2026 оны 07 дугаар сарын 12-нд AMS SLIM-Жин хасах шийдэл нэртэй хуудаснаас AMS Slim гэх тураах нэмэлт бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлснийг нийт 169 реакц, 176 сэтгэгдлээр идэвхжүүлж, 17 удаа цааш түгээжээ. Тус бичлэгт “AMS slim болон танд зориулсан зөв курсийн тусламжтай хатуу хоолны дэглэм барих, өндөр ачаалалтай дасгал хийх шаардлагагүйгээр жин хасна… Эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй 100 хувь байгалийн гаралтай. Хориотой бодис агуулаагүй” гэх агуулгыг дурджээ.
Мөн AMS Mongolia- Эрүүл жин хасалт гэх нэртэй хуудаснаас ижил бүтээгдэхүүн сурталчилсан хиймэл оюунаар бүтээсэн богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 667 реакц, 391 сэтгэгдлээр идэвхжүүлж% 87 удаа цааш түгээсэн байна. Бичлэгт “Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд 40,50 кг хассан маш олон бүсгүйчүүд байгаа. Тэд маш аюулгүй бөгөөд хөнгөхөн турсан. Хэрэв AMS танд сайн тохирвол эхний долоо хоногт 2-4 кг, эхний сард 5-8 кг хүртэл хасах боломжтой. Биеийн хаана илүүдэл өөх их байна, яг тэр хэсгээр илүү их хасагдана” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан бичлэгт харуулсан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад ихэвчлэн Вьетнам онлайн худалдааны сайтад байршуулсан илэрцүүд гарч ирлээ. Тус бүтээгдэхүүний гол орц найрлагын мэдээлэлд “Мангоны үр, ногоон кофе, гашуун хулуу, honeysuckle цэцгийн ханд” зэрэг ургамал орсон гэж тэмдэглэжээ. Олон нийтэд нээлттэй PubMed, Google Scholar, ResearchGate, Science Direct, Wiley Online Library зэрэг судалгааны сангаас гол орц найрлагыг түлхүүр үгээр хайхад эдгээр ургамлыг нийлүүлэн хэрэглэж тураах үр нөлөө, аюулгүй байдлыг судалсан өргөн хүрээний, клиник судалгаа огт байхгүй байна.
Эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээний WebMD сайтад өөх шатаах нэмэлт бүтээгдэхүүний үр дүн тодорхойгүй болохыг онцолж, “Өөхний эсүүд ид шидийн мэт алга болох боломжгүй бөгөөд хоол боловсруулалтыг дэмжиж, илчлэгийн хэмжээ, идэх дуршлаа багасган хасах боломжтой… Өөх шатаана гэх бэлдмэлүүд Хүнс,эмийн хяналтын агентлагт хянуулж, зөвшөөрөл авдаггүй учир юу агуулагдаж байгааг тэр бүрчлэн мэдэх боломжгүй. Үр дүнтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд зарим тохиолдолд эрүүл мэндэд эрсдэлтэй байж болзошгүй” хэмээн тайлбарлажээ. Мөн хоол зүйч Мелисса Маттео ”Жинг багасгах ид шидтэй бэлдмэл гэж байхгүй. Хяналтад орж, зөвшөөрөл авах шаардлагагүй учир үр дүн нь мэдэгдэхгүй” хэмээн ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд Клиникийн сайтад тайлбарласан.
Шалгасан мэдээлэлд “хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийх шаардлагагүй, дахин таргалахгүй” гэж онцолсон. Гэвч энэ нь тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр юм. АНУ-ын Холбооны худалдааны комиссоос зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй тухай анхааруулж, тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны мэдээллийг хүргэжээ. Үүнд:
- Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасна (Худал)
- Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахин таргалахгүй
- Богино хугацаанд их жин хасна
- Хүн болгонд тохирно
- Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн тайлбарласан.
Мөн AMS Slim бүтээгдэхүүн борлуулж буй Вьетнам сайтыг шалгахад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч компани, бүтээгдэхүүнтэй холбоотой судалгаа шинжилгээ, гэрчилгээний мэдээлэл огт байхгүй байна
Хаяг шалгах
AMS Slim-Эрүүл жин хасалт хуудас нь нийт 8,500 гаруй дагагчтай, ихэвчлэн хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг нийтэлдэг аж. Пэйжийн ил тод байдлын хэсгийг (Page Transparency) шалгахад 2024 оны 07 дугаар сарын 18-нд “Zextra Sure in Mongolia” нэртэй нээгдсэн ба Вьетнам улсаас 15 админ удирдаж байна. 2026 оны 07 дугаар сарын 08-нд нэрээ өөрчилж AMS Slim гэх тураах бүтээгдэхүүн сурталчилж эхэлжээ. Бид өмнөх ““Үе мөчний өвчнийг бүрэн арилгана” гэх баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, худалдаалах нэрийдлээр залилан хийж байна” баримт шалгалтаараа Zextra Sure гэх бүтээгдэхүүнийг шалгаж, хуурамч болохыг мэдээлж байсан. Үүнээс харахад эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн сурталчилдаг байсан Вьетнамаас удирдлагатай хуудаснаас дахин үр нөлөө нь тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна.

Мөн тус хаягт нийтэлсэн гэрчилгээ, сертификатын мэдээлэлд “Монгол улсын Эрүүл мэндийн яамны аюулгүй байдлын гэрчилгээ” гэж бичсэн боловч Вьетнам хэл дээрх гэрчилгээг зургаар оруулээ. Постод харуулсан гэрчилгээ бүр дээрх албан байгууллага, үйлдвэрлэгчийн нэр өөр байгаа нь хуурамч, аль эсвэл өөр компанийн гэрчилгээг хуулбарласан байж болзошгүй юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг “хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тодорхой хэлбэр, тунгаар хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай, тарилгаас бусад хэлбэрийн бүтээгдэхүүнийг” хэмээн тайлбарласан байдаг. AMS Slim бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний ангилалд хамаарах юм. Гэвч Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд тус бүтээгдэхүүн огт бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, бүртгэл, зөвшөөрөлгүй бүтээгдэхүүнийг ЭМЯ-аас зөвшөөрсөн гэж сурталчилжээ.
Дүгнэлт
Эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн сурталчилдаг байсан Вьетнамаас удирдлагатай хуудаснаас дахин үр нөлөө нь тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаагүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Ингэхдээ тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг “хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийхгүй, дахин таргалахгүй” гэх сурталчилгааны арга ашиглажээ. AMS slim нь Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн юм.




