Search

Монгол орны ундны усан дахь ураны судалгааны үр дүнг гуйвуулан түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1985

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хэн ураныг ундны усанд тараасан тэд бүгд цаазын ялтай. Уран бүх ундны усанд тархсаныг судалжээ” гэсэн тайлбар бүхий зурагтай пост  түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд “хэн нэг хүн ундны усанд уран хийж хордуулж байгаа” мэт ойлголт өгсөн нь дээрх судалгааг гуйвуулсан мэдээлэл юм. Учир нь “Монгол орны ундны усны ураны судалгаа” нь байгальд анхнаасаа оршин байсан ураны усан дахь агууламжийг судалж гаргаж ирсэн. Ингэснээр хүмүүс унданд ашиглах боломжтой аюулгүй эх үүсвэрийг тогтоох, шинжилгээ, мониторинг хийх цаашлаад ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх зэргийг дэвшүүлснээрээ ач холбогдолтой юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Bataa Batsuh нэртэй Facebook хаягаас “Хэн ураныг ундны усанд тараасан тэд бүгд цаазын ялтай. Уран бүх ундны усанд тархсаныг судалжээ” гэсэн тайлбар бүхий зурагтай пост (архивласан хувилбар) түгээжээ. Уг пост 778 реакц, 85 сэтгэгдлээр идэвхжүүлж, 256 удаа цааш түгээжээ.

2012-2021 онд Монгол орны ундны усан дахь ураны агууламжийг монгол эрдэмтэд анх удаа судалж, уг судалгааны үр дүнг 2022 онд нийтэлж байжээ. Судалгааг МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, доктор, Гавьяат багш Х.Цоохүү, Цөмийн энергийн газрын дарга асан, доктор Н.Тэгшбаяр нар хамтран гүйцэтгэжээ. Уг бүтээлд 2026 оны 07 дугаар сарын 06-нд Төрийн шагнал хүртээсэн юм.

Эх сурвалж: journal.num.edu.mn

Судалгаагаар Улаанбаатар хот болон 21 аймгийн 298 сумын төвийн худгийн усны 1000 орчим дээжид цацраг идэвхт элемент ураны агуулгыг тодорхойлоход Монгол Улсын хэмжээнд ундны усан дахь ураны дундаж агууламж 14 мкг/л гэж тогтоогдсон байна. Харин доорх хүснэгтэд харуулснаар Улаанбаатар хот болон 17 аймгийн нийт 114 худаг 30 мкг/л-ээс дээш ураны агуулгатай хэмээн дүгнэжээ.

  • 2012 онд гаргасан “Ундны усны чанарын талаарх ДЭМБ-ын удирдамжийг боловсруулахад зориулсан суурь баримт бичиг”-т ундны усанд уран агуулах зөвшөөрөгдөх түвшинг нэг литрт 30 мкг/л гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 1000 орчим худгийн ойролцоогоор 11 хувь буюу 10 худгийн нэг орчимд ДЭМБ-ын ундны усны удирдамжид дурдсан 30 мкг/л-ийн утгаас өндөр агууламж илэрсэн байна. Энэ нь Монгол орны бүх ундны ус ураны өндөр агууламжтай гэсэн үг биш бөгөөд зөвхөн судалгаанд хамрагдсан худгуудын хэмжилтийн үр дүн юм.

Эх сурвалж: Монгол орны ундны усны ураны судалгаа

Дорноговь, Сүхбаатар, Дундговь зэрэг ураны нөөц тогтоогдсон аймгуудын усан дахь ураны агууламж өндөр гарсан нь байгалийн нөөцтэй холбоотойг харуулж байна.

Монгол Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнд:

  1. Дорноговь аймагт
    • Дулаан-Уул(18916),
    • Зөөвч-Овоо(18915),
    • Өмнөт (18914) гэсэн гурван газарт ашиглалтын лиценз “Бадрах энержи” ХХК эзэмшиж байна.
  2. Сүхбаатар аймагт хайгуулын нэг лиценз (22810) “Монгол ураниум ресурс” ХХК эзэмшиж байна.
  3. Дундговь аймагт ашиглалтын нэг(22849), хайгуулын нэг (12685) лиценз “Алкалли метал Монголиа” ХХК эзэмшиж байна.
  4. Дорнод аймагт гурван лиценз олгосноос ашиглалтын хоёр, хайгуулын нэг зөвшөөрөл байна. Үүнд:
    • 247 дугаартай ашиглалтын лицензийг “Шинь Шинь” ХХК,
    • 13555 дугаартай ашиглалтын лицензийг “Хунбөө” ХХК,
    • 3367 дугаартай хайгуулын лицензийг “Адамасмайнинг” ХХК тус тус эзэмшиж байгааг бүртгэжээ.

Ураны нөөцтэй улсуудад ч усан дахь ураны агууламжийг тодорхойлох судалгаа хийдэг

Тухайлбал, 2021 онд нийтлэгдсэн “Ундны усан дахь ураны агууламжийн үнэлгээ: Казахстаны Павлодар мужид хийсэн тохиолдлын судалгаа” гарчигтай судалгаагаар зарим дүүргүүдийн дундаж 7.7–51.4 мкг/л хооронд байгааг тогтоож, нийт нутаг дэвсгэрийн усанд байгалийн гаралтай уран хэвийн хэмжээнд байна хэмээн дүгнэж байжээ.

Түүнчлэн 2023 онд ScienceDirect судалгааны санд нийтлэгдсэн “Байгалийн ус ба орчин дахь уран: Түүний тархалт, хэлбэржилт ба нөлөөлөл” гарчигтай томоохон хэмжээний судалгаанд “уран нь цэнгэг болон далайн ус, эрдэс бодис, чулуулаг, хөрсөн дэх тархалт нь сайн судлагдсан элемент боловч химийн урвалд орох чадвар, хүрээлэн буй орчны нөхцөлөөс хамааран агууламж нь ихээхэн өөрчлөгдөж болдог. Үүний нэг жишээ нь зарим бүс нутгийн ундны усанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) тогтоосон 30 мкг/л-ийн түр зөвлөмжит дээд хэмжээнээс давсан ураны агууламж илэрсэн тохиолдлууд юм” гэжээ.

Мөн гадаргын усанд ураны агууламж зарим тохиолдолд өндөр байж болох ч газрын доорх усанд илүү өндөр агууламжтай байх нь түгээмэл үзэгдэл болохыг онцолжээ. Ялангуяа ураны эрдэсжилттэй бүс нутагт энэ үзэгдэл илүү ажиглагддаг. Хэдийгээр олон улсад хийгдээд буй судалгаануудад тухайн усны эх үүсвэрийг ундны зориулалтаар ашигладаг эсэх, түүврийн төлөөлөх чадварыг бүрэн баталгаажуулаагүй ч зарим хэмжилтүүд зөвлөмжит дээд хэмжээнээс мэдэгдэхүйц давсан үзүүлэлттэй гарсан байна. Гэсэн хэдий ч ижил бүс нутагт ураны агууламж багатай, аюулгүй усны эх үүсвэрүүд мөн байдаг тул аюулгүй ундны усыг тогтоохын тулд нэмэлт судалгаа, шинжилгээ шаардлагатай хэмээн тус судалгаанд онцолжээ.

Монгол орны ундны усны ураны судалгаанд ч мөн “газрын гүний ус нь уулын чулуулгуудтай харилцан үйлчлэлцэх явцдаа төрөл бүрийн эрдэс, минерал, түүний дотор ураны исэл, давсыг уусган авдаг. Иймээс усанд уран илэрч байгаа нь,

  • нэгдүгээрт, тухайн газар нутагт ураны ямар орд, илрэл байгаа болон тэдгээр нь газрын гадаргаас ямар гүнд оршиж буй,
  • хоёрдугаарт, гүний усны урсгалын чиглэл,
  • гуравдугаарт, усны дээж авсан цэг ураны орд, илрэлээс хэр хол байрлаж буй зэрэг мэдээллийг тандах боломжийг олгодог. Ийм нарийвчилсан судалгаа явуулахын тулд дээж авалтын статистикийг сайжруулах, цаг хугацааны хувьд улирлын ялгаатай үед дээж авах, тодорхой зорилго, таамаглалд үндэслэн дээж авах цэгийг сонгох, шаардлагатай тохиолдолд гүний өрөмдлөг хийж янз бүрийн гүнээс усны дээж авах зэрэг нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай” хэмээн дүгнэжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан Ундны усны чанарын удирдамж30 мкг/л-ээс бага агууламжтай ундны ус хэрэглэсэн тохиолдолд тодорхой сөрөг нөлөө ажиглагдсан судалгаа одоогоог байхгүйг онцолжээ.

Мөн дээр дурдсан ScienceDirect судалгааны санд нийтлэгдсэн “Байгалийн ус ба орчин дахь уран: Түүний тархалт, хэлбэржилт ба нөлөөлөл” судалгаанд ундны усан дахь ураны өндөр агууламжтай бүс нутагт бүх худгийг бус, унданд ашиглах боломжтой аюулгүй эх үүсвэрийг тогтоохын тулд системтэй шинжилгээ, мониторинг хийх шаардлагатай гэж онцолжээ. Бусад эрдэм шинжилгээний судалгаануудын зөвлөмжөөс үзэхэд ураны агууламж өндөр илэрсэн бүс нутагт шаардлагатай тохиолдолд өөр усны эх үүсвэр ашиглах эсвэл ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлэхийг зөвлөдөг байна.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, гадаргын усанд ураны агууламж зарим тохиолдолд өндөр байж болох ч газрын доорх усанд илүү өндөр агууламжтай байх нь түгээмэл үзэгдэл болохыг судалгаануудад онцолсон байна. Ялангуяа ураны эрдэсжилттэй бүс нутагт энэ үзэгдэл илүү ажиглагддаг.

Шалгасан мэдээлэлд “хэн нэг хүн ундны усанд уран хийж хордуулж байгаа” мэт ойлголт өгсөн нь дээрх судалгааг гуйвуулсан мэдээлэл юм. Учир нь “Монгол орны ундны усны ураны судалгаа” нь байгальд анхнаасаа оршин байсан ураны усан дахь агууламжийг судалж гаргаж ирсэн. Ингэснээр хүмүүс унданд ашиглах боломжтой аюулгүй эх үүсвэрийг тогтоох, шинжилгээ, мониторинг хийх цаашлаад ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх зэргийг дэвшүүлснээрээ ач холбогдолтой юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хэн ураныг ундны усанд тараасан тэд бүгд цаазын ялтай. Уран бүх ундны усанд тархсаныг судалжээ” гэсэн тайлбар бүхий зурагтай пост  түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document