс болон саримсны хүний биед үзүүлэх ашиг тус, үр нөлөө нь судалгаагаар батлагдсан боловч харшлын шинж тэмдгийг дарах, харшилгүй болгох гэдэг нь судалгаагаар батлагдаагүй, ургамлын харшил дарах үйлчилгээтэй гэх эцсийн дүгнэлт хийхэд хангалтгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 28-нд “Чонын элэг жимсний ундаа” Facebook хаягаас харшлын багц хэрэглэхэд харшлаас ангижирна гэх агуулгатай бичлэг түгээжээ. Тухайн бичлэгтээ “Харшлыг хамгийн их сэдрээдэг зүйл нь айраг байдаг. 21 хоног айраг уухад ургамлын харшил илэрсэнгүй. Үр дүнтэй бүтээгдэхүүн байна.” гэсэн утгатай тайлбарыг хийсэн ба сэтгэгдэл хэсэгт “Гол үйлчилгээ нь цусыг шингэлж дархлааны цагаан эсийг нөхөн төлжүүлдэг. Бүх төрлийн харшил нь дархлааны эмзэгшлээс үүсдэг тул энэ асуудлыг маш сайн шийддэг. Байгалын гаралтай төгс эмчилгээ болдог” гэсэн байна.

Бичлэгийг нийт 769 реакци, 133 сэтгэгдлээр идэвхжүүлж, 3.2 мянган удаа цааш хуваалцжээ.

Агуулгыг нягтлах

Харшил нь бие бусад бодист хэт хариу үзүүлэх явдал юм. Жишээ нь ургамлын тоос, амьтны үнэр, зарим хоол хүнс гэх мэт харшил үүсгэгч биед нэвтрэх үед бие үүнийг аюултай вирус эсвэл бактери гэж үзэн биеэс гаргахыг оролддог. Энэ нь харшлын хөнгөн үед загатнах, нус гоожих, найтаах зэрэг хариу үйлдлийг өдөөдөг гэж ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд сайтад мэдээлжээ.

Мөн eDoctor сайтад мэдээлснээр, харшилтай хүмүүсийн 50 хувь нь удамшлаас, үлдсэн 50 хувь нь амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байдаг ба агаарт хөвөгч зүйлс, зарим хүнс, шавжанд хатгуулах, эм тариа, зарим төрлийн хачиг зэргээс харшлах нь элбэг байдаг гэжээ.

Mayo эмнэлгийн сайт болон Америкийн Астма ба Харшлын Сангийн мэдээлж байгаагаар харшлын шинж тэмдэгтэй үед хамгийн үр дүнтэй арга нь харшил өдөөгчөөс зай барих ба ургамлын тоос тоосонцроос харшилтай үед хамрын цацлага хэрэглэх нь шинж тэмдгийг бууруулна гэж дурджээ. Бусад эм, эмчилгээг эмч болон эм зүйчтэй зөвлөлдсөний үр дүнг хэрэглэх нь харшлын шинж тэмдгийг бууруулах, зогсооход үр дүнтэй.

Бичлэгт “айраг уух нь харшлыг сэдрээдэг” гэж хэлсэн тул энэ талаар мэдээлэл хайсан. Монголын харшил судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, профессор, харшлын эмч С.Мөнхбаярлах “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн iToim аналитик мэдээллийн вэбсайтад өгсөн ярилцлагадаа “Шарилжийн харшилтай хүмүүс айраг, гүүний саам уух юм бол харшил нь сэдэрч хүндэрдэг… Тухайн хүний мэдрэгшсэн харшил үүсгэгчийг цусны шинжилгээ эсвэл арьсны сорилоор юунд харшилтайг нь тогтоогоод, ямар хүнс хориглохыг эмч зааварлах ёстой. Түүнээс биш харшилтай хүнд хориглох хүнсийг зөвхөн мэргэжлийн эмч л хэлж өгч чадна.” гэсэн байна.

Бичлэгт гарч буй харшлын багцад чонын элэг жимсний шүүс болон саримсны спиртэн ханд гэх 2 бүтээгдэхүүн оруулсан байна. Тухайн бүтээгдэхүүний хүний биед үзүүлэх нөлөөг хайхад дараах үр дүн гарсан.

Чонын элэг (wolfberry, өөр нэршлээр гожи (goji) жимс) нь хятадын уламжлалт эмийн ургамалд тооцогддог. Энэхүү жимсний цусны эргэлтийг дэмжих, мэдрэлийн тогтолцоог хамгаалах, хорт хавдрын эсрэг дархлааг нэмэх гэх мэт биед үзүүлэх нөлөөг Оксфордын их сургуулийн Хүнсний технологи, шинжлэх ухааны 2025 оны сэтгүүлд дурджээ. Гэвч тухайн судалгаанд чонын элэг жимсний харшлын шинж тэмдгийг бууруулах нөлөөг бүрэн судлаагүй гэж үзсэн байна.

Саримсны ашиг тусын талаар Кливланд эмнэлгийн сайтад нийтэлснээр, сармис нь дархлааг дэмжих, үрэвслийг бууруулах, зүрхний эрүүл мэндийг дэмжих гэх мэт ашигтай. Гэвч энэхүү нийтлэл болон Pubmed сайтад нийтлэгдсэн саримсны биед үзүүлэх нөлөөг судалсан судалгаанд харшлын шинж тэмдгийг бууруулах, харшлаас ангижруулах үйлчилгээ дурдаагүй.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, дархлаа дэмжих эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлчилгээг харшлын эсрэг хэмээн сурталчилж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Чонын элэг жимс болон саримсны хүний биед үзүүлэх ашиг тус, үр нөлөөг судалгаагаар баталсан боловч харшлын шинж тэмдгийг дарах, харшилгүй болгох гэдэг нь судалгаагаар батлагдаагүй, ургамлын харшил дарах үйлчилгээтэй гэх эцсийн дүгнэлт хийхэд хангалтгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Харшлын багц хэрэглэхэд харшлаас ангижирна хэмээх агуулгатай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document