Search

Ц.Элбэгдоржийг хүн худалдаалах хэргээр бус, авлигын хэргийг сэргээн яллагдагчаар татсан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1988

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татжээ… хүүхдүүд байхгүй л гэсэн үг байх даа. Би хэлээд байсан шүү дээ, Эпштейнд өгчихөж гэж…” гэх мэтээр уйлж ярьсан бичлэг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж байсан авлигын гэмт хэргийг хилээр гарч явсан тул түдгэлзүүлсэн бөгөөд эргэн ирэхэд нь НПГ-ын 07 дугаар сарын 9-ны тогтоолоор сэргээн шалгаж эхэлсэн байна. Харин үүнийг “хүн худалдаалах” гэмт хэрэгт холбоотой мэтээр “хүүхдүүд байхгүй, Эпштейнд өгчихөж” гэх мэтээр гуйвуулан ярьж, ташаа мэдээлэл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 27-нд Huslen Bataa хаягаас “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татжээ… хүүхдүүд байхгүй л гэсэн үг байх даа. Би хэлээд байсан шүү дээ, Эпштейнд өгчихөж гэж…” гэх мэтээр уйлж ярьсан бичлэг түгээжээ. Тус бичлэгт 657 сэтгэгдэл үлдээж, 810 удаа цааш түгээсэн байна. Энэ хаягаас өмнө нь “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өргөж авсан хүүхдүүдээ Эпштейнд өгч идүүлсэн” гэх агуулгатай зүйл ярьж түгээдэг байсан.

Хүн худалдаалах зүйл ангиар бус авлигын хэргийн зүйлчлэлээр Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татсан

07 дугаар сарын 27-нд АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодруулахад,

  • “07 дугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн Прокурорын Газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг холбогдуулан шалгаж байсан Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйл ангиар үүсгэсэн хэргийг сэргээн шалгах тогтоол ирүүлсэн. 2024 онд түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шалгаж байсан ч хилээр гарч явсан тул хуулийн дагуу хэргийг түдгэлзүүлсэн байсан. Харин эх орондоо эргэн ирсэнтэй холбогдуулан уг хэргийг сэргээн шалгаж байна” гэсэн юм.
  • Эрүүгийн хуулийн 22-р бүлэг нь Авлигын гэмт хэргийн тухай бөгөөд 22.1 нь Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 нь Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хамруулдаг.
  • Шалгасан мэдээллийн “хүүхдүүд байхгүй гэсэн үг, Эпштейнд өгчихөж” гэх яриатай холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл энэхүү сэргээн шалгаж буй хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа болохоос хүн худалдаадах (13.1) зүйл ангиар зүйлчлээгүй.

Сэргээн шалгасан хэргийн тухай

2024 оны 04 дүгээр сарын 25-нд цагдаагийн байгууллагаас “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгсөн. Тус хурлын үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн байгаа” гэж мэдээлж байсан.

Хэвлэлийн хурлын үеэр дэлгэж үзүүлсэн баримтууд. Эх сурвалж: ikon.mn

Үүнээс өмнө буюу 2019 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж X хаягаараа “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван Толгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” гэж жиргэж байжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн X хаяг

Түүнийг холбогдуулсан эрүүгийн гэмт хэргийн хяналт шалгалтын талаарх нээлттэй мэдээлэлд авлига, албан тушаалын хэргүүдийн тухай дурдсан бөгөөд гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байна.

Хэргийг түдгэлзүүлэх ба сэргээн шалгах үндэслэл

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль-д зааснаар яллагдагч хилээр гарч явсан үйлдэл нь “Яллагдагч оргон зайлсан” гэх үндэслэлд хамаарч хэргийг түдгэлзүүлэх хууль зүйн шалтгаан болдог. Тус хуулийн

31.14 дүгээр зүйл.Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх

1.Прокурор нь мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл дараахь тохиолдолд мөрдөн байцаалтыг түдгэлзүүлнэ:

  • 1.1.сэтгэцийн, эсхүл хүнд өвчнөөр өвчилсний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол;
  • 1.2.яллагдагч оргон зайлсан бол;
  • 1.3.яллагдагчийн гадаад улсын болон олон улсын байгууллагын дипломат дархан эрхийг хязгаарлаагүй, эсхүл яллагдагчийн хуульд заасан халдашгүй байдлыг түдгэлзүүлээгүй бол.
  • 1.4.гадаад улсад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт хүргүүлсэн бол.

5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл арилсан, эсхүл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөн байцаалтыг сэргээх тухай прокурор тогтоол гаргана” гэж заасан байна.

Дүгнэхэд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж байсан авлигын гэмт хэргийг хилээр гарч явсан тул түдгэлзүүлсэн бөгөөд эргэн ирэхэд нь НПГ-ын 07 дугаар сарын 9-ны тогтоолоор сэргээн шалгаж эхэлсэн байна. Харин үүнийг “хүн худалдаалах” гэмт хэрэгт холбоотой мэтээр “хүүхдүүд байхгүй, Эпштейнд өгчихөж” гэх мэтээр гуйвуулан ташаа мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татжээ… хүүхдүүд байхгүй л гэсэн үг байх даа. Би хэлээд байсан шүү дээ, Эпштейнд өгчихөж гэж…” гэх мэтээр уйлж ярьсан бичлэг түгээжээ

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document