Search

Биеийн хэт халалт халуун хоолноос үүсдэг гэх судалгаа байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2008

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хэт халуун — аюултай” гэсэн гарчигтай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэт өндөр халуурахад хүний биеийн эд эс үхдэг, мөн хэт халуун хоол идэх нь улаан хоолойн хавдарын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэхдээ харин халуун хоол идээд эсийн үхэлд хүргэсэн тухай нэг ч тохиолдол, судалгаа байхгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 27-нд Dr. Mengke – Мөнхөө Эмч Багш Facebook хуудаснаас “Хэт халуун — аюултай” гэсэн гарчигтай бичлэг түгээжээ. Тэрээр бичлэгтээ “Хүүхэд 40 градус болоод ирэхээр татдаг. Яаж байна вэ гэсэн үг вэ гэвэл тархины эсэнд хувирал үүсэж байна. Дахиад 41 45 градус болбол хүүхэд бол байхгүй болно. Хүний эд эс гэдэг чинь 43 градус болоход байхгүй болдог. 47 градус болбол бүрмөсөн үхдэг. Бидний тогоон дэх хоол чинь хамгийн хөрсөн үедээ 60 70 шүү дээ. Тэгэхдээ бид нар ямар хоол идэх вэ? Хүйтэн хоол биш шүү. 30-40 градусын хоолыг идэж байвал ходоод эрүүлээр сайхан ажиллах боломж бүрдэнэ.” гэж тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл, халуун хоол идэхийг хэт өндөр халуурахтай зүйрлэн ярьсан нь контектээрээ төөрөгдүүлж байгаа тул доорх мэдээллийг бэлтгэлээ.

Агуулгыг нягтлах

Энгийн үед хүний биеийн хэвийн дулаан 35.5-аас 37.6 хэмд хэлбэлздэг. Үүнд:

  • 10-аас доош насны хүүхэд – 35.5-37.5 хэм,
  • 11-65 насны хүн – 36.4-37.6 хэм,
  • 65-аас дээш насны хүн – 35.8-36.9 хэм байдаг.

Хэрэв биеийн дулаан 38 хэмээс өгсвөл үүнийг халуурах гэж нэрлэнэ гэж Ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд эмнэлгийн сайтад дурджээ.

Энгийн үед хүний бие автоматаар өөрийгөө хөргөөх арга хэмжээг авдаг. Тухайлбал хөлрөх нь хүний биеийг хөргөх нэг арга юм. Зарим тохиолдолд халуунд бие дотроосоо халах үед (жишээлбэл дасгал хийсний дараа) бие өөрийгөө хөргөөж чаддаггүй. Түүнээс болж бие хэт халах (Hyperthermia) тохиолдол гардаг.

Олон нийтийн нээлттэй судалгааны сан (Pubmed)-д хүний бие халах үед юу болдог талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулжээ:

  • 40 хэмд эндотерм үйл ажиллагаа алдагддаг,
  • 41 хэмд эсийн шууд үхэл болдог,
  • 42 хэмд гэдэсний бактерээс сэргийлэх чадвар буурдаг гэсэн байна.

Мөн өөр төстэй судалгаанд хэт халах тохиолдолд дотор эрхтнүүдийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гардаг болохыг тайлбарласан байна.

  • Элэгний эдийн стресс эрчимжиэ, митохондри гэмтэхийн зэрэгцээ хорт нэгдлүүдийн хуримтлал ихсэх,
  • Цусны даралт нэмэгдэж, зүрх судасны ачаалал ихсэх,
  • Мэдрэлийн эсүүд гэмтэх гэх мэт.

Шалгасан мэдээлэлд халуун хоол идэх нь хүний биеийн температурыг ихэсгэдэг агуулгыг илэрхийлж байсан. Үүнийг нээлттэй судалгааны Pubmed, Springer, GoogleScholar сайтаас хайж үзэхэд холбоо хамаарлыг баталсан судалгаа илрээгүй. Одоогоор халуун хоол нь хүний биеийн хэмийг хэт халааж, эсийн үхэлд хүргэсэн судалгаа байхгүй байна.

Харин Их Британы иргэдийн мэдээлэл дээр тулгуурласан, удаан хугацааны турш хэт халуун хоол, уух зүйлс хэрэглэсний үр дүнд улаан хоолойн хавдар үүсэх эрсдэл нэмэгдэх хандлагатай гэсэн судалгаа байдаг.

Их Британы хүнсний цэвэр аюулгүй байдлын Essential food hygiene компаний сайтад “Хоол болсны дараа 40-60 хэмд байх нь бактер үржих эрсдэлтэй байдаг. Хамгийн тохиромжтой хэм бол 63 хэм гэж мэдээлжээ. Мөн хоолыг 62-68 хэмд идэх нь эрсдэлтэй хэмээс гадуур, түлэгдэлгүй идэх боломжийг бүрдүүлнэ гэсэн байна.

Дүгнэлт

Хэт өндөр халуурахад хүний биеийн эд эс үхдэг, мөн хэт халуун хоол идэх нь улаан хоолойн хавдарын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэхдээ харин халуун хоол идээд эсийн үхэлд хүргэсэн тухай нэг ч тохиолдол, судалгаа байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хэт халуун — аюултай” гэсэн гарчигтай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document