2026 оны 05 дугаар сарын 22-нд LUNA Home Essentials нэртэй хуудаснаас “Ceoerty® Tooth & Gum Repair хурдан уусдаг микро зүүтэй наалт нь Tideglusib, hydroxyapatite, peptide болон CoQ10-ийн тусламжтайгаар шүдний байгалийн нөхөн сэргээх үйл явцыг идэвхжүүлж, шүдний пааланг бэхжүүлэн, буйлыг сэргээнэ” гэсэн тайлбартай шүдний наалт сурталчилсан бичлэг (архивласан хувилбар) нийтэлсэн байна. Уг пост 287 реакц, 322 сэтгэгдэл цуглуулж, 170 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Хаяг шалгах
“LUNA Home Essentials” хуудасны ил тод байдлын төлөвийг (Page transparency) үзэхэд 2026 оны 04 дугаар сарын 25-нд нээгдсэн байгаагаас гадна танилцуулга хэсэг нь хоосон, пэйжийг удирдаж буй админы мэдээлэл нээлттэй харагдахгүй байна.
Мөн сүүлийн үед гаднын улсаас удирдаж буй хуудаснаас чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулахдаа ашигладаг нэг хуудас бүхий хуурамч сайт руу чиглүүлж байна.

Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд сурталчилж буй бүтээгдэхүүний зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад, ebay олон улсын худалдааны сайтад “өдөр тутмын амны хөндийн эрүүл ахуйг дэмжиж, амыг цэвэр, шинэхэн мэдрэмж төрүүлэхэд зориулагдсан” бүтээгдэхүүн хэмээн тайлбарлажээ. Мөн “уг бүтээгдэхүүн нь аливаа өвчнийг оношлох, эмчлэх, эдгээх, эсвэл урьдчилан сэргийлэх зориулалттай биш юм” гэсэн байна.
Харин Ceoerty онлайн худалдааны сайтад уг шүдний наалтыг $18.90 – $40.90 буюу 67 мянгаас 146 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “шүдний паалан сэргээх, буйл бэхжүүлэх, шүдний өнгөр болон үнэрийг арилгах, шүд цайруулах” хэмээн бичсэн байна.
Үүнээс гадна шалгасан бүтээгдэхүүнийг сурталчилсан хуурамч вэбсайтын төгсгөл хэсэгт байршуулсан өмнө ба дараа зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг шалгах хэрэглүүрээр шалгахад 99,9 хувь хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Агуулгыг нягтлах
Сурталчилж буй бүтээгдэхүүнд дурдсан зарим найрлага тус бүр дээр хийгдсэн лаборатори эсвэл амьтны түвшний судалгаа байгаа ч энэ нь тухайн бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан гэсэн үг биш юм.
Тодруулбал, “Hydroxyapatite” нь шүдний эхний үеийн эрдэс алдагдлыг нөхөх, мэдрэгшлийг бууруулахад бага зэрэг үр нөлөөтэйг харуулсан судалгаа байгаа ч наалт хэлбэрээр байгалийн нөхөн төлжилтийг идэвхжүүлж, шүдийг дахин ургуулдаггүй. Мөн буйлны эдэд хүргэх зориулалттай микро зүүтэй наалтыг амьтан дээр туршсан судалгаа бий ч шалгасан бүтээгдэхүүнийг баталгаажуулсан туршилт, судалгаа байхгүй байна.
2022 онд Sciencedirect судалгааны санд нийтлэгдсэн “Шүдний тулгуур эдийг нөхөн сэргээх зориулалттай дархлаа тохируулагч микро зүүтэй наалт” гарчигтай судалгаагаар шүдний тулгуур эдийн өвчнийг эмчлэх зориулалттай буйланд шууд эм дамжуулах, эмчилгээний хоёр давхар үйлчилгээтэй микро зүүтэй (MN) наалтны талаар мэдээлжээ. Уг наалтны хурдан уусдаг гадна бүрхүүл нь антибиотикийг шууд ялгаруулан нянгийн өсөлтийг дарангуйлдаг бол микро зүүнд агуулагдах тусгай бодисууд нь алгуур ялгарч, тухайн хэсгийн дархлааны эсүүдийн үрэвслийн эсрэг хариу урвалыг идэвхжүүлдэг байна. Эдгээр процессын үр дүнд үрэвсэл багсаад зогсохгүй, in vivo буюу амьд бие махбод дээр хийсэн туршилтаар гэмтсэн буйл болон тулгуур эдийг байгалийн аясаар эдгэрч, нөхөн сэргэх процессыг үр дүнтэй дэмждэг болохыг мэдээлсэн байна.
Гэвч энэ судалгаа нь зөвхөн буйл болон шүдний тулгуур эдийг нөхөн сэргээх талаарх туршилтын үр дүн бөгөөд шүдний паалан нь амьд эсгүй, эрдэсжсэн бүтэц тул энэ төрлийн эмчилгээгээр буцаж ургах эсвэл паалан шинээр нөхөн сэргэх боломжгүй юм.
Тодруулбал, Пенсильванийн их сургуулийн Шүд, нүүр ам судлалын танхимын сайтад “Шүдний паалан нь амьд эд биш тул дахин ургах боломжгүй. Үүнийг байгалийн аргаар ч, хиймлээр ч бүрэн сэргээж, ургуулах боломжгүй байдаг. Пааланг эрдэсжүүлэх амны хөндийн бүтээгдэхүүн хэрэглэснээр шүдийг дахин ургуулж, бүрэн нөхөн төлжүүлж чадахгүй ч гадаргуун бат бөх байдлыг хамгаалахад тусгай” гэж мэдээлжээ.
Мөн Кливлэнд Клиник сайтын мэргэжилтнүүд “Паалан нь шүдний титмийг хамгаалж, дотоод давхаргуудыг гэмтлээс сэргийлэх үүрэгтэй хатуу бодис юм. Гэвч хоол хүнснээс үүсэх хүчил, шүдний өнгөр, элэгдэл зэргээс шалтгаалан паалан аажмаар гэмтэж эхэлдэг. Паалан нэгэнт гэмтэж, унасан бол дахин ургадаггүй тул амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй” хэмээн сануулсан байна.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, цахим орчинд сурталчилж буй “Ceoerty® Tooth & Gum Repair” батлах чанар, үр нөлөөг нь баталсан судалгаа олдсонгүй. Түүнчлэн шүдний паалан нь амьд эд биш тул нэгэнт гэмтсэн паалан байгалийн жамаар дахин ургадаггүйг эрдэм шинжилгээний судалгаа болон олон улсын шүдний мэргэжилтнүүд мэдээлжээ. Иймд шүд цоорсон, паалан гэмтсэн, буйл үрэвссэн зэрэг тохиолдолд цахим орчинд борлуулагдаж буй аливаа наалт, бүтээгдэхүүнд найдалгүйгээр мэргэжлийн шүдний эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм.




