2026 оны 07 дүгээр сарын 31-ны өдрөөс эхлэн “Azman Hashim” нэртэй Фэйсбүүк хаяг “Харилцагчийн мэдээлэл, апп дээр шинэ мэдээлэлтэй танилцаарай” гэсэн тайлбартай постыг холбоосны хамт түгээж байна.
FACTCHECK:
Хаягийг шалгавал, анх 2023 онд “Azman Hashim” гэх гадаад нэртэй үүсэж, дунд нь нэг удаа нэрээ сольж, 2026 оны 07 дүгээр сарын 7-нд буцаад “Azman Hashim” болгон өөрчилжээ. Мөн 1 дагагчтай, профайл зураг нь Хаан банктай огт хамаарал, холбоо байхгүй хүүхдийн зураг оруулсан зэрэг залилангийн шинжүүдийг агуулж байна.

Хаан банкны албан ёсны Facebook хуудас нь 584 мянга гаруй дагагчтай, хаяг, холбоо барих дугаар зэрэг шаардлагатай бүх мэдээллээ оруулсан байгаа нь доор зурагт харагдаж байна.

Постод хавсаргасан вэбсайтыг шинжилье
“khanbank-mn.com” гэх вэбсайтыг Urlvoid хэрэглүүр ашиглан шалгахад, нэг хоногийн өмнө буюу 07 дугаар сарын 31-нд үүсжээ.

Тус вэбсайт руу ороход “хүрд эргүүлээд 35 жилийн ойн баярын урамшуулал аваарай” хэмээн хэрэглэгчлийг урхидаж, хүрд эргүүлсний дараа Хаан банкны вэбсайтын дизайныг ижил түвшинд дуурайлган хийсэн нэвтрэх нэр, нууц үгээ оруулах хуудас руу үсэрч байна. Энэ нь хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг хулгайлах зорилготой “фишинг” халдлага юм.

Дүгнээд хэлбэл, Хаан банкны нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “хүрд эргүүлээд шагнал аваарай” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.
Хуурамч вэбсайтад нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар та залилагчдад интернэт банкны нэвтрэх мэдээллээ зүгээр өгч байна гэсэн үг. Иймд та аливаа вэбсайтад нэвтрэх мэдээллээ оруулахдаа заавал вэбсайтын холбоосыг (домайн) тогтмол шалгаж байгаарай. Хаан банкны цорын ганц албан ёсны вэбсайт нь www.khanbank.com, Фэйсбүүк пэйж нь Khan Bank бөгөөд ямар ч банк нийгмийн сүлжээгээр иргэдийн нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг шаарддаггүй болохыг анхаараарай.




