2026 оны 07 дугаар сарын 27-нд Delgermaa Beckbat нэртэй хаягаас “Зеленскийн эхнэр Олена Зеленска Францад музей дээрэмдэхэд хулгайлагдсан, одоог хүртэл олдоогүй байгаа зүүлттэй маш адилхан хүзүүний зүүлт зүүсэн зургаа авхуулжээ…” гэх тайлбартайгаар Украины Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай болон соно хэлбэрийн зүүлтийн зураг нийтэлжээ. Тус постыг нийт 279 реакц, 36 сэтгэгдлээр идэвхжүүлж, 46 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан мэдээлэлд хавсаргасан Украины Ерөнхийлөгч Зеленский, эхнэр Олена Зеленскагийн зургийг Google Lens хайлтын системээр хайхад 07 дугаар сард Парис хотод болсон дээд хэмжээний уулзалтад ирж буй зураг бичлэг илэрлээ. Тодруулбал, 2026 оны 07 дугаар сарын 13-нд Парисын Елисейн ордонд болсон “Хүсэл зоригоо нэгтгэгчдийн эвсэл” чуулганы хүндэтгэлийн зоогт оролцохоор ирж буй үеийн зураг юм.
Тус чуулганы тухай сурвалжилсан AP, Reuters агентлагийн мэдээ, бичлэгт Украины тэргүүн хатагтай зүүлт зүүгээгүй байна.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн StopFake баримт шалгах төвөөс уг зургийг нягталж, Оросоос түгээсэн эвлүүлэг, хуурамч мэдээлэл болохыг мэдээлсэн.
Дээрх эвлүүлсэн зургийг 2026 оны 07 дугаар сарын 23-аас эхлэн Оросын телеграм сувгуудаар түгээсэн. Тодруулбал, 2026 оны 07 дугаар сарын 23-ны 21 цагт @golosmordora телеграм сувагт “Лаликийн музейгээс хулгайлагдсан зүүлт Зеленскагийн хүзүүнээс олджээ” гарчигтай мэдээлэл түгээхдээ BBC агентлагаас бэлтгэн гаргасан мэдээ мэт бичлэг хавсаргажээ. Үүний дараа @OstashkoNews, @ASGasparyan, @sheyhtamir1974, @voina_belgorod_novosti, @ria_novosti_russiya зэрэг телеграм сувагт ижил мэдээллийг хуулбарлан түгээжээ. Доорх зурагт телеграм сувгаас түгээсэн хуурамч мэдээллийн жишээг харууллаа.
BBC агентлагийн вэбсайт болон албан ёсны Youtube сувгийг шалгахад энэ төрлийн мэдээ, бичлэг огт байхгүй байна. Үүнээс харвал, Оросоос түгээсэн эвлүүлэг бүхий хуурамч мэдээллийг хуулбарлан түгээжээ.

2026 оны 07 дугаар сарын эхээр Францын Lalique музейгээс нийт 4.5 евро буюу 5.1 сая ам.долларын үнэ бүхий 27 үнэт эдлэл хулгайлагджээ. Эдгээр үнэт эдлэл дунд шалгасан мэдээлэлд харуулсан “Woman-Dragonfly with Open Wings” гэх зүүлт байсан тухай Lalique музейн Instagram хуудаст мэдээлсэн.
Дүгнэлт
Украины Ерөнхийлөгч Зеленский болон түүний гэргий Олена Зеленскагийн зурагт хүзүүний зүүлт нэмж, эвлүүлжээ. Эл хуурамч мэдээллийг Оросын хэд хэдэн телеграм сувгаас түгээсэн байна.




