Search

Оливийн тос элэг өөхлөлтөд эерэг нөлөө үзүүлдэг ч бүрэн эмчлэхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1995

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Оливын тос, нимбэгийн шүүсийг 6 сар хэрэглэхэд элэгний өөхнөөс сална” гэх агуулга бүхий бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Оливын тос элэгний өөхлөх эрсдэлийг бууруулж, тодорхой хэмжээний эерэг нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч эмчилгээний батлагдсан арга биш юм. Оливын тос болон нимбэг ашиглах нь элэгний өөхлөх өвчнийг эмчилдэг болохыг баталсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй. Мөн эрүүл мэндийн байгууллагууд элэг өөхлөх өвчний үед дасгал хөдөлгөөн хийж, тэнцвэртэй хооллож биеийн жингээс хасахыг зөвлөдөг байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 30-нд Bayarmagnai S Myangan нэртэй хаягаас “Элэгний өөхнөөс салах арга” гэх гарчигтай богино хэмжээний бичлэг түгээжээ. Тус бичлэгт “Өдөр бүр өглөө 5 цагт босоод халбага оливын тос, нимбэгийн шүүстэй уухад 6 сарын дараа элэгний өөхлөлт байхгүй болно” гэх агуулгыг дурджээ.

Оливын тос нь үрэвсэл, исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд ханаагүй өөх тосны нэг юм. Иймд өдөр тутмын хоолны нэг хэсэг болгон ашиглах нь ханасан өөх тосноос илүү эрүүл мэндэд тустай. Оливын тосыг элэгний өөхлөлтөд эергээр нөлөөлж, эрсдэлийг бууруулдаг болохыг харуулсан судалгаа бий ч бүрэн эмчлэхгүй юм.

  • Нийт 2436 хүн хамруулсан өргөн хүрээний судалгаагаар оливын тунгалаг тосны (extra virgin olive oil) өдөр тутмын өндөр хэрэглээ нь архины шалтгаант бус элэг өөхлөх өвчний эрсдэлийг бууруулах боломжтойг харуулсан. Ялангуяа илүүдэл жин, таргалалттай хүмүүст илүү нөлөөлсөн байна.
  • 2024 онд нийтлэгдсэн системчилсэн тойм, мета анализ судалгаагаар оливын тосны хэрэглээ архины шалгаант бус гаралтай элэг өөхлөлттэй хүмүүсийн хэрэглэдэг ханасан өөх тосыг оливын тосоор орлуулахад бодисын солилцооны үзүүлэлтүүд тогтвортой сайжирч, биеийн жингийн индекс буурч, элэгний өөхлөлт багасахад дэмтэй болохыг харуулсан. Биеийн жинд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлж буйг харуулжээ.
  • 2019 онд нийтлэгдсэн санамсаргүй сонголтод клиник туршилтад нийт 66 хүн хамруулсан бөгөөд оливын тос нь элэгний өөхлөлтийн хүндрэлийн зэргийг бууруулах боломжтой гэж дүгнэжээ. Мөн илчлэг багатай дэглэм нь таргалалт, цусны даралт болон элэгний фементүүдийг бууруулж, багасгах замаар архины шалтгаант бус гаралтай элэг өөхлөлттэй өвчтөнүүдэд давхар эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж дурдсан.
  • 2023 онд нийтлэгдсэн “Элэгний өөхлөлт болон элэгний ферментүүдэд чидун жимсний тосны үзүүлэх нөлөө: Системчилсэн тойм” судалгаанд нийт 344 хүн хамруулсан 6 хяналттай судалгаа хамруулсан бөгөөд үр дүнд оливын тос нь элэгний өөхлөлтийг бууруулахад эерэг ач холбогдолтойг харуулсан.

Хэдий дээрх судалгаануудад оливын тос элэгний өөхлөлтийн эрсдэлийг бууруулах, эерэг нөлөө үзүүлэх боломжтойг харуулсан ч элэгний өөхлөлтийг эмчилнэ гэж дүгнээгүй. Мөн шалгасан бичлэгт харуулсан аргаар бус ханасан муу тосны оронд өдөр тутам хэрэглэх, тэнцвэртэй хоолны дэглэмийн нэг хэсэг болгон ашиглажээ.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Энэтхэгийн THIP Media баримт шалгах төвөөс гаргасан оливын тос элэгний өөхлөлтөд нөлөөлөх тухай мэдээлэлд чидун жимсний тос нь элэгний өөхлөлтөд эерэг нөлөөтэй ч эмчлэхгүй болохыг анхааруулсан. Тус мэдээлэлд “Оливын тос нь элэгний өөхлөлтөд тустай ч бүрэн эдгээх эм биш юм. Элэгний өөхлөлтийг эмчлэх баталгаатай арга бол жингээ тогтвортой бууруулах бөгөөд биеийн  жингийн 5-10 хувийг бууруулахад элэгний өөхийг мэдэгдэхүйц багасгаж, элэгний эрүүл мэндийн үзүүлэлтийг сайжруулж чадна” хэмээн тайлбарлажээ.

Үргэлжлүүлэн олон нийтэд нээлттэй PubMed, Google Scholar, ResearchGate, Science Direct зэрэг судалгааны сангаас “Оливийн тос, нимбэг, өөхлөлттэй элэг” гэх түлхүүр үгээр хайхад оливын тос, нимбэгийн шүүс ашиглан элэгний өөхлөлтийг эмчилдэг болохыг баталсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт  байхгүй байна.

Нэг халбага оливын тос ойролцоогоор 120 калори агуулдаг. Иймд хэтрүүлэн хэрэглэх нь өдөрт авах ёстой калорийн хэмжээг ихэсгэж болзошгүй. Түүнчлэн ханасан өөх тос хэрэглэж, тэнцвэртэй бус хоолны дэглэмтэй бол давхар оливын тос хэрэглэх нь өдөрт авах зохист калорийн хэмжээнээс хэтрэх эрсдэлтэй.

Их Британийн Эрүүл мэндийн төвийн сайтад нийтлэгдсэн архины шалтгаант бус элэг өөхлөх өвчний тухай мэдээлэлд “Элэг гэмтэж, өвчин даамжраагүй бол эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэхээс гадна өөр тусгай эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Хэрэв фиброз, цироз үүссэн тохиолдолд элэгний мэргэшсэн эмчид хандаж эмчилгээ хийлгээрэй…” хэмээн зөвлөсөн байна.

Мөн АНУ-ын Чихрийн Шижин, хоол боловсруулах зам, бөөрний өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн сайтад “Эмч нар архины шалтгаант бус элэг өөхлөлттэй өвчтөнүүдэд жингээ хасах аргыг санал болгодог. Биеийн жингийн 3-5 хувийг хасахад элэгний өөхийг багасгах боломжтой. Харин элэгний үрэвсэл, фиброзыг бууруулахын тулд жингийн 7-10 хүртэлх хувийг хасах шаардлагатай. Жин хасагдахгүй ч тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь ач тустай” хэмээн мэдээлжээ.

Хэдий оливын тос, нимбэгийн шүүстэй хэрэглэх ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй  ч цаг алдах, өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй. Иймд заавал мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.

Эрүүл мэндийн мэдээлэл нийтэлдэг Health сайтад хоол зүйч, эмч Робин Бэрри Кайден нимбэг болон оливын тос хэрэглэх нь аюулгүй ч дараах сөрөг нөлөө үүсгэх эрсдэлтэйг анхааруулсан. Үүнд:

  • Лимоны хүчлээс үүдэлтэй ходоод-улаан хоолойн сөрөг урсгалт өвчин сэдрэх
  • Тосыг өтгөрүүлсэн хэлбэрээр хэрэглэснээс үүдэж дотор муухайрах, гүйлгэх
  • Өөх тос хэтрүүлэн хэрэглэдэг бол хэт их нэмэлт калори авах
  • Шүдний паалан гэмтэх
  • Цөсний хүүдийн эмгэг эсвэл өөх тосны шингэц муутай бол  ходоод гэдэс таагүй болох зэрэг сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй хэмээжээ.

Дүгнэлт

Оливын тос элэгний өөхлөх эрсдэлийг бууруулж, тодорхой хэмжээний эерэг нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч эмчилгээний батлагдсан арга биш юм. Оливын тос болон нимбэг ашиглах нь элэгний өөхлөх өвчнийг эмчилдэг болохыг баталсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй. Мөн эрүүл мэндийн байгууллагууд элэг өөхлөх өвчний үед дасгал хөдөлгөөн хийж, тэнцвэртэй хооллож биеийн жингээс хасахыг зөвлөдөг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Оливын тос, нимбэгийн шүүсийг 6 сар хэрэглэхэд элэгний өөхнөөс сална” гэх агуулга бүхий бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document