2026 оны 07 дугаар сарын 27-нд Khadbaatar Namjilsuren нэртэй хаягаас “Япон дахь 5D кино театр гэнэ дээ. Зохиомол мэт санагдах ч Японд энэ бүхэн бодит болсон аж. Тэд хөгжлийнхөө ийм түвшинд хүрч, кино театрт үзэгчдэд дэлгэцэн дээрх үйл явдлын яг голд нь байгаа мэт мэдрэмж төрүүлэн, киног жинхэнэ утгаар нь мэдрүүлж чаддаг болжээ” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг бичлэг 278 реакц, 12 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 96 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK:
Бид түгээсэн бичлэгийг зураг хэлбэрт шилжүүлэн зургаар болон “japan 5D movie, Cinema 5d Japan” зэрэг түлхүүр үгээр хайлт хийхэд 2026 оны 07 дугаар сарын 9-нд Threads платформд нийтлэгдсэн бичлэг илэрцээр гарч ирлээ.
Тус бичлэгийн сэтгэгдэл хэсэгт нэгэн хэрэглэгч meta.ai-г дурдан (mention хийн) мэдээллийн үнэн бодит байдлыг тодруулахад Meta AI уг бичлэгийг Javier Peñalb нэртэй хэрэглэгчийн бүтээсэн бодит бус, AI ашиглан хийсэн концепт бичлэг болохыг тодорхойлон хариулсан байна. Мөн “Япон улсад Sunac Land-ийн зарим тоглоом шиг хөдөлгөөн, салхи, халуун агаарын эффект бүхий дэвшилтэт 4D/5D кино театрууд үнэхээр байдаг ч цахим орчинд тархаад байгаа энэхүү бичлэг нь бодит кино театр биш, AI-аар үүсгэсэн бичлэг юм” гэжээ.
Meta AI нь Meta компаниас (Facebook, Instagram, WhatsApp, Threads платформ эзэмшигч) хөгжүүлсэн хиймэл оюун ухааны (AI Assistant) туслах юм. Энэ нь Meta-гийн Llama (Large Language Model) загварт суурилан ажилладаг. Хэрэглэгчид Instagram, Threads, WhatsApp болон Messenger дээр “meta.ai” гэж mention хийх эсвэл чатлах байдлаар шууд харилцах боломжтой байна. Мөн бодит цагийн хайлтын системүүдтэй холбогдон хэрэглэгчийн асуусан асуултад хариулах, постууд дээрх мэдээллийг нягтлах зэрэг чадвартай байна.

Үргэлжлүүлэн түгээсэн бичлэгийн эх хувилбарыг хайхад, TikTok платформд 37 мянга гаруй дагагчтай дээр дурдсан Javier Peñalb гэх хэрэглэгчийн 2026 оны 07 дугаар сарын 1-нд оруулсан 55 сая гаруй үзэлттэй бичлэг байлаа.
Javier Peñalb нь TikTok-д хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгүүд ихэвчлэн оруулдгийг доорх зургаас харж болно. Түүнчлэн тайлбар хэсэгтээ “AI Visuals” буюу хиймэл оюунаар бүтээсэн дүрслэлүүд хэмээн мэдээлсэн байна.

Зураг, бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгая
Үргэлжлүүлэн шалгасан бичлэгийг invid хэрэглүүр ашиглан дүрс бүрээр нь салгаж, хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг илрүүлэх Hive Moderation хэрэглүүрээр шалгахад 88.6 хувийн хиймэл оюун ухаанаар бүтсэн дүн гарлаа. Бичлэгийн бусад хэсгүүд ч мөн адил үр дүнтэй гарсан юм.

Дүгнээд хэлбэл, ТикТок платформын Javier Peñalb гэх гаднын хэрэглэгчийн AI-аар бүтээсэн бичлэгийг “Японы 5D кино театр” хэмээн түгээж, төөрөгдүүлжээ.
Хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж буй энэ үед хүний нүдээр хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсхүл бодит зураг, бичлэг эсэхийг ялгахад бэрх болсон. Энэ явдлыг ашиглан цахим орчинд хандалтай өсгөх, мэдээллийн агуулгыг гуйвуулж түгээх, медиа манипуляц хийх зэрэг нь түгээмэл болж байна. Иймд та эргэлзээтэй зураг, бичлэгийг HiveModeration, SightEngine, ImageWhisperer хэрэглүүр ашиглан хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгаж байгаарай.
Түүнчлэн Meta-ийн олон нийтийн журамд хиймэл оюун ухаан ашигласан зураг, бичлэг агуулсан пост түгээхдээ “AI label” хэсгийг заавал идэвхжүүлэхийг сануулдаг. Ингэснээр бусдыг төөрөгдүүлэх, агуулгын утгыг гажуудуулахаас сэргийлдэг. Харин шалгасан мэдээлэлд “AI label” шошгыг идэвхжүүлээгүй тул баримтаар шалгалаа.




