2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Bat-Erdene нэртэй Facebook хаягаас “…Эхнэр минь, Saruul, 5 жил гаруй хугацаанд синусит өвчнөөр шаналж ирсэн. Ингээд бид CHIKUNAIN нэртэй дэмжих бүтээгдэхүүнийг туршиж үзэхээр шийдсэн. Эхний долоо хоногт л Saruul өглөө бүр хамар нь арай илүү чөлөөтэй болсон гэж хэлсэн” гэх агуулга бүхий пост нийтэлсэн байна. Уг пост 3 реакц, 0 сэтгэгдэл авч, 111 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Хаягийг шалгасан нь
Шалгасан мэдээлэл түгээсэн “Bat-Erdene” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, 2026 оны 06 дугаар сарын 24-нд үүссэн нээгдээд удаагүй байгаагаас гадна Вьетнам улсаас 1 админ удирддаг нь илэрлээ.

Тус хуудаснаас хувийн түүхээ хуваалцах маягаар мэдээлэл түгээдэг. Тухайн түүхээрээ дамжуулан ямар нэг бүтээгдэхүүн сурталчилдаг байна. Ингэхдээ үг үсэг, найруулга, утга зүйн алдаатай мэдээлэл түгээдэг нь ажиглагдсан. Түүнчлэн сүүлийн үед гаднын улсаас удирдаж буй хуудаснаас чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулахдаа ашигладаг нэг хуудас бүхий хуурамч сайт руу чиглүүлж байна.
Зургаар хайх
Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг зургаар хайхад, amazon, lazada зэрэг олон улсын худалдааны сайтуудад “гайморит болон архаг хамрын салст бүрхэвчийн үрэвсэлийн үед зовуурийг багасгах, дотуур ууж хэрэглэх эм” гэж сурталчилсан нь илэрсэн. Гэвч тус бүтээгдэхүүний баталгаатай байдлыг нотолсон албан ёсны ямар ч мэдэгдэл алга. Тухайлбал, АНУ-ын Хоол, Хүнсний Захиргааны сайтаас уг бүтээгдэхүүний нэрээр хайлт хийхэд ямар ч илэрцгүй байна. Энэ нь тухайн бүтээгдэхүүний найдвартай байдалд эргэлзэх үндэслэл юм.
Синусит буюу хамрын дайвар хөндийн үрэвсэл гэж юу вэ?
Эрүүл мэндийн Cleveland clinic сайтад “синусит нь хамрын дайвар хөндийн (синус) дотор талын салст бүрхэвчийн үрэвсэл” хэмээн мэдээлжээ. Синус нь хүний нүүрний ясанд орших агаараар дүүрэгдсэн бүтэц бөгөөд бактерийн болон вирусний халдвар, харшил зэрэг нь эдгээр хөндийг цочроож, шингэнээр дүүрэн тагларахад хүргэдэг. Энэ нь нүүрээр дарах, өвдөх, хамар тагларах болон бусад шинж тэмдгүүдийг үүсгэдэг байна.
Түүнчлэн, хамрын хөндийн чийглэг орчинд буюу салстад нян, бактер, мөөгөнцөр үүссэнээр үрэвсэл үүсдэг аж. Хурц хэлбэрийн үрэвсэл нь ихэвчлэн ханиад, томуунаас үүсэхээс гадна дараах эрсдэлт хүчин зүйлс нөлөөлж болдог. Тодруулбал,
- Хамрын таславч муруй, тэгш бус байх
- Хамрын хөндийд яс ургах
- Хамрын ургацаг
- Хамрын харшил
- Хөгцтэй орчинд удаан байх
- Дархлаа сулрах
- Тамхи
- Кистозон фиброз / уушгины салст өтгөрч бөглөрөхөд хүргэдэг эмгэг /
- Шүдний өвчин
Дээрх дурдсан Cleveland clinic сайтад мэдээлснээр синусит нь ихэвчлэн өөрөө арилдаг байна. Харин маш ховор тохиолдолд “бактери, мөөгөнцөр нь тархи, нүд, ойролцоох яс руу халдварлан амь насанд аюултай хүндрэл үүсгэж болзошгүй” гэжээ.
АНУ-ын Харшил, астма, дархлал судлалын коллежийн мэдээллээр хамрын хөндийн хөнгөн үрэвслийг гэрийн нөхцөлд эдгээх боломжтой гэжээ. Ялангуяа вирусийн гаралтай үрэвслийг ихэвчлэн 14 хоногийн дотор эмчлэх боломжтойг дурдсан байна. Харин үрэвслийн шинж тэмдэг 7-10 ба түүнээс олон хоног үргэлжилбэл эмчийн зааврын дагуу антибиотик эмчилгээ хийхийг зөвлөдөг аж.
Хүмүүс гэрийн нөхцөлд дараах эмчилгээний дагуу хамрын хөндийн үрэвслээс ангижрах боломжтой тухай анагаах ухааны мэдээ мэдээллийн Мedical news today цахим сайтын холбогдох нийтлэлд онцолжээ.
- Үрэвслийн эсрэг, өвчин намдаах эм хэрэглэх-Аспирин, парацетамол, ибупрофен зэрэг эм нь тогтмол өвдөлт намдаах, халуун бууруулах, толгойн өвдөлтийг намдаахад тусалдаг.
- Үрэвслийн эсрэг хамрын цацлага хэрэглэх-Деконгестант ( хамрын хөндийг намдаах үйлчилгээтэй эмийн нэг төрөл) агуулсан хамрын цацлагыг 3–4 хоног хэтрүүлэхгүй хэрэглэж болно. Харин арьсны харшил, эмгэгийн эсрэг даавар агуулсан цацлага болон давсны уусмалыг илүү олон хоног хэрэглэж болдог. Гэвч хамрын цацлагыг хэтрүүлэн хэрэглэх нь үрэвслийг эргэн сэдрээх, хамрын хөндийг хөлөргөх, битүүрүүлэх зэрэг сөрөг үр дагавартай тул бүтээгдэхүүний зааврыг дагах нь чухал юм.
- Хамраа цэвэрлэх / угаах– Хамраа цэвэрлэх нь хамрын хөндийн үрэвсэлд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор 2016 онд хийсэн судалгаагаар хамраа угааж цэвэрлэснээр үрэвслийн шинж тэмдгүүд болон толгойн өвдөлт багасаж, өвчин намдаах эм хэрэглэх нь буурсан дүн гарчээ. Хамраа угаахдаа зориулалтын угаагч сав ашиглаж болох ба буцалсан эсвэл цэвэршүүлсэн бүлээн усаар хүчтэй сорохгүйгээр цэвэрлэх хэрэгтэйг мөн зөвлөжээ.
- Хоолойгоо утах– Хамрын хөндийн үрэвслийн шинж тэмдгийг намдаахын тулд хоолойгоо утаж болно. 10-15 минутын турш хоолойгоо утах зуураа хамраараа гүнзгий амьсгалах хэрэгтэй бөгөөд энэ байдлаар өдөрт 3-4 удаа утаж болно гэжээ.
- Шингэн зүйл уух– Шингэн юм сайн уух нь хамрын үрэвслийн үед бие махбодийг шингэнээ алдахгүй байхад тусалдаг байна. Ингэхдээ цэвэр ус, зөгийн бал, цагаан гаа, нимбэгтэй халуун ус болон ургамлын цай, шөл зэргийг уух ба ундаа, кофеноос татгалзах хэрэгтэй.
Гэрийн нөхцөлд дээрх аргуудын тусламжтайгаар хамрын хөндийн үрэвслийг намдааж болдгийг эрүүл мэндийн баталгаат мэдээлэл хүргэдэг эх сурвалжуудад ийнхүү нийтэлжээ. Харин АНУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээлснээр үрэвслийн шинж тэмдгүүд дараах байдлаар илэрвэл эмчид хандах шаардлагатай гэсэн байна. Тухайлбал,
- Үрэвсэл 10-аас илүү олон хоног болох
- Хэсэг хугацаанд сайжирсны дараа шинж тэмдгүүд буцаад сэдрэх
- Жилд хэд хэдэн удаа хамрын хөндий үрэвсэх
- Нүүрний хэсгүүд өвдөх гэх мэтээр шинж тэмдэг хүндрэх
- 3 ба түүнээс дээш хоног халуурах
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд зохиомол түүх нийтэлж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Хэрэв хамрын хөндийн үрэвсэл хүндэрч буй мэт шинж тэмдэг илэрвэл цахим орчинд худалдаалж буй аливаа эм, бэлдмэлийг дур мэдэн хэрэглэхгүй мэргэжлийн эмчид хандаж, жорын дагуу эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм.




