Search

Утаат тамхиар чихний үрэвсэл эмчлэх бус эдгэрлийг удаашруулж, хүндрүүлдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1992

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Утаат тамхиар чих эмчилнэ” гэх агуулга бүхий бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тамхи чихэндээ хийж хэрэглэх нь чихний үрэвслийг дарж, өвчнийг намдаадаг болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо, өргөн хүрээний клиник судалгаа байхгүй. Батлагдсан эмчилгээний арга биш юм. Харин судалгаагаар тамхины утаа, дам тамхидалт нь чихийг үрэвсүүлэх, бага насны хүүхдэд дунд чихний өвчлөл бий болгох эрсдэлтэй харуулжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 05 -нд Battsetseg Natsagdorjiin нэртэй хаягаас “Чих эмчилдэг энгийн арга байдаг юм шүү” гэх гарчигтай богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 21 мянга гаруй реакц, 979 сэтгэгдлээр идэвхжүүлж, 16 мянга гаруй удаа цааш түгээжээ. Тус бичлэгт асаасан утаат тамхийг чих рүү хийх зааварчилгаа өгч, “чихний үрэвсэлтэй, чих загатнадаг, чихэвч хэрэглэдэг, төрсний дараа чихээр салхи авч хий авсан хүнд үйлчилнэ. Мэдрэлийн гаралтай чихний өвчтэй хүмүүст үйлчлэхгүй. Гол механизм нь хүний гадаад, дотоод чихний даралт өөрчлөгдсөнөөс болж чих өвддөг. Хүний чих, хамар, амны хөндийтэйгээ холботой байдаг.Тамхины утаа энэ даралтыг тэнцвэржүүлдэг учир өвчин, үрэвсэл намдана” гэж тайлбарласан.

“Чих рүү тамхины утаа үлээх нь чихний өвчнийг намдаадаг” гэх ойлголт, эмчилгээний арга нь XVII зуунаас эхлэлтэй. Жон Уэслийн  1749 онд хэвлэгдсэн Primtive Physick номд чихний өвчин (тамхины утаагаар хүчтэй үлээх), унадаг өвчин, цагаан мах эргэх өвчний (усанд 24 цаг дэвтээсэн тамхины навч тавих) үед хэрэглэхийг зөвлөжээ. Тамхиийг эмчилгээнд хэрэглэх зөвлөгөө нь 1847 оны хэвлэл хүртэл үргэлжилсэн бөгөөд одоог хүртэл домын эмчилгээ мэтээр ашиглаж байна. Гэвч энэ ойлголт нь шинжлэх ухааны үндэслэлгүй ба эмчилгээний батлагдсан арга биш юм.

Арканзасын Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн мэдээллийн сайтад чих рүү тамхины утаа үлээх нь чихний халдварт өвчнийг эдгээхэд огт нөлөө үзүүлдэггүй хэмээн мэдээлсэн. Мөн АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн сайтад нийтлэгдсэн дам тамхидалтаас үүдэх эрүүл мэндийн асуудлын тухай мэдээлэлд хүүхдэд чихний үрэвсэл үүсгэх эрсдэлтэй тухай мэдээлсэн.

2021 онд нийтлэгдсэн “Хархны загварт Haemophilus influenzae бактериар үүсгэгдсэн дунд чихний үрэвсэлд тамхины утааны үзүүлэх нөлөө” судалгаагаар нийт 20 харх дээр туршилт хийсэн бөгөөд 2 долоо хоногийн  турш үргэлжилжээ. Судалгааны үр дүнд тамхины утаа нь дунд чихийг хамрын залгиуртай холбодог сонсголын гуурсанд үрэвслийн хаван үүсгэж, бактерийн гаралтай дунд чихний үрэвслийн эдгэрлийг удаашруулж, хүндрүүлдэг болохыг харуулсан байна.

2012 онд нийтлэгдсэн “Эцэг эхийн тамхидалт ба хүүхдийн дунд чихний өвчлөлийн эрсдэл” системчилсэн тойм, мета анализ судалгаанд нийт 61 туршилт, судалгааг хамруулж анализ хийжээ. Судалгааны үр дүнд дам тамхидалтад өртөх нь бага насанд дунд чихний өвчнөөр өвчлөх эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг бөгөөд мэс заслын заалттай өвчлөлийн хувь өндөр байсныг харуулжээ.

Шалгасан мэдээлэлд асаасан тамхийг чихэндээ хийх аргыг харуулсан. Энэ нь тамхины утаа шууд чих рүү орж байгаа гэсэн үг юм. Тамхины утаагаар чихийг эмчилдэг болохыг баталсан, өргөн хүрээний, клиник судалгаа огт байхгүй. Харин дээрх судалгаануудад дам тамхидалдт, тамхины утаа чихний үрэвслийг эмчлэх бус эдгэрлийг удаашруулж, хүндрүүлэх, дунд чихний өвчлөл үүсгэдэг хэмээн дүгнэсэн.

Мөн чих рүү асаасан тамхи хийх нь чихний лаа буюу ear candlig гэх аргатай төстэй байна. Энэ нь чих рүү зөгийн лав тос, даавуугаар хийсэн хөдий лааг хийж, нөгөө талаас нь шатаадаг арга юм. Үүнийг чихний хулхи арилгах, вакумжуулж, чихний үрэвсэл, өвчнийг арилгаж, толгой эргэхэд сайн гэж сурталчилдаг. Гэвч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд  уг аргыг үр дүнгүй болохыг сануулж, эрүүл мэндэд эрсдэлтэй хэмээн анхааруулж байна.

Канадын Эрүүл мэндийн яамны мэдээллийн сайтад “Чихний лаа ашиглах нь эрүүл мэндийн ач холбогдолгүйг судалгаагаар тогтоосон. Мөн чихний сувагт мэдэгдэхүйц халах, сорох, даралт үүсгэдэггүй болохыг баталсан” хэмээн тайлбарлаж, уг арга нь эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулсан байна.

АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас чихний лааны үр нөлөөг батлах шинжлэх ухааны баримт, нотолгоо байхгүй, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй учир хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.

Дүгнэлт

Тамхи чихэндээ хийж хэрэглэх нь чихний үрэвслийг дарж, өвчнийг намдаадаг болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо, өргөн хүрээний клиник судалгаа байхгүй. Батлагдсан эмчилгээний арга биш юм. Харин судалгаагаар тамхины утаа, дам тамхидалт нь чихийг үрэвсүүлэх, бага насны хүүхдэд дунд чихний өвчлөл бий болгох эрсдэлтэй харуулжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Утаат тамхиар чих эмчилнэ” гэх агуулга бүхий бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document