Search

Гаднын улсаас удирлагатай хуурамч хуудаснаас “Gingko Max” гэх чанар, үр нөлөө нь тодорхойгүй бүтээгдэхүүн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2009

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Gingko Max тархийг эрүүл, сэргэг байлгаж аюултай хүндрэлээс сэргийлнэ” гэсэн агуулга бүхий тархины нэмэлт бүтээгдэхүүн сурталчилсан пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас админ удирддаг хуурамч хаягаар баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Сурталчилж буй нэмэлт бүтээгдэхүүний гол орц болох гинкго билоба хэмээх ургамлын нөлөөг шинжлэх ухаанаар бүрэн батлаагүй байгаа бөгөөд тус ургамлын хандыг их хэмжээгээр хэрэглэх нь зүрхний хэм алдагдах, толгой эргэх, харшил өгөх, суулгах зэрэг гаж нөлөөтэй байдаг.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Gingko Max – Эрүүл, сэргэлэн тархи нэртэй хуудаснаас “Gingko Max тархийг эрүүл, сэргэг байлгаж аюултай хүндрэлээс сэргийлнэ” гэсэн агуулга бүхий тархины нэмэлт бүтээгдэхүүн сурталчилсан пост түгээжээ. Тус пост 334 реакц, 93 сэтгэгдэл авч, 199 удаа цааш түгээгджээ.

Хаяг шалгах

Тархины нэмэлт бүтээгдэхүүн сурталчлан борлуулж буй “Gingko Max – Эрүүл, сэргэлэн тархи” хуудас нь 2025 оны 11дүгээр сарын 26-нд “JEZ Mongolia – Үе мөчний эрүүл мэндийг арчлах” гэсэн нэртэй нээгдэж, 2026 оэы 01 дүгээр сарын 28-нд одоогийн “Gingko Max – Эрүүл, сэргэлэн тархи” нэртэй болжээ.

Мөн тухайн хуудасны ил тод байдлыг шалгахад Вьетнам улсаас хоёр админ удирддаг нь харагдаж байна.

Түүнчлэн сүүлийн үед гаднын улсаас удирдаж буй хуудаснаас чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулахдаа ашигладаг нэг хуудас бүхий хуурамч сайт руу чиглүүлж байна.

Зургаар хайх

Тухайн хаягаас сурталчилж буй “Gingko Max” гэх бүтээгдэхүүний баталгаатай байдлыг шинжлэхийн тулд Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайлаа. Шалгасан мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүн олон улсын онлайн худалдааны сайтуудаар борлуулагдаагүй байна. Харин тухайн нэмэлт бүтээгдэхүүний гол орц болох “гинкго билоба”-ны талаарх эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдэгдэл болон судалгаанууд илэрцээр гарч ирлээ.

Тодруулбал, бүтээгдэхүүний гол орц болох гинкго билоба /Ginkgo biloba/ ургамлын нөлөөг шинжлэх ухаанаар бүрэн батлаагүй байгаа аж. Учир нь тус ургамлын хандыг их хэмжээгээр хэрэглэх нь зүрхний хэм алдагдах, толгой эргэх, харшил өгөх, суулгах зэрэг гаж нөлөөтэй байдаг. Мөн АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас гинкго билобатай нэмэлт бүтээгдэхүүнийг албан ёсоор батлаагүй байна . Өөрөөр хэлбэл, уг ургамлын нэмэлтээр ямар нэгэн өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, зориулалттай гэдэг нь бүрэн батлагдаагүй байгаа юм.

Эрүүл мэндийн Cleveland Clinic сайтад “3,000 гаруй оролцогчийг хамарсан том хэмжээний судалгаагаар гинко нь ахмад настнуудын ой тогтоолт муудах буюу зөнөгрөл өвчнөөс урьдчилан сэргийлэхэд плацебо буюу хуурамч эмнээс дээрдэх зүйлгүй болох нь тогтоогджээ. Архаг ой тогтоолтын эмгэгтэй болсон хүмүүсийн хувьд өдөр тутмын үйл ажиллагаанд нь бага зэргийн эерэг нөлөө үзүүлсэн гэж тэмдэглэгдсэн ч тархины үйл ажиллагаа муудах явцыг удаашруулж чадаагүй” хэмээн мэдээлжээ.

Түүнчлэн тархины эрүүл мэндийг дэмжинэ хэмээн сурталчилдаг нэмэлт бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг олон шим тэжээл нь тархины хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй болохыг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Гэвч эдгээр шим тэжээлийн тархины эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөний талаарх хамгийн хүчтэй нотолгоо нь нэмэлт бүтээгдэхүүнээс бус, харин төрөл бүрийн хоол хүнсээр хангалттай хэмжээгээр авч хэрэглэсэн нөхцөлд хийгдсэн судалгаануудаас гарсан байдаг гэжээ.

Дүгнээд хэлбэл, гаднын улсаас админ удирддаг хуурамч хаягаар баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Сурталчилж буй нэмэлт бүтээгдэхүүний гол орц болох гинкго билоба хэмээх ургамлын нөлөөг шинжлэх ухаанаар бүрэн батлаагүй байгаа бөгөөд тус ургамлын хандыг их хэмжээгээр хэрэглэх нь зүрхний хэм алдагдах, толгой эргэх, харшил өгөх, суулгах зэрэг гаж нөлөөтэй байдаг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Gingko Max тархийг эрүүл, сэргэг байлгаж аюултай хүндрэлээс сэргийлнэ” гэсэн агуулга бүхий тархины нэмэлт бүтээгдэхүүн сурталчилсан пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document