2026 оны 07 дугаар сарын 09-нд Hotel Partner Mongolia ХХК, Hotel Partner Mongolia LLC зэрэг пэйжүүд “Гэрээсээ нэмэлт орлого олоорой. Өдөрт 300,000-1,000,000 хүртэлх төгрөг олох боломжтой” гэх утгатай постер түгээжээ. Тус постерыг 148 реакц, 69 сэтгэгдлээр идэвхжүүлж, 12 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Түгээсэн хаягийн ил тод байдлыг шалгавал, 2026 оны 02 дугаар сарын 05-нд “Hotel Partner International” нэрээр үүсгэж, 2026 оны 07 дугаар сарын 06-нд “Hotel Partner Mongolia LLC” болгон өөрчилжээ. Уг пэйжийг Индонез, Вьетнам улсаас тус тус нэг админ удирдаж байгаагаас гадна холбоо барих хэсэгтээ хаяг, утасны дугаар оруулаагүй байгаа нь хуурамч пэйжийн түгээмэл шинж тэмдэг билээ. Мөн пэйжийн танилцуулга хэсэгтээ www.hotelpartner.com гэсэн сайтыг холбосон байгааг бид шалгалаа.

Hotel Partner ХХК-д албан ёсны Фэйсбүүк пэйж байхгүй
Hotel Partner ХХК (www.hotelpartner.com) нь 2006 онд байгуулагдсан зочид буудлуудад менежмент, нийлүүлэлт, захиалгийн технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тэрээр албан ёсны вэбсайтдаа байршуулсан сошиал хаяг дунд Фэйсбүүк байхгүй байгаа нь дээрх пэйжийг хуурамч, дуураймал гэдгийг баталж байна.

Hotel Partner-ийн албан ёсны төлөөлөгч, оффис Монголд байхгүй
Hotel Partner-ийн албан ёсны вэбсайтад өнөөдрийн байдлаар 70 гаруй ажилтантай, зөвхөн Швецар, Герман, Австри, Их Британи улсад оффистойгоос гадна 500 орчим зочид буудалтай хамтран ажилладаг гэж мэдээлжээ.

Компанийн нэр, лого, хувь хүний зургийг ашиглан иргэдийг хуурч, залилж байна
Бид тус пэйжийн чатаар холбогдоход Телеграм хаяг руу холбогдохыг шаардлаа. Холбосон Телеграм хаяг нь “Anun Anu” гэх нэртэй байсан бөгөөд профайл зурагтаа RE/MAX-ийн агент М.Болорцэцэгийн зургийг авч ашигласныг бид олж тогтоолоо. Бусдын зургийг зөвшөөрөлгүй ашиглан хаяг нээсэн байгаа нь залилангийн, хуурамч гэдгийг илтгэж байна.

Дүгнээд хэлбэл, Hotel Partner компанийн нэр, лого, зургийг ашиглан хуурамч пэйж үүсгэн, түүгээр дамжуулан иргэдтэй чатаар холбогдож, онлайнаар ажиллахыг санал болгон Телеграм сувагт нэгдэхийг шаардаж, цаашлаад иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж, залилан үйлдэж байна.




