2026 оны оны 05 дугаар сарын 12-нд SENNA TEA/ гэдэс цэвэрлэх, тураах цай нэртэй хуудаснаас дотор цэвэрлэж, тураах цай сурталчилсан бичлэг түгээснийг нийт 3,600 гаруй реакц, 37 сэтгэгдлээр идэвхжүүлж, 242 удаа цааш түгээжээ. Тус бичлэгийн тайлбар хэсэгт “Өтгөн хаталтыг зөөлөн бөгөөд үр дүнтэй дэмжинэ, гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлж, дотроос цэвэрлэнэ, хоол боловсруулалтыг дэмжиж, гэдэс дүүрэх мэдрэмжийг багасгана, биеийг хөнгөрүүлж, арьсыг өнгөлөг харагдахад тусална, байгалийн гаралтай найрлагатай, биеийг дотроос нь цэвэрлэнэ, илүүдэл хуримтлалыг гадагшлуулна” гэх агуулгыг дурдаж, цөсний чулуутай болон жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй” гэж бичжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Сенна нь буурцагт ургамлын овгийн цэцэгт ургамлын бүлэгт хамаарах хэд хэдэн зүйлийн мод, сөөг ургамлыг хэлдэг. Мөн энэ төрлийн цэцэг, навч, жимснээс гаргаж авсан ургамлын гаралтай эмийг Сенна гэж нэрлэдэг байна. Сенна ургамлаас гаргасан ханд, цайг уламжлалт ургамлын анагаах ухаанд өтгөн хаталт намдаах, сэргээх зориулалтаар ашиглаж иржээ. Худалдаанд байдаг ихэнх бүтээгдэхүүнийг Александрын (Cassia acutifolia) болон Энэтхэг сенна (C. angustifolio) ургамлаас гаргаж авдаг байна. Сеннаг ихэвчлэн цай, туулгах эм, зарим тохиолдолд жин хасах эм, бүтээгдэхүүнд ашигладаг.
Сенна ургамлын навчинд агуулагддаг үндсэн идэвхт нэгдлүүдийг сеннагийн гликозид буюу сенносид гэж нэрлэдэг. Энэ нь хоол боловсруулах замд шууд шимэгддэггүй. Харин гэдэсний ашигтай бактерийн тусламжтай задардаг бөгөөд бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, туулгах нөлөө үзүүлдэг байна.
Брауны Анагаах ухааны их сургуулийн мэдээллийн сайтад нийтлэгдсэн тураах, хоргүйжүүлэх цайнд агуулагддаг сенна навч нь туулгах үйлчилгээ үзүүлдэг учир богино хугацаанд, түр зуурын жин хасах нөлөө үзүүлдэг тухай тайлбарлажээ. Мөн эл мэдээлэлд “энэ төрлийн цайг удаан хугацаанд хэрэглэх нь хоол боловсруулах тогтолцооны асуудал үүсгэх, хэт хамааралтай болж, бие туулгах үйлчилгээтэй цай, эм бэлдмэлгүйгээр өтгөнөө гадагшлуулж чадахгүй, ажиллагаагүй болдог. Мөн шингэний дутагдалд орох эрсдэлтэй бөгөөд тураах цай нь шээс хөөх үйлчилгээтэй тул их хэмжээний ус гадагшлуулж, цөөн хоногт 2-3кг жин хассан мэт харагдуулдаг… Шингэн алдагдахад зүрх, булчингийн үйл ажиллагаанд шаардлагатай натри кали болон бусад чухал эрдэс бодис мөн гадагшилдаг” хэмээн анхааруулсан.
2018 онд BBC мэдээллийн сайтад нийтлэгдсэн сурвалжилгад тураах цайны гаж нөлөөний бодит кэйсийг мэдээлжээ. Тодруулбал, Индиа Бенжамин гэх эмэгтэй сенна агуулсан цай удаан хугацаанд хэрэглэснээс үүдэн гэдэсний асуудалтай болсон тухай ярьжээ. Мөн тус мэдээлэлд Ковентри их сургуулийн хоол тэжээл судлалын ахлах багш, доктор Дюан Меллор “сенна агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь туулгах эм цаашид хэрэглэх эсвэл хоол идсэний дараа албаар бөөлжиж гаргах сөрөг зан үйлд хүргэж болзошгүй ба эрүүл мэндэд маш хортой” хэмээн тодруулга өгчээ.
Европын эмийн агентлаг, Их британийн Эрүүл мэндийн алба, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн алба, эрүүл мэндийн мэдээ зөвлөгөө хүргэдэг Мэйо клиник, Healthline зэрэг байгууллагаас сеннад суурилсан эмийн 7-оос дээш хоног, сенна агуулсан нэмэлт бүтээгдэхүүн, цай зэргийг удаан хугацаанд хэрэглэхгүй байхыг анхааруулсан. Тодруулбал, сеннаг удаан хугацаанд хэрэглэх нь нь толгой эргэх, суулгах, гэдэс өвдөх, гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, туулгах эмээс хамааралтай болох, харшлах, шингэн алдагдах, цаашлаад элгийг гэмтээх сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй хэмээн анхааруулсан. Мөн 2022 онд нийтлэгдсэн “Сенна ургамлын исэлдэлтийн эсрэг болон халдварын эсрэг шинж чанарын талаарх сүүлийн үеийн судалгааны тойм” судалгаанд сенна хэрэглэснээс үүдэн элэг, булчингийн гэмтэл авсан хэд хэдэн кэйс судалгааг дурджээ. Мөн АНУ-ын биотехнологийн мэдээллийн төвийн сайтад сенна агуулсан цайг урт хугацаанд хэрэглэсэн эмэгтэйн элэг хүндээр гэмтсэн тухай мэдээлсэн.
Үүнээс харахад сенна ургамлыг голдуу гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, туулгах эм, цай хэлбэрээр ашигладаг байна. Гэвч энэ төрлийн цай, эмийг урт хугацаанд хэрэглэх нь хэт хамааралтай болох, гэдэсний асуудал үүсгэж, цаашлаад эрүүл мэндийн ноцтой эрсдэл учруулж болзошгүй юм. Туулгах үйлчилгээтэй цай нь хэдий богино хугацаанд жин хассан мэт мэдрэмж төрүүлэх ч энэ нь биеийн өөхийг багасгасан гэсэн үг биш юм.
Түүнчлэн, сенна ургамал агуулсан бүтээгдэхүүнийг жин хасахад эерэг нөлөөтэйг урт хугацаанд туршиж, судалсан өргөн хүрээний чанартай клиник судалгаа байхгүй. АНУ-ын Холбооны худалдааны комиссоос зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй тухай анхааруулсан. Иймд аливаа эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж сурталчилсан бүтээгдэхүүнийг шууд худалдан авч хэрэглэхээсээ өмнө эмнэлэгт хандаж, эмчээс зөвлөгөө аваарай.
Дүгнэлт
Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас сенна ургамал агуулсан эм бэлдмэл, бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтмол хэрэглэхийг зөвлөдөггүй. Эл ургамлыг “тураах бэлдмэл” бус өтгөн хатах үед туулга хэлбэрээр ашиглаж ирсэн ба энэ төрлийн ургамлын зүйлийг туулгын эмэнд ашигладаг байна. Урт хугацаанд хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. Шалгасан мэдээлэлд жин хасах зориулалттай ургамлын гаралтай цай мэт төөрөгдүүлсэн сурталчилгаа хийжээ. Ингэхдээ зөвхөн богино хугацааны эерэг нөлөөг дурдаж, сөрөг, гаж нөлөөг огт тайлбарлаагүй байна.




