“Laugh rafting 66” сайтаас гарчиггүй бичлэг түгээсэн байна. Тухайн бичлэгийг NTV телевизийн зураглалаар эхлүүлж, Одзаяа нэртэй влог хөтлөгч “Плинко” гар утасны тоглоомоор их хэмжээний мөнгө олсон гэх агуулгыг оруулсан байна.
FACTCHECK:
Хаяг шалгах
“Laugh rafting 66” хаяг нь 2024 оны 06 дугаар сарын 02-нд нээгдсэн байна.
Пэйжийн ил тод байдлыг шалгахад Украинд байрлалтай, цөөн дагагчтай болон бусдыг дагадаггүй, холбогдох утасны дугаар нь +380 буюу Украин улсын кодтой байна.

Мөн бичлэгийн эхний хэсгийг зургаар хайх аргаар хайхад 2026 оны 01 дүгээр сарын 13-нд нийтлэгдсэн NTV телевизийн мэдээний хөтөлбөр гарч ирсэн. Мэдээг шалгаж үзэхэд тэтгэврийн зээл, сумын статус, төрийн хууль зүйн асуудлаар сурвалжилсан байна. Мэдээг хөтөлсөн сэтгүүлчийн хувцаслалт, үс, нүүр будалт зэрэг нь адилхан байгаагаас тухайн өдрийн мэдээний дүрсийг ашиглан, хуурамч мэдээлэл бүтээсэн байна. Хуурамч бичлэгт дурдсан “гар утасны тоглоом, их хэмжээний мөнгө хожсон” зэрэг мэдээллүүд байхгүй.

Мөн бичлэгт дурдагдсан Одзаяа нэрээр хайхад Одзаяа Дэрэмчимэд хаяг гарсан ба мөн хаяг дээр гар утасны тоглоом, мөнгө хожсон агуулгатай мэдээлэл байхгүй.
Шалгасан бичлэгт гарсан тоглоомыг Google Lens-ээр хайхад Google play болон онлайн тоглоомын сайтын линк агуулсан зураг илэрсэн. Линк рүү хандан ороход ихэвчлэн мөнгө хожих, шагналын сан өндөр гэх мэт тайлбарыг агуулсан байна.
Мөн Snopes.com баримт шалгах олон улсын байгууллагын гишүүн хаягаас Плинко нэртэй тоглоомын зар сурталчилгаа нь залилан гэдгийг сануулсан байна.
Дүгнэлт
Гаднын улсаас удирддаг хаягаас NTV телевизийн мэдээний дүрсийг ашиглан гар утасны тоглоомоос мөнгө хожиж буй мэт хуурамч мэдээлэл түгээж байна.




