Search

“Kanprox” гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг “элэгний өвчний эмчилгээ” мэтээр сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 2004

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АНУ-ын FDA стандартын дагуу, шим тэжээлийг 10 дахин хурдан шингээх хэт авианы олборлолтын дэвшилтэт технологиор бүтээгдсэн KANPROX нь таны элэгний эрүүл мэндийг иж бүрэн хамгаална. Элэгний үрэвсэл, элэгний хатуурал, элэгний өөхний эцсийн эмчилгээ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Саяхан нээгдсэн, найдваргүй хуудаснаас “Kanprox” гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг “Элэгний өвчнийг эдгээх япон бүтээгдэхүүн, FDA-аар баталгаажсан” зэргээр хуурамчаар сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 7 дугаар сарын 18-нд Kanprox Fujina – Эрүүл Элэг Өдөр Бүр нэртэй хуудаснаас “АНУ-ын FDA стандартын дагуу, шим тэжээлийг 10 дахин хурдан шингээх хэт авианы олборлолтын дэвшилтэт технологиор бүтээгдсэн KANPROX нь таны элэгний эрүүл мэндийг иж бүрэн хамгаална. Элэгний үрэвсэл, элэгний хатуурал, элэгний өөхний эцсийн эмчилгээ” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 323 реакц, 72 сэтгэгдэл авч, 266 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргыг ашиглав.

Хаягийг шалгасан нь

“Kanprox Fujina – Эрүүл Элэг Өдөр Бүр” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг нь шинжлэхэд, 2026 оны дөрөвдүгээр сарын 27-нд “Зүрх Судасны Эрүүл Мэндийг Дэмжих Төв – Sarafine Япон Технологи” нэртэйгээрт анх үүсгэсэн нь илэрлээ.

Тухайн хуудас нь холбоо барих утасны дугаар, мэйл зэрэг албан ёсны мэдээлэлгүй, хэрэглэгчдийг зөвхөн чатаар холбогдож, холбоосоор дамжихыг уриалдаг байна. Мөн орчуулгын программ ашигласан мэт үг, үсэг, найруулгын алдаатай мэдээлэл нийтэлдэг нь ажиглагдсан. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.

Агуулгыг нягталсан нь

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд буй “АНУ-ын FDA стандартын дагуу бүтээгдсэн” гэх агуулгыг шинжлэхийн тулд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны албан ёсны сайтад хандаж, хайлт хийв. Хайлтыг “KanProX Fujina”, “KanProX Japan”, “KANPROX” зэрэг түлхүүр үгээр хийхэд бүтээгдэхүүний талаар ямар ч мэдээлэл илэрсэнгүй. Энэ нь уг бүтээгдэхүүн мэргэжлийн зохицуулах байгууллагуудаар албан ёсоор баталгаажаагүйг илтгэж байна.

Зургийн тайлбар: АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны сайтаас KanProX бүтээгдэхүүний тухай хайсан илэрц

Үүнээс гадна тус хуудсанд хавсаргасан холбоосыг олон нийтэд нээлттэй домэйн шалгах хэрэглүүрээр нягталлаа. Тодруулбал, Urlvoid.com хэрэглүүрээр дээрх мэдээлэлд буй холбоосыг нягтлахад хоёр сарын өмнө үүсэн, Вьетнамд байршилтай хаяг гэж илрэв.

Зургаар хайсан нь

Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг Google Lens хэрэглүүрээр хайхад зөвхөн онлайн худалдааны сайтууд дээр л илэрцтэй байна. Үүнээс өөрөөр бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, гарал үүсэл зэрэг албан ёсны мэдээлэл алга. Мөн эл бүтээгдэхүүнийг баталсан албан ёсны гэрчилгээ, элэгний өвчнийг эмчилдэг эсэхийг нотолсон судалгаа байхгүй байна. Энэ нь бүтээгдэхүүний баталгаагүй байдлын илрэл юм.

Эдгээр баримтаас уг бүтээгдэхүүнийг олон улсын стандартаар бүрэн батлагдаагүй, найдваргүй гэдгийг нь харж болно. Ийм баталгаагүй бүтээгдэхүүнийг гаднын улсын удирдлагатай пэйжээр дамжуулан Монголд борлуулах үзэгдэл их байгаа тул худалдан авах, чатаар хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаарай. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн баталсан судалгааны материал байхгүй.

Ташрамд дурдахад, элэг нь бие махбодыг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн тул цэвэршүүлэх зорилгоор нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагаас сануулдаг байна. Мөн элэгний өвчлөл нь шалтгаан, хүндрэлийн зэрэг гэх мэт хүчин зүйлээс хамаарч өөр өөр эмчилгээний заалттай байдаг. Иймд орц найрлага нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авч, мэргэжлийн хүний зааврын дагуу тохирох эм, бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэй.

Дүгнээд хэлэхэд, Саяхан нээгдсэн, найдваргүй хуудаснаас “Kanprox” гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг “Элэгний өвчнийг эдгээх япон бүтээгдэхүүн, FDA-аар баталгаажсан” зэргээр хуурамчаар сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“АНУ-ын FDA стандартын дагуу, шим тэжээлийг 10 дахин хурдан шингээх хэт авианы олборлолтын дэвшилтэт технологиор бүтээгдсэн KANPROX нь таны элэгний эрүүл мэндийг иж бүрэн хамгаална. Элэгний үрэвсэл, элэгний хатуурал, элэгний өөхний эцсийн эмчилгээ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document