2026 оны 06 дугаар сарын 12-нд Batchuluun Natsagdorj Facebook хаягаас “Эмч нар хүүхдүүддээ ХПВ вакцин огт хийлгэдэггүй” гэсэн гарчигтай пост нийтэлжээ. Уг постыг нийт 329 реакци, 48 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 577 удаа хуваалцсан байна. Мөн постодоо Японы, Хирошима хотын эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Фүживара Цүгүог дурдаж, “Эмч нараас би “Та ХПВ-ын вакцин тариулсан, эсвэл үгүй” талаарх судалгаа авахад тэдний 97-98% нь “Ажлын шаардлага, шахалтаар 1-2 удаа тариулж байсан” хэмээн хариулсан. Мөн энэхүү умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх вакциныг охидууддаа тариулах уу хэмээн тэднээс асуухад 0% буюу хэн нь ч хүүхдэдээ хийлгэхгүй гэдэг хариултыг өгсөн. Манайд энэ вакциныг хуульчлаад, товлолт болгочихсон, сургууль дээр 5, 6-р ангийн эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд хүчээр хийх гээд чичрээд байдаг. 9, 10 сараас хичээл орохоор дахиад л улаан бурхан, ХПВ вакцин хийнэ гэж улайрах байх даа” гэсэн тайлбар оруулсан байна.
FACTCHECK:
Зургаар хайх
Зураг дээр гарч буй хүнийг Фүживара но Шосей (Fujiwara no Shōsei) гэдэг бөгөөд Фүжихара эмэгтэйчүүдийн эмнэлэгт зөвлөхөөр ажиллаж байгаад эмнэлгийн сайтын мэдээлснээр 2026 оны 03 дугаар сард тэтгэвэрт гарсан байна. Зурагт харагдаж буй ярилцлагыг FUJIE2 Youtube сайтад 2 хуваан оруулжээ.

Ярилцлагын зураглалыг бүхлээр нь харахад дараах мэдээлэл гарч ирсэн. Бичлэгт гарч буй ярилцлага нь 2025 онд Япон улсад үзэгчдийн хүртээл болсон “WHO?” баримтат киноны нээлтийн дараах ярилцлагын хэсэг юм. Фүживара но Шосей нь энэхүү бүтээлд ажилласныг киноны албан ёсны сайтаас харж болно.
Киноны тухай
“WHO?” кино нь Япон улсын найруулагч Юсэй Нарусэйн бүтээл бөгөөд 2025 оны 08 дугаар сард дэлгэцнээ гарсан. Тухайн кинонд Ковид-19 цар тахлын үеийн засгийн газраас зарласан вакцин болон ДЭМБ-ын шийдвэрийг хурц шүүмжилсэн иргэдийн жагсаалыг харуулжээ. Мөн жагсагчидтай хийсэн ярилцлагаар тэд яагаад эсэргүүцсэн, ямар асуудал хөндсөнийг онцолсон байна.
Харин баримтат киноны дараах ярилцлагын үеэр Фүживара но Шосей нь эмчийн ёс суртахуун болон вакцины үр нөлөөний талаар үзэл бодлоо хуваалцахдаа “ХПВ вакциныг урьдчилан сэргийлнэ гэдэгт бүрэн итгэдэггүй учир хийдэггүй” гэдгийг нэмж хэлсэн байна.

Тэрээр яриандаа “Та ХПВ-ын вакцин тариулсан, эсвэл үгүй” талаарх судалгаа авахад тэдний 97-98% нь “Ажлын шаардлага, шахалтаар 1-2 удаа тариулж байсан. Гэтэл энэхүү умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх вакциныг охидууддаа тариулах уу хэмээн тэднээс асуухад 0% буюу хэн нь ч хүүхдэдээ хийлгэхгүй“ гэх агуулгатай мэдээлэл өгсөн байна. Уг агуулгатай ойролцоо утгаар буюу “ХПВ-ийн эсрэг вакцинд япончуудын хандах хандлага” гэх түлхүүр үгээр хайхад Осака их сургуулийн анагаах ухааны судлаач Эмико Окагийн 2022 онд гаргасан Япон улсын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын ХПВ вакцинтай холбоотой үйлдэл, хандлагын талаарх долоо дахь жилийн давтан судалгаа илэрсэн. Судалгаанд оролцсон эмч нарын 43.5% нь вакцинжуулах программ зогссоны дараа ч охиддоо ХПВ вакцин хийлгэсэн ба 84.8% нь дунд сургуульд ороод ХПВ-ын эсрэг вакцин хийлгэхээр төлөвлөсөн гэсэн үр дүн гаржээ.
Зурагт харагдаж буй эмч нь худал мэдээлэл түгээсэн байна.
Япон улс дахь вакцины нөхцөл байдал
Oxford их сургуулиас 2023 онд гаргасан “Анагаах ухааны олон улсын сэтгүүл”-д Япон улсын анагаах ухааны сургуулиудын судлаачид хамтран нийтлэл гаргажээ. Тухайн нийтлэлд Япон улс дахь ХПВ вакцины нөхцөл байдлыг тайлбарласан байна:
ХПВ вакциныг Япон улсад 2010 онд хийж эхэлсэн ч 2013 оноос эхэлж хэвлэл мэдээллээр вакцины сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл цацагдсан. Үүнээс болж Япон улс вакцинжуулах программаа түр хугацаанд зогсоосон байна. Вакцины сөрөг нөлөөллийн талаарх мэдээллээс хойш иргэдийн вакцинд итгэх итгэл огцом багассан ба нийт иргэдийн вакцинжуулалтын хувь 70%-аас 1% хүртэл буурчээ. Вакцин хийлгэхээс татгалздаг шалтгаануудыг дурдвал:
- Умайн хүзүүний хавдар, вакцины буруу ойлголт,
- Нийгмийн хүрээнд цоллуулах, “шившиг” болох айдас,
- ХПВ-ийн эсрэг вакцины аюулгүй байдалд санаа зовох гэх мэт.
Вакцинжуулах программ зогссон 9 жилийн хугацаанд умайн хүзүүний хорт хавдрын түвшин 100’000 хүн тутам 50-54 тохиолдол, хавдраар нас барсан хүний тоо 100’000 хүн тутам 4.1-4.8 болж өмнөх жилүүдээс өссөн гэдгийг Япон улсын хавдрын мэдээллийн сайтын статистикт оруулсан байна.
Харин тухайн жилүүдэд ХПВ-ийн эсрэг вакцинжуулалт хэрэгжүүлж байсан улсуудын нөхцөл байдлыг дурдвал:
- Их Британи улсад умайн хүзүүний хавдрын тоо 100’000 хүн тутам 10-9.3 тохиолдол, нас баралтын түвшин 3-2.5,
- АНУ улсад умайн хүзүүний хавдрын тоо 100’000 хүн тутам 6.7-6.3 тохиолдол, нас баралтын түвшин 2.3-2.1 хүнд тохиолдож байсан.
- БНСУ-ын хувьд 1999-2022 он хүртэл умайн хүзүүний хавдрын тоо 100’000 хүн тутам 8.6-3.9 тохиолдол, нас баралтын түвшин 1.4-0.7 болж буурсан байна.
Энэхүү үзүүлэлтээс харвал, япончуудын вакцинд үл итгэх хандлага нь хуурамч мэдээллээс үүдэлтэй нийгмийн асуудал болон хувирч, иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан байна.
Иймд, 2022 оноос Японы засгийн газар дархлаажуулах хөтөлбөрийг дахин эхлүүлж, 12-16 настай охид болон вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдийг нөхөн хамруулах болсон байна.

2021 онд Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “ХПВ вакцины аюулгүй байдалд онцгой шинэ эрсдэл илрээгүй” гэдгийг зарлаж 2013 оны вакцинжуулалтыг зогсоосон тушаалыг цуцалсан.
2024 оны 09 дүгээр сар гэхэд ХПВ вирусийн анхан шатны тунд хамрагдсан/нөхөн хамрагдсан иргэдийн тоо 34.5%-аас 86.9% болж өссөн гэдгийг 2024 оны 12 дугаар сард Япон улсын “The Mainichi” сонинд нийтэлсэн.
Япон улсын хорт хавдрын нийгэмлэгийн мэдээлж байгаагаар 2025 оны судалгааны үр дүнд дунд сургуулийн хүүхдүүдийн ХПВ вакцины талаарх мэдлэг мэдээлэл нэмэгдсээр байгаа бөгөөд 2026 оны 05 дугаар сарын байдлаар 41.6% нь хамрагдсан байна.
Засгийн газраас ХПВ-ын эсрэг вакцины аюулгүй байдлын баталгаа болон дархлаажуулах аяныг хөхүүлэн дэмжсэний үр дүнд Япон улсын иргэдийн дунд вакциныг хүлээн зөвшөөрөх хандлага өсөж байна.
Шалгасан мэдээлэлд харагдаж буй Фүживара но Шосей гэх хүн нь ХПВ вакцинд итгэдэггүй хүмүүсийн нэг гэдгээ ярилцлагын явцад илэрхийлж байсан ба ярьсан зүйлс нь Японы болон олон улсын судалгааны үр дүнтэй нийцэхгүй байна.
Фүживара но Шосей нь шинжлэх ухааны бус хувийн үзэл бодлыг хуурамч мэдээллээр дэлгэрүүлж илэрхийлсэн. Bachuluun Natsagdorj хаяг нь энэхүү мэдээллийг түгээхдээ зөвхөн нэг хүний үзэл бодлыг нийт улсын үр дүн мэтээр дүрсэлж төөрөгдүүлсэн байна.
ХПВ вакцин гэж юу вэ?
Ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд эмнэлгийн сайтад ХПВ вакцин гэдэг нь “Хүний папиллома вирус”-аас хүний биеийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, дархлаа тогтоох үйлчилгээтэй вакцин юм. Үүнийг хамгийн өндөр дархлаа тогтох 11-12 насны хүүхдүүдэд хийж эхлэх зориулалттай. Мөн дараа шатны тунгуудыг насанд хүрсэн хойно хийх заалттай байдаг.
Our world in data сайтад харуулж байгаагаар 2024 оны байдлаар Монгол улсаас гадна Япон, Солонгос, Герман, Швед, Австрали гэх мэт улсууд ХПВ вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрт тусгаж өгчээ.
Монгол улсын заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолд ХПВ вакцинд 11 настай хүүхдүүдийг хамруулах заалттай байна.

Дүгнэлт
Дүгнэн хэлэхэд, вакцин эсэргүүцэгч эмчийн хуурамч мэдээлэлд үндэслэн түгээсэн яриаг Японы нийт эмчийн үзэл бодол мэтээр түгээжээ. Осака их сургуулийн анагаах ухааны судлаач Эмико Окагийн хийсэн судалгаанд хамрагдсан 340 гаруй эмчийн 43.5% нь вакцинжуулах программ зогссоны дараа ч охиддоо ХПВ вакцин хийлгэсэн ба 84.8% нь дунд сургуульд ороод ХПВ-ын эсрэг вакцин хийлгэхээр төлөвлөсөн гэсэн үр дүн гарчээ.





