Search

Гал түймрээс үнэг аварч буй бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1998

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Испанид гарсан ойн түймрээс үнэг гавраа биеэрээ ороон хамгаалж чаджээ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг бодит мэт тайлбартай түгээжээ. Энэ төрлийн бичлэг нь зэрлэг амьтадын шинж чанар, зан байдалд нийцэхгүй. Хиймэл оюунаар бүтээсэн зэрлэг амьтадын зураг бичлэг нь хүмүүсийг төөрөгдүүлэх, амьтдын тухай ойлголтыг гажуудуулах, улмаар байгаль хамгааллын ажилд саад болох эрсдэлтэй хэмээн 2025 оны шинжлэх ухааны  дүн шинжилгээний өгүүлэлд тусгажээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07  дугаар сарын 30-нд Чоймбол Цолмон нэртэй хаягаас “Испанид гарсан ойн түймрээс үнэг гавраа биеэрээ ороон хамгаалж чаджээ” гэх тайлбартай аврагчид гал түймэрт өртсөн үнэгийг аварч буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 332 реакц, 15 сэтгэгдлээр идэвхжүүлж, 66 удаа цааш түгээсэн байна.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад тус бичлэг нь интернэт орчинд 2026 оны 01 дүгээр сараас эхлэн өргөн түгсэн байн . Хайлтын системийн илэрцийг шүүхэд сошиал медиад  хугацаагаараа хамгийн эхэнд @dogtaleshub1 нэртэй Instagram хаягт 2026 оны 01 дүгээр сарын 24-нд нийтэлжээ. Тодруулбал, @dogtaleshub1 Instagram хаягт  тус бичлэгийг “Бодит явдал биш. Хиймэл оюун ухааны хэрэглүүр ашиглан бүтээсэн” гэх тайлбартай нийтэлжээ.  2026 оны 01 дүгээр сараас бичлэгийн тайлбарыг өөрчилж, бодит аврах ажиллагаа мэтээр дахин идэвхжүүлж түгээсэн байна.

Хамгийн сүүлд Испанид долдугаар сард гарсан түймэртэй холбон X ( хуучнаар Twitter), Instagram, Facebook, Threads зэрэг платформд дахин идэвхжүүлж, түгээжээ.

Үргэлжлүүлэн хиймэл оюунаар бүтээсэн контент шалгах Hive Detect хэрэглүүр ашиглан нягтлахад хиймэл оюунаар бүтээсэн магадлал 99.9% гэж гарлаа.

Хуурамч мэдээлэлтэй өргөн хүрээнд тэмцэх зорилготойгоор Европын өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн байгууллагууд болон Eurovision News хамтран байгуулсан Spotlight мэдээллийн сайт болон Грекийн Greece Fact Check баримт шалгах төвөөс тус бичлэгийг шалгаж, хиймэл оюунаар бүтээсэн болохыг мэдээлжээ. Үүнээс гадна онцгой нөхцөл байдлын үеэр хиймэл оюунаар бүтээсэн, бодит байдлыг гуйвуулсан бичлэг түгдэг болохыг онцолсон байна. Францын Franceinfo мэдээллийн сайтад эл бичлэгт  амьтан аврах ажиллагаа бодит бус байгааг онцолжээ. Тодруулбал шалгасан бичлэгт гал сөнөөгч үнэгт анхны тусламж үзүүлж, хиймэл амьсгал хийж буйг харуулсан ч  амьтан сэргээн засах эмчилгээ хийхдээ ихэвчлэн хүчилтөрөгч ашигладаг болохыг онцолсон. Мөн тус мэдээлэлд Парисын Байгалийн түүхийн үндэсний музейн экологич Камиль Бернар “Хэрэв үнэг угаарын хийн хордлогод орсон бол гавар нь ч мөн адил өртөх ёстой. Үнэгний үс ноос нь хөө тортог, галын дөлөөс хамгаалж чадах ч CO2 буюу угаарын хийнээс хамгаалж чадахгүй. Цаашлаад эх үнэг босож ирээд ус уух хэмжээний хүч чадал гаргаж байгаа нь цэвэр уран сэтгэмж, фантаз юм” хэмээн тайлбарлажээ.

Испанийн Кордобагийн их сургуулийн судлаачдын 2025 онд хийсэн “Монгол орчуулга:

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн зэрлэг байгалийн зураг болон бичлэг хамгааллын үйлсэд учруулж буй аюул заналхийлэл” өгүүлэлд хиймэл оюунаар бүтээсэн бодит амьтадын зураг, бичлэг нь хуурамч мэдээлэл түгээх, амьтадын тухай ойлголтыг гажуудуулах, улмаар байгаль хамгааллын ажилд саад болох эрсдэлтэй гэх агуулгыг багтаажээ.  

Дүгнэлт

Хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг бодит мэт тайлбартай түгээжээ. Энэ төрлийн бичлэг нь зэрлэг амьтадын шинж чанар, зан байдалд нийцэхгүй. Хиймэл оюунаар бүтээсэн зэрлэг амьтадын зураг бичлэг нь хүмүүсийг төөрөгдүүлэх, амьтдын тухай ойлголтыг гажуудуулах, улмаар байгаль хамгааллын ажилд саад болох эрсдэлтэй хэмээн 2025 онд өгүүлэлд тусгажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Испанид гарсан ойн түймрээс үнэг гавраа биеэрээ ороон хамгаалж чаджээ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document