2026 оны 07 дугаар сарын 23-нд Norovsuren Bor нэртэй хаягаас “ХАР МЭДЭЭ: Гадаадын цагаачдыг суурьшуулах НҮБ-ын хурал Монгол улсад болох гэж байгаа юм байна” гэх мэдээлэл түгээснийг нийт 1,300 гаруй реакц, 426 сэтгэгдлээр идэвхжүүлж, 290 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
“НҮБ-аас Монгол улсад зохиох хурал” агуулгаар хайхад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын ээлжит хурлын тухай мэдээлэл илэрлээ. Тодруулбал, 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдөр Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) -ийн талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” гэсэн уриа дор зохион байгуулна. Тус хуралд нийт 197 орны төлөөлөгч цугларах бөгөөд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай холбоотой сорилтуудыг шийдвэрлэх арга зам олох, газрыг сэргээж, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх талаар хуралдах юм.
Шалгасан мэдээлэлд “цагаачдыг суурьшуулах хурал” гэх агуулгыг дурдсан. Иймд НҮБ болон харьяа газраас зохион байгуулдаг дүрвэгч, цагаачидтай холбоотой дэлхийн хэмжээний зарим хурал, чуулганыг мэдээллийг жагсаалаа. Үүнд:
- Олон улсын шилжилт хөдөлгөөнийг хянан хэлэлцэх форум: НҮБ-ын Ерөнхий ассамблей-аас 2022 оноос эхлэн зохион байгуулсан. Цаашид 4 жил тутамд зохион байгуулагдах уг хурал нь АНУ-ын Нью Йорк хотод НҮБ-ын төв байранд болох бөгөөд Аюулгүй, эмх цэгцтэй, тогтмол шилжилт хөдөлгөөний тухай дэлхийн компакт гэрээ (GCM)-ний хэрэгжилтийн явцыг орон нутгийн, үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд хянан хэлэлцдэг байна.
- Global Refugee Forum: НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас 2019 оноос эхлэн 4 жил тутам зохион байгуулж байгаа бөгөөд 2027 онд ээлжит чуулган болох юм.
- International Dialogue on Migration: НҮБ-ын дэргэдэх Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас 2001 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй уг чуулганаар шилжилт хөдөлгөөний асуудлаар ярилцаж, санал солилцдог. Тус чуулган Швейцар болон АНУ-д зохион байгуулагддаг.
Эдгээр нь удахгүй Улаанбаатар хотноо болох COP17 хурлаас тэс өөр зорилготой үйл ажиллагаа бөгөөд Монгол улс одоогоор эх орондоо зохион байгуулах тухай хүсэлт гаргаагүй, энэ тухай мэдээлэл байхгүй.
Олон улсын том хурал, чуулганы нэршилд тухайн хурлын гол зорилго, агуулгыг тусгасан байдаг. Монгол улсад удахгүй болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17-р бага хурлаар цагаачид, дүрвэгсдийн тухай хэлэлцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, байгаль орчин, цөлжилттэй холбоотой асуудал хэлэлцэх олон улсын чуулганы зорилго, агуулгыг гуйвуулж, “цагаачдын бодлого хэлэлцэж, тухайн улс оронд суурьшуулах” тухай хурал мэтээр төөрөгдүүлжээ.
2022 оны Кот-д’Ивуар улсад болсон COP15 хурлын үеэр Монгол Улс албан ёсоор санал дэвшүүлж, оролцогч улсууд дэмжсэнээр COP 17 хурал Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар хурал Монгол улсад 08 дугаар сард болох бол Биологийн олон янз байдлын тухай конвенцын хурал 10 дугаар сард Армен улсад зохион байгуулагдах юм.
1992 онд Бразилын Рио-де Жанейро хотод болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурлын үеэр гишүүн орнууд “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC)”, “Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD)”, “НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)” гэх гурван том гэрээг байгуулсан. Тус конвенцод нэгдсэн улсууд 2 жил тутамд хурал зохион байгуулдаг бөгөөд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх агуулгыг хэлэлцдэг.
Харин шалгасан мэдээлэлд “цагаачдын бодлого хэлэлцэж, тухайн улс оронд суурьшуулах” тухай хурал мэтээр төөрөгдүүлжээ.
Дүгнэлт
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын ээлжит хурлын зорилгыг “цагаачдыг суурьшуулна” гэж гуйвуулан, төөрөгдүүлжээ. COP17 хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачигтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх агуулгыг хэлэлцэнэ.




