2026 оны 5 дугаар сарын 16-нд Japan Pharma Эмийн Сан нэртэй хуудаснаас “Архи уух дуршлаа бууруулж, биеэ дотроос нь цэвэрлэхэд туслах ургамлын гаралтай элэг цэвэрлэж, архинаас гаргах япон наалт” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 850 реакц, 2500 гаруй сэтгэгдэл авч, 566 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:

Энэхүү мэдээллийг нягтлахын тулд түгээсэн хуудасны ил тод байдлыг шалгав. Шалгалтаар тус хуудас нь 2023 оны нэгдүгээр сарын 16-нд “Nami – Гоо Сайхан Худалдаа & Үйлчилгээ” нэртэйгээр үүссэн бөгөөд түүнээс хойш хоёр удаа нэрээ өөрчилж, хамгийн сүүлд 2026 оны тавдугаар сарын 15-нд “Japan Pharma Эмийн Сан” нэртэй болсон нь илэрлээ.
Үргэлжлүүлэн тус хуудасны мэдээлэл түгээх хэлбэрийг шинжлэхэд, хаяг, байршлын талаарх мэдээллээ тодорхой оруулаагүй, цахим шуудан, танилцуулга, вебсайт зэрэг албан ёсны мэдээллээ байршуулаагүй байна. Мөн бидний нягталсан мэдээллээс өөр нээлттэй пост огт нийтлээгүй нь тухайн хуудасны үйл ажиллагаа, түгээж буй мэдээллийн ил тод байдалд эргэлзэх үндэслэл юм. Учир нь шалгасан мэдээлэлд “Архинаас гаргах Япон наалт, элэг цэвэрлэгч бүтээгдэхүүн” зэрэг агуулгыг дурдсан ч бүтээгдэхүүний танилцуулга, зураг, үйлдвэрлэгчийн мэдээлэл, найрлага зэрэг үндсэн мэдээллийг огт дурдаагүй байна.

Бүтээгдэхүүн, борлуулагчийн талаарх үндсэн мэдээллийг ил тод хүргэлгүй, зөвхөн чатаар холбогдож, холбоосоор дамжуулан худалдан авалт хийхийг уриалж байгаа нь цахим залилангийн тохиолдлуудад түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүдийн нэг юм. Энэ нь тухайн хуудасны баталгаагүй, найдваргүй байдлын илрэл юм. Иймд энэ төрлийн найдваргүй хуудсанд хандаж, баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэнд болон санхүүгийн хохирол амсахаас сэргийлээрэй.
Агуулгыг нягталсан нь
Шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар Pubmed, Google Scholar, ResearchGate зэрэг судалгааны сангаас “архинаас гаргах наалт” гэх түлхүүр үгээр хайхад бүтээгдэхүүний тухай, цаашлаад наалт нь элэг цэвэрлэдгийг баталсан судалгаа огт байхгүй байна.
Шинжлэх ухаанаар батлаагүй наалт хэрэглээд архины зохисгүй хэрэглээ, хамаарлыг арилгахгүй. Архинаас гаргах эмчилгээ нь хүн бүрийн биеийн байдал, архины хэрэглээ зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байдаг. Мөн зан үйлийн эмчилгээ, эмийн эмчилгээ, архинаас болж үүссэн өвчний эмчилгээ зэргийг нэгтгэсэн цогц эмчилгээ хийдэг.
2004 онд АНУ-ын судлаачид мекамиламин буюу дур хүслийг бууруулдаг эм (тамхинаас гарахын тулд анх бүтээгдсэн) агуулсан наалтын туршилтыг хийхээр төлөвлөж буй тухай мэдээлсэн ч одоогоор олон нийтэд нийтлэгдсэн судалгаа, үр дүнг харуулсан нотолгоо байхгүй байна.
Наалт ашиглан элэг хоргүйжүүлж, аохинаас гаргадаг болохыг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй.
Мөн элэг нь бие махбодын байгалийн хоргүйжүүлэх системийн нэг хэсэг ба биеийн үндсэн шүүлтүүрийн үүргийг гүйцэтгэдэг. Элэг цус шүүх, цөс ялгаруулах зэрэг үйл явцаар бие махбодоос хорт бодисыг гадагшлуулдаг байна. Эрүүл элэг өөрөө биеийн хоргүйжүүлэх үйл явцыг байнга явуулж байдаг тул нэмэлт “цэвэрлэгээ” хийх шаардлагагүй. Мөн бөөрний үйл ажиллагаа хаягдал бодисыг шүүж, биеэс гадагшлуулдаг. Иймд ямар ч баталгаа, үр дүн, нөлөөгүй наалт хэрэглэх шаардлагагүй юм.
Дүгнэвэл, Найдваргүй хуудаснаас “архинаас гаргаж, элэг цэвэрлэх япон наалт” гэх агуулгатай мэдээлэл түгээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Архины хамаарлыг энгийн наалт хэрэглэх замаар эмчлэх боломжгүй бөгөөд ийм төрлийн бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй байна. Иймд хэт дэгсдүүлсэн сурталчилгаатай, баталгаагүй бүтээгдэхүүнд болгоомжтой хандаж, мэргэжлийн эмч, эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө авах нь зүйтэй.




