Search

“Х.Баттулгыг баривчлах тогтоол гарчээ” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1982

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хуулийн байгууллагаас Х.Баттулгыг баривчлах тогтоол гарсан талаар эх сурвалжууд хэлж байна” гэх тайлбартай постер оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа баривчлах буюу таслан сэргийлэх арга хэмжээ авагддаг. УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал УЕП-оос гаргаагүй, АТГ-аас мэдээллийг үгүйсгэлээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 26-нд Paparazzi.mn хуудаснаас “Хуулийн байгууллагаас Х.Баттулгыг баривчлах тогтоол гарсан талаар эх сурвалжууд хэлж байна” гэх тайлбартай постер оруулсан нь 762 реакц, 216 сэтгэгдэл авч, 35 удаа цааш түгээгдсэн байна. Уг постерт УИХ-ын гишүүн Х.Баттулгын зураг дээр “Женко Х.Баттулгыг баривчлах тогтоол гарчээ” гэсэн бичвэр оруулжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлд гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заасан.

45.1.Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокуророос түүний гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрөл хүсэж, халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх тухай санал ирүүлсэн бол гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

45.2.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ:

  • 45.2.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан;
  • 45.2.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан;
  • 45.2.3.гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.

Эдгээрээс бусад тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлэхгүй бөгөөд, баривчлах тогтоол гарах боломжгүй юм.

Хуулийн байгууллагууд үгүйсгэлээ

07 дугаар сарын 27-нд Авлигатай Тэмцэх Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодруулахад

  • “Х.Баттулга гишүүнийг баривчлах тогтоол гарсан гэх мэдээлэл худал. Хэрэв ийм шийдвэр гарсан бол хуульд зааснаар бүрэн эрхийг түдгэлзүүлж байж таслан сэргийлэх арга хэмжээ авагддаг” гэсэн юм.

Мөн УЕПГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Манай дээр ийм асуудалтай холбоотой ямар ч мэдээлэл байхгүй” гэлээ.

Дүгнэхэд, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа баривчлах буюу таслан сэргийлэх арга хэмжээ авагддаг. УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал одоогийн байдлаар УЕП-оос гаргаагүй, АТГ-аас мэдээллийг үгүйсгэлээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хуулийн байгууллагаас Х.Баттулгыг баривчлах тогтоол гарсан талаар эх сурвалжууд хэлж байна” гэх тайлбартай постер оруулсан байна.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document