2026 оны 06 дугаар сарын 28-нд MI Choice нэртэй хуудаснаас “хөлийн өргөссөн судас эмчлэгч наалт” гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус пост 672 реакц, 643 сэтгэгдэл авч, 385 удаа цааш түгээгджээ.
Бичлэгт, “Хэрэв та ч бас өргөссөн судас, хаван, хүнд мэдрэмжээсээ болж шаналж байгаа бол туршаад үзээрэй. Энэ varicose viens өргөссөн судас эмчлэх наалт нь таны судасны хананд наалдсан бохирдлыг гадагшлуулснаар судсан доторх бөөгнөрөлийг задалж таньд үүссэн тавгүй мэдрэмжээс салахад тусална. Хэрэглэхэд маш амархан, асуудалтай хэсэгтээ наагаад л хөлнийхөө эрүүл мэндийг авраарай…” гэжээ.
FACTCHECK:
Шалгасан мэдээлэлд дурдсан судасны бүдүүрлийн эсрэг тосны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайлаа. Хайлтын үр дүнд Amazon, ebay зэрэг онлайн худалдааны сайтад борлуулагдаж буй илэрцүүд гарч ирлээ.
Түүнчлэн олон улсын худалдааны сайтуудад уг бүтээгдэхүүн өөр өөр брэндийн нэрээр худалдаалагдаж байгаа нь ажиглагдсан бөгөөд үйлдвэрлэгч компанийн талаарх тодорхой мэдээлэл байхгүй байна.
Шалгаж буй бичлэгт сурталчилж буй наалтны зүүн дээр буланд “QHUG эсвэл QiHUG” гэж харагдаж байгаа боловч ийм нэр, логотой компанийн мэдээлэл мөн олдсонгүй.

Судасны бүдүүрэл гэж юу вэ?
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны сайтад судасны бүдүүрлийг судасны дотор байрлах жижиг хавхлагуудын үйл ажиллагаа алдагдсанаас үүдэн үүсдэг хэмээн тайлбарлажээ. Тухайлбал, эрүүл судсаар цус зүрх рүү чөлөөтэй урсах ба цусны урсгал буцаж урсахаас сэргийлж судасны хавхлагууд нээгдэж, хаагдаж байдаг. Харин хавхлаг гэмтсэн тохиолдолд цус чөлөөтэй урсаж чадахгүй хурж, улмаар судас өргөсөж бүдүүрдэг байна. Мөн судасны бүдүүрлийн үед дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй гэж мэдээлжээ. Үүнд:
- Судас товойсон хэсгийн арьс хуурайших
- Хөл янгинах, хүнд оргих
- Шагай орчмоор хавдах
- Хөл халуун оргих
- Шөнө шөрмөс татах
Наалтаар өргөссөн судас буюу судасны бүдүүрлийг эмчлэх боломжгүй
АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Center for Vein Restoration судасны өвчний оношилгоо, эмчилгээний эмнэлгийн албан ёсны сайтад “ургамлын гаралтай эмчилгээний наалтыг судасны (варикоз) өргөсөлтөөс үүдэлтэй үрэвсэл, өвдөлтийг намдааж, тайвшруулна гэж сурталчилдаг. Харамсалтай нь, ургамлын наалт болон тос, түрхлэгүүд нь варикоз судасны өргөсөлтийг эмчилдэггүй” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн энэ төрлийн наалт нь арьсыг харахад бага зэрэг дээрдүүлж байгаа мэт санагдавч варикозын үндсэн шалтгаан болох цусыг буруу тийш сөрж урсахад хүргэдэг судасны хавхлагын гэмтлийг огт эмчилдэггүй” хэмээн мэдээлжээ.
АНУ-ын Cleveland clinic төвөөс судасны бүдүүрлээс баттай урьдчилан сэргийлэх эсвэл бүрэн эдгээх арга одоогоор байхгүйг онцолжээ. Харин судасны бүдүүрлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмчилгээнд дараах зөвлөмжийг өгдөг байна.
- Хэт удаан зогсохгүй байх
- Амарч байх үедээ хөлөө бүсэлхийнээс дээш түвшинд өргөснөөр цусны урсгалыг сайжруулна
- Жингээ барь. Жингийн илүүдэл нь судасны бүдүүрэл үүсэх суурь шалтгааны нэг болдог
- Тамхинаас татгалз. Тамхи татсанаар судсыг гэмтээж, цусны урсгалыг сааруулдаг
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвш
- Судасны бүдүүрлээ сэргийлэх зориулалтын оймс, дотуур өмд өмсөх
Бид судасны бүдүүрэл эмчилнэ хэмээн цахим орчинд сурталчилж буй тос, цацлага зэрэг бүтээгдэхүүнийг баримтаар шалгаж төөрөгдүүлсэн, худал мэдээлэл болохыг энд, энд мэдээлж байсан.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, судасны мэргэжилтнүүд ургамлын наалт болон тос, түрхлэгүүд нь варикоз буюу судасны өргөсөлтийг эмчилдэггүй болохыг анхааруулсан байна. Мөн мэргэжлийн эмчид хандалгүйгээр судас бүдүүрлийн эсрэг аливаа наалт болон тос хэрэглэх нь оношилгоо, эмчилгээг хойшлуулах эрсдэлтэй.




