2026 оны 07 дугаар сарын 15-нд Houkea нэртэй хуудаснаас “…Houkea сөрөг ионт цаг нь таны биеийн энергийг тэнцвэржүүлж, жингээ хасахад тань туслах ухаалаг шийдэл юм” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлсэн байна. Уг пост 447 реакц, 243 сэтгэгдэл цуглуулж, 162 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Хамгийн эхлээд тухайн бүтээгдэхүүнийг борлуулж буй хуудас нь албан ёсны, найдвартай эсэхийг шалгах хэрэгтэй. Houkea хуудасны ил тод байдлын төлөвийг (Page transparency) үзэхэд 2026 оны 07 дугаар сарын 15-нд нээгдсэн шинэ пэйж байгаагаас гадна танилцуулга хэсэг нь хоосон, пэйжийг удирдаж буй админы мэдээлэл нээлттэй харагдахгүй байна. Түүнчлэн сүүлийн үед гаднын улсаас удирдаж буй хуудаснаас чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулахдаа ашигладаг нэг хуудас бүхий хуурамч сайт уруу чиглүүлж байна.
Үргэлжлүүлэн шалгасан бичлэгт харуулж буй “HOUKEA” сөрөг ионт цагны баталгаатай байдлыг шалгахын тулд Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайлаа. Хайлтын илэрцээр xpressfamilygo.online худалдааны сайтад “эрүүл мэндийн ухаалаг цаг нь силикон материалтай. Энэ нь бодисын солилцоог идэвхжүүлж, өөх тос шатаах үр ашгийг дээшлүүлэхэд тусална” хэмээн сурталчилжээ. Мөн emag.hu онлайн худалдааны сайтад “манай спортын цагнууд силикон материалтай. Спортын цагны тусламжтайгаар та өөрийгөө эрч хүчээр сэлбэх боломжтой. Шинжлэх ухааны үндэслэлтэй хяналт нь таны биеийг эрүүлжүүлж, чийрэгжүүлнэ” хэмээн тайлбарласан байна.
Эдгээр худалдааны сайтууадад байршуулсан зураг нь шалгасан мэдээлэлд ашигласан зураг, бичлэгтэй адил байгаа боловч “сөрөг ион ялгаруулна” хэмээн бичээгүй байна. Үүнээс гадна Houkea гэх брэндийн бүтээгдэхүүн борлуулдаг албан ёсны худалдааны сайт илэрцээр олдсонгүй.
Одоогоор “сөрөг ионт цаг” зүүснээр жин хасах, бодисын солилцоог нэмэгдүүлэх, өөхийг хайлуулах үйлчилгээтэйг нотолсон эмнэлзүйн судалгаа, олон улсын эмчилгээний удирдамж байхгүй
Бид цаг зүүгээд турах боломжтой эсэхийг нягтлахын тул Pubmed, Google Scholar, ScienceDirect зэрэг судалгааны сангаас “сөрөг ионт бугуйн цаг”, “өөх шатаах бугуйн цаг” зэрэг түлхүүр үгийг англи хэл рүү хөрвүүлэн хайлт хийхэд энэ төрлийн бүтээгдэхүүний үр дүнг баталсан судалгаа байхгүй байна.
АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос “Хоолны зуршил, амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр эм, тос зэрэг арьсанд зүүж, наах элдэв бүтээгдэхүүн хэрэглэх нь таныг турахад нөлөөлөхгүй. Мөн эдгээр бүтээгдэхүүний зарим нь таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй. Ийм төрлийн зар сурталчилгаа, турах бүтээгдэхүүний талаарх хуурамч мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй” гэж анхааруулжээ.
Түүнчлэн АНУ-ын Цөмийн Зохицуулах Хорооны албан ёсны сайтад “сөрөг ион, скаляр энерги, квант энерги ялгаруулдаг хэмээн сурталчилж буй бугуйвч, хүзүүний зүүлт, дэр, матрас зэрэг бүтээгдэхүүн нь цацраг идэвхт бодис агуулдаг бөгөөд хэрэглэгч тодорхой хэмжээний цацрагийн тун авах эрсдэлтэй байдаг. Хэдийгээр энэ хэмжээний цацраг нь ихэвчлэн ноцтой эрүүл мэндийн аюул учруулахгүй бөгөөд ийм бүтээгдэхүүнийг ердийн ахуйн хогтой хамт хаяж болдог ч хэрэглэгчид эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг аль болох хязгаарлахыг зөвлөж байна” хэмээн анхааруулсан байна.
Эмнэлгийн түшинд “хэт авианы кавитаци” гэдэг өндөр давтамжтай долгионоор өөхний эсийн мембраныг задлах арга байдаг. Гэвч уг арыг өндөр хүчин чадал бүхий тусгай төхөөрөмжөөр, мэргэжлийн эмчийн хяналтад хэрэглэдэг байна. Мөн тус эмчилгээний хэлбэр нь жин хасахад бус, тодорхой хэсгийн өөхний хэмжээг багасгахад зориулагдсан. Ингэхдээ хувь хүний биеийн онцлогоос хамааран хоорондоо олон хоногийн зайтай, тогтсон хэмжээгээр ашигладаг байна. Харин шалгаж буй мэдээлэлд дурдсан бугуйн цаг нь өндөр хүчин чадалтай долгион үүсгэх технологитой дүйцэхүйц хэмжээний энергийг ялгаруулахгүй.
Дүгнэлт
Хуурамч тураах бүтээгдэхүүнтэй холбоотой хийж байсан баримт шалгалтуудыг доорх холбоосоор орж унших боломжтой. Шалгасан мэдээлэлд дурдсан “хоолны дэглэмгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй амархан жин хасна, хэрэглэхэд хялбар” гэх агуулга нь тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр юм.
- “Тураах бугуйвч” гэх баталгаагүй бүтээгдэхүүний талаар хуурамч хаягаас сурталчилж байна
- Энгийн гоёлыг “тураах сөрөг ион ээмэг” хэмээн худал сурталчилж байна
- Нэг наалтаар олон төрлийн өвчин эдгээж, бие махбодын үйл ажиллагааг дэмжихийг баталсан судалгаа байхгүй
Дүгнээд хэлбэл, “сөрөг ионт цаг” зүүснээр жин хасах, бодисын солилцоог нэмэгдүүлэх, өөхийг хайлуулах үйлчилгээтэйг нотолсон эмнэлзүйн судалгаа, олон улсын эмчилгээний удирдамж байхгүй. Мөн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагаас энэ төрлийн бугуйвч, цаг, гоёл чимэглэл нь жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолдог.




