Search

Банкны хуурамч сайтыг “Urlvoid” хэрэглүүрээр шалгаарай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2011

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“CU-тэй хамт азаа сорь” гэсэн тайлбартай постыг холбоосны хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

CU Mongolia сүлжээ дэлгүүрийн нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “3 ижил тэмдэг нээгээд шагнал аваарай” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 08 дугаар сарын 3-нд “Decoración de fiestas” нэртэй Фэйсбүүк хаягаас “CU-тэй хамт азаа сорь” гэсэн тайлбартай постыг (архивласан хувилбар) холбоосны хамт түгээжээ.

Хаягийг шалгавал, 71 дагагчтай, профайл зураг нь CU Mongolia сүлжээ дэлгүүртэй огт хамаарал, холбоо байхгүй засал чимэглэлийн зураг байна. Үргэлжлүүлэн тухайн хуудасны ил тод байдлыг шалгахад Перу улсаас нэг админ удирддаг нь харагдаж байна. Мөн “Decoración de fiestas” гэх уг хаягийн нэрийг орчуулбал, “баяр ёслолын чимэглэл” гэсэн утгатай үг аж.

CU Mongolia сүлжээ дэлгүүрийн албан ёсны Facebook хуудас нь 405 мянга гаруй дагагчтай, хаяг, холбоо барих дугаар зэрэг шаардлагатай бүх мэдээллээ оруулсан байгаа нь доор зурагт харагдаж байна. Мөн албан ёсны хуудсыг үзвэл “3 ижил тэмдэг нээгээд шагнал аваарай” гэх агуулгатай пост байхгүй байна.

“ushop.today” гэх вэбсайтыг Urlvoid хэрэглүүр ашиглан шалгахад, шалгаж буй мэдээлэл түгээсэн өдөр буюу 08 дугаар сарын 03-нд үүсжээ. Мөн үр дүнгийн мэдээлэл ногоон байвал тухайн сайт аюулгүй, харин шар, улбар шар байвал сэрэмжтэй байх шаардлагатайг илтгэдэг. Доор харьцуулсан байдлаар харууллаа.

Тус вэбсайт руу ороход “3 ижил тэмдэг нээвэл супер шагналын эзэн болно. Бусад бүх оролцогчдод мөн урамшуулал бий” хэмээн хэрэглэгчийг урхидаж, Төрийн банк, Хаан банк, Голомт банк, ХХБ, Капитрон банк зэрэг хүмүүсийн өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг банкнуудын вэбсайтын дизайныг ижил түвшинд дуурайлган хийсэн нэвтрэх нэр, нууц үгээ оруулах хуудас руу үсэрч байна. Энэ нь хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг хулгайлах зорилготой “фишинг” халдлага юм.

Дүгнээд хэлбэл, CU Mongolia сүлжээ дэлгүүрийн нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “3 ижил тэмдэг нээгээд шагнал аваарай” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна. Хуурамч вэбсайтад нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар та залилагчдад интернэт банкны нэвтрэх мэдээллээ зүгээр өгч байна гэсэн үг. Иймд та аливаа вэбсайтад нэвтрэх мэдээллээ оруулахдаа заавал вэбсайтын холбоосыг (домайн) тогтмол шалгаж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“CU-тэй хамт азаа сорь” гэсэн тайлбартай постыг холбоосны хамт түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document