Search

“Монголын газар нутгийн 1/3-г сонгон шалгаруулалтаар зарахаар нээлээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2006

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“7.30ны өдрөөс эхлээд Монголын газар нутгийн 1/3 г сонгон шалгаруулалтаар зарахаар нээлээ гэнэ дээ” гэсэн мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

07 дугаар сарын 30-наас эхлэн газрын тосны хайгуул хийх хүсэлтэй дотоод, гадаадын компаниудыг сонгон шалгаруулалтад хүсэлтээ ирүүлэх зар оруулсныг “сонгон шалгаруулалтаар зарах гэж байна” гэж төөрөгдүүлсэн байна. Газрын тосны хайгуул хийх талбаын хэмжээ 286,270 км² буюу Монголын 1,564,116 км² газар нутгийн ойролцоогоор 1/5 байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нум Сум Мөнх Цэцэг хаягаас “7.30ны өдрөөс эхлээд Монголын газар нутгийн 1/3 г сонгон шалгаруулалтаар зарахаар нээлээ гэнэ дээ” гэсэн пост оруулжээ. Уг постыг 106 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1.3 мянган удаа цааш түгээжээ. Сэтгэгдэл хэсэгтээ Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн зургийг оруулсан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын сайтад 07 дугаар сарын 30-нд “Газрын тосны хайгуулын нээлттэй талбайн сонгон шалгаруулалтын зар” нийтэлсэн. Уг мэдээлэлд Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/55 дугаар тушаалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) нь газрын тосны хайгуулын арван зургаан (16) талбайд нээлттэй олон улсын сонгон шалгаруулалтыг 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зарлаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг урьж байна” гэсэн байна.

Хайгуул хийх талбайн нээлттэй сонгон шалгаруулалтад багтсан талбай. Эх сурвалж: АМГТГ
Газрын тосны хайгуул хийх талбайн байршил. Эх сурвалж: АМГТГ

Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах” үйл ажиллагааг зохицуулж өгсөн.

19.1.Төрийн захиргааны байгууллага доор дурдсан хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана:

  • 19.1.1.улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн болон төрийн захиргааны байгууллагаас ялгасан талбай;
  • 19.1.2.эрэл хийсэн этгээд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас татгалзсан;
  • 19.1.3.урьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл авсан этгээд хайгуул хийхээс татгалзаж талбайгаа буцааж өгсөн, эсхүл удаа дараа зөрчил гаргаснаас эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон;
  • 19.1.4.хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж талбайг буцаан авсан;
  • 19.1.5.энэ хуулийн 9.1.22, 11.1.5, 17.7 -д болон 12 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан;
  • 19.1.6.хуульд заасан бусад.

Мөн Газрын тосны хайгуулын хугацаа найм хүртэл жил байх бөгөөд уг хугацааг төрийн захиргааны байгууллага хоёр хүртэл жилээр хоёр удаа, уламжлалт бус газрын тосны хайгуулын хугацаа арав хүртэл жил байх бөгөөд уг хугацааг төрийн захиргааны байгууллага тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно. Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно зэрэг хуулийн зохицуулалтыг АҮЭБЯ-ны сайтад 2025 оны 06 дугаар сарын байдлаарх “Газрын тосны хайгуул ашиглалт” танилцуулагад дурдсан байна.

20 дугаар зүйлд Хайгуулын талбайн захиалга хүлээн авах үйл ажиллагааг зохицуулсан.

20.1.Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана.

20.2.Хайгуулын талбайн захиалгыг төрийн захиргааны байгууллагад битүүмжлэн ирүүлэх ба түүнд дараах баримт бичгийг хавсаргана:

  • 20.2.1.захиалагчийн эрх зүйн байдлыг нотлох баримт бичиг;
  • 20.2.2.захиалагч, түүний хөрөнгө оруулагчийн танилцуулга;
  • 20.2.3.захиалагчийг төлөөлөх хүний овог, нэр, албан тушаал, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг, түүнд эрх олгосныг нотлох баримт;
  • 20.2.4.захиалагчийн техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварыг нотлох баримт бичиг;
  • 20.2.5.хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийн баталгаа;
  • 20.2.6.хайгуулын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсөв;
  • 20.2.7.энэ хуулийн 34.5-д заасан үйлчилгээний хөлсийг төлсөн баримт;
  • 20.2.8.захиалагч нь түншлэл байвал түүний оролцогч талуудын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг, оролцох хувь, хэмжээ.

20.3.Төрийн захиргааны байгууллага хайгуулын талбайн захиалга хүлээн авсан эсэх талаар ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэжээ.

Дүгнэлт

07 дугаар сарын 30-наас эхлэн газрын тосны хайгуул хийх хүсэлтэй дотоод, гадаадын компаниудыг сонгон шалгаруулалтад хүсэлтээ ирүүлэх зар оруулсныг “сонгон шалгаруулалтаар зарах гэж байна” гэж төөрөгдүүлсэн байна. Газрын тосны хайгуул хийх талбаын хэмжээ 286,270 км² буюу Монголын 1,564,116 км² газар нутгийн ойролцоогоор 1/5 байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалж:

“Газрын тосны хайгуулын нээлттэй талбайн сонгон шалгаруулалтын зар

Газрын тосны тухай хууль

“Газрын тосны хайгуул ашиглалт” танилцуулага

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“7.30ны өдрөөс эхлээд Монголын газар нутгийн 1/3 г сонгон шалгаруулалтаар зарахаар нээлээ гэнэ дээ” гэсэн мэдээлэл оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document